Иргэн Б.Сарнай хувийн цахим хуудсаараа дамжуулан "Хонгилын шүүгч нарт дээрэмдүүлсэн болохоо сая мэдлээ. Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Энхцэцэг миний компанийн өмч хөрөнгөтэй холбоотой хэргийг гурван удаа шийдсэн. Шүүгчээсээ татгалзья гэсэн хүсэлт болгоныг минь авч хэрэгсдэггүй байсан. Гэтэл Б.Энхцэцэг шүүгч нь хонгилын шүүгч Б.Баасанцогтоос авилга авдаг байсан юм байна. Улмаар би 7-8 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн. Ийм шүүгчээр шийдүүлсэндээ гомдолтой байна. Иймд би Ерөнхийлөгч хүртэл тэмцэнэ" хэмээн мэдэгджээ.
Тэгвэл түүний энэхүү мэдэгдлийн мөрөөр өнөөдөр "Дархан Монгол ногоон нэгдэл" ТББ, "Нэхүүл" зэрэг иргэний нийгмийн хөдөлгөөнүүд иргэн Б.Сарнайтай нэгдэж хонгилын шүүгч нартай тэмцэхээр төрийн ордны гадны жагсаж, Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүллээ.
Энэ үеэр иргэн Б.Сарнай, “2018 онд ХУД-ийн 3-р хороонд "Плора тауэр" гэх хотхон барихаар дахин төлөвлөлтөнд хамрагдаж, барилгаа барьсны дараа Даваагийн Кёкүшюүзан Батбаяр, Б.Баясгалан, Баярмагнайн Чинбат, "Улаан" хочит Центрпойнтын Төмөрбаатар нарын хүмүүс залилан хийж дээрэмдэж авсан.
Энэ хэргээ ХУД-ийн шүүхээр шалгуулж хоёр жилийн нүүр үзлээ. Бидний эрхийг үнэхээр ноцтой зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй нотлох баримтыг гаргаж өгсөн ч хэрэгсэхгүй байсан. Гурван хэрэг гурвуулаа Б.Энхцэцэг гэх шүүгч дээр хувиарлагдсан. Залилан мэхлэлттэй холбоотой нэг хүний гурван хэрэг гурвуулаа нэг шүүгч дээр хувиарлагдсан. Энэ үнэхээр ноцтой.
Шүүгч нар хуульд захирагдах ёстой. Үнэхээр Монгол Улсад шударга ёс тогтохгүйгээр цааш хөгжих боломжгүй. Ерөнхийлөгч шүүгч нартаа арга хэмжээ авах хэрэгтэй байна. Над шиг хохирсон хүмүүс нэгдээсэй. Хамтдаа тэмцье. Мөнгө шилжүүлсэн баримтуудыг би аваад ирсэн. Нэг удаад 5 сая, нэг удаад 1,3 сая төгрөг гэх мэтээр шилжүүлсэн байна. Арай ч дээ. Манай хэрэг яг хувиарлагдсаны дараа энэ мөнгө шилжсэн. Ноцтой биш гэж үү. Шударга шүүхийг шаардаж Ерөнхийлөгчид хандаж мэдэгдэл хүргүүлж байна” гэв.
Мөн энэ үеэр түүний өмгөөлөгч Нандин-Эрдэнэ, “Манай үйлчлүүлэгчид "Эргэлзээ бүхий үндэслэл төрлөө" гэж надад хандсан. Яагаад гэвэл манай үйлчлүүлэгчийн хэргийг шийдэж буй Б.Энхцэцэг шүүгч нь Б.Баасанцогтоос хоёр удаагийн үйлдлээр 6,3 сая төгрөг авсан нь тогтоогдсон тул би шүүгчээсээ татгалзаж байна гэсэн. Үүний дагуу хэвлэл мэдээлэлд хандаж байна. Энэ хэргийг гэмт хэрэг гэж үзэж цагдаагийн байгууллагаар шалгуулж байна. Иймд хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаад хоёр ч жил боллоо. Ерөнхийлөгчид 48 цагийн хугацаатай шаардлага хүргүүлж байна. Хардах эрхийнхээ хүрээнд бид энэхүү мэдэгдлийг хийж байгаа юм шүү” гэлээ.
Сэтгэгдэл (7)