өдөр
шөнө
×

Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайдын яам Монгол оюутнууд Америкт бага төлбөрөөр суралцах боломжийг нээлээ

Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайдын яам АНУ-ын Вашингтон хотын Жорж Мэйсоны их сургуультай хоёр жилийн турш ярилцсан гэрээ өнөөдөр албан ёсоор зурагдаж баталгаажлаа. 

Энэ ажил 2 жил гаруй хэлэлцэгдэж байж өнөөдөр ажил хэрэг болжээ. Ажлыг шуурхайлахад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ихээхэн нөлөөлж, шаардлагатай шийдвэрүүдийг гаргаж өгсөн байна. Харин Элчин сайд Ё. Отгонбаяр өмнө нь Боловсролын сайдаар ажиллаж байхдаа АНУын Аризонагийн их сургууль, Канадын Бритиш Коламбиа их сургуультай гэрээ байгуулж байсан туршлагаа ашиглан ийнхүү гэрээг ажил хэрэг болгожээ. Одоо манай бусад их дээд сургуулиуд Жорж Мэйсоны их сургуультай гэрээ байгуулах боломж нээгдэж байгаа ажээ.

Уг хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Монгол улсын ШУТИС, АНУ-ын Жорж Мейсоны их сургуулиуд "2+2" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, гэрээний хүрээнд оюутнууд 2 жил ШУТИС-т суралцаад голч дүн 2.75-аас доошгүй, TOEFL IBT 80 болон түүнээс дээш, IELTS 6.5 оноотой байвал АНУ-ын George Mason их сургуульд шууд шилжин суралцах боломж бүрдэж байгаа юм. 

Мөн гэрээнд заасанчлан зөвхөн Монгол оюутнуудад 5,000 ам. долларын шууд тэтгэлэг олгохоос гадна тухайн оюутан шилжин суралцсан хоёр дахь улирлаас эхлэн сурлагын амжилтаас хамаарч 12,000 хүртэлх ам.долларын төлбөрийн хөнгөлөлт эдлэх  боломжтой болж байгаа юм. 

Энэ жишгээр University of Missouri Kansas City, University of Florida, Michigan State University -тэй адил төрлийн гэрээ байгуулах асуудал яг одоо яригдаж, хэлэлцэгдэж байна гэж Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр мэдэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top