2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы сонгуулийн зардлыг санхүүжүүлэх зорилгоор нэг өдөрт 45 иргэн тус бүр 10 сая төгрөгийн хандив өгсөн бөгөөд нийт хандивын хэмжээ 450 сая төгрөгт хүрсэн тухай баримт аудитын тайланд тусгагджээ.
Сонгуулийн тухай хуульд зааснаар нэг иргэнээс авах хандивын дээд хэмжээ 10 сая төгрөг байдаг. Иймд дээрх хандивууд нь хуульд заасан хязгаарт багтаж байгаа боловч нэг өдөрт олон хүнээс ижил хэмжээний хандив авсан нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байна.
Учир нь уг хандивууд нь зохион байгуулалттай, төлөвлөгөөт шинжтэй байсан байж болзошгүй гэх хардлага үүсгэж байгаа бөгөөд хуулийн хүрээнд хийгдсэн мэт харагдаж буй энэхүү үйлдэл нь нэгдмэл санхүүжилтийг олон хүний нэрээр хуваан бүртгүүлэх гэсэн оролдлого байж болзошгүй байгаа юм.