Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд тэрбээр уг төслийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу гэрээнд орсон зарим заалтуудыг сайжруулах шаардлагатай гэж үзэж буйгаа онцлов. Тэрээр дараах найман асуудлыг дурдаж, засварлах шаардлагатай гэдгийг тэмдэглэв.
-
Анхны төсөлд хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлтсээр гэж байсан бол одоогийн төсөлд нүүрсний худалдаа, уурхайн хүчин чадал гэсэн нэмэлт орсон. Үүнийг анхны төсөлд заасны дагуу өөрчлөх шаардлагатай.
-
Гэрээнд хятадын "Чайна Энержи" компанитай хамтран ажиллах талаар тусгасан нь бүх хятадын компаниудыг хамруулах нөхцөлийг бүрдүүлж байгаа тул хязгаарлалт хийх шаардлагатай.
-
Нүүрсний худалдаа, уурхайн хүчин чадлын гэрээ хийгдсэний дараа төмөр замын асуудлыг хэлэлцэхээр тусгасан нь буруу. Эдгээр асуудлууд зэрэгцэн явагдах ёстой.
-
Нүүрсний үнийг уурхайн ам дээр тооцох нөхцөл орсон нь монголын талын эрх ашгийг хязгаарлах эрсдэлтэй тул шинэ нөхцөл оруулах шаардлагатай.
-
Хятадын компаниудад аж ахуйн нэгжийг арилжааны зарчмаар оролцуулах тухай заалтыг төсөлд оруулсан нь оновчгүй тул хасах шаардлагатай.
-
Хятадын сэргээгдэх эрчим хүчний компаниудыг дэмжих тухай заалт нь анхны төсөлд байгаагүй тул хасах шаардлагатай.
-
Тавантолгойн уурхайтай холбоотой хууль бус үйл ажиллагаанаас сэргийлэхийн тулд гэрээг ил тод байлгаж, нарийн асуудлуудыг тусдаа гэрээлэх нь зүйтэй.
-
Хэрэв хятадын төрийн өмчит компани болон монголын өндөр албан тушаалтан авлигын хэрэгт холбогдвол гэрээг шууд цуцлах тухай заалт оруулах шаардлагатай.
Д.Энхтүвшин гишүүн уг гэрээний хэлэлцүүлгийн явцад олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн мэдээлэл түгэж байгааг онцлон дурдав. Тэрбээр уг төслийг дэмжиж байгаа ч дээр дурдсан асуудлуудыг засч сайжруулах шаардлагатай гэдгийг тэмдэглэсэн юм.