өдөр
шөнө
×

Н.Алтанхуяг: Аюулгүй зөвлөлийн гурван гишүүн нь олон улсын хэмжээнд хэрүүл зодооноо хийж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг сонгох асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дараах саналыг хэлэв. Тэрбээр, "Байнгын хорооны даргаар хэнийгээ тавих нь та нарын асуудал. Тэр байтугай юмаа биднээс асуухгүй шийддэг болохоор хэн тавигдах нь надад сонин биш байна. Харин хэн ч тавигдсан юу хийх вэ, юу зохион байгуулах вэ гэдэг нь сонин байна. Сүүлийн үед төрийн байгуулалтын асуудал Монголд биш болж байна шүү. Өнгөрсөн онд баталсан нэг л хуулийг хэлье. Үндсэн хуульд нийслэл нь дүүрэг, хороонд хуваагдана гэж заасан. Үүнийг 62 хүн хүч түрж байгаад нийслэл нь дүүрэг, дүүрэг нь хороонд хуваагддаг, хэсэгтэй байж болно гэж байгаа. Энэ одоо Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, Монгол Улсын төрийн байгуулалтыг эвдэн сүйтгэж байгаа юм. Хүчээр түрэмгийлж байгаа. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгууль, ойрын үед болох сонгуулиудад албан бус сонгуулийн бүтэц үүсгэж, тэдэнд мөнгө төгрөг хуулийн дагуу өгөх гэж байгаа юм. Үүнийгээ засаач ээ.

Монгол Улсын төрийн байгуулалт эвдрэн сүйрч байна. Аюулгүй зөвлөлийн гурван гишүүн нь энд орж ирээд олон улсын хэмжээнд хэрүүл зодооноо хийж байна. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд аюул занал учирч байгаа хэрэг. Нөгөө талаасаа 62 хүнтэй том нам жаахан аятайхан ажилламаар байна. Арай л их аархаж, бярдаж байна. Та нар 100 хувь монголчуудын саналыг аваагүй шүү. Сонгуулийн хууль мөнгөний хууль болсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд үүнийг засах байх гэж бодож зөндөө санал хэлсэн. Монголын төрийг мөнгөөр босгох уралдаан хийж байна. Үүнийгээ болиорой" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Чулуунхишиг (66.181.183.238)
    Бат Үүл даргад баяр хүргэж амжилт хүсье.
    2021 оны 03 сарын 19 | Хариулах
Top