Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрээр тус дүүргийн ЗДТГ болон түүний харьяа агентлагуудад ажилладаг төрийн албан хаагчдыг ажлаас нь халж, сольж байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.
Уг мэдээлэл цацагдсантай холбогдуулан Н.Баярмөнх, “Би ажлаа авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар төрийн алба хаагчдыг хальсан сольсон нэг ч асуудал байхгүй. Яахав тэтгэвэрт гарах насанд хүрсэн, өөрийн хүсэлтээр ажлаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан цөөн хүмүүсийг чөлөөлсөн зүйл бол бий. Ажлаас хууль бусаар халсан сольсон гэх асуудлаар шүүхийн маргаан үүссэн хэрэг огт байхгүй” хэмээн хэвлэлд байр сууриа илэрхийлсэн байна.
Гэтэл бодит байдал Засаг дарга Н.Баярмөнхийн ярьснаас огт өөр байгааг тус дүүрэгт ажилладаг төрийн албан хаагчид эхнээс нь илчилж эхэлжээ.
Тухайлбал төрийн жинхэнэ алба хаагч Гансүхийн Дэлгэрмаа гэх иргэний цахим хуудастаа бичсэн мэдээллээс харахад Баянзүрх дүүргийн засаг даргын шийдвэрээр олон тооны төрийн албан хаагчид, хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар ажлаасаа чөлөөлөгдсөн бололтой байна.
Мөн зарим төрийн алба хаагчдыг сайн дураараа өргөдлөө өгөхийг шахаж шаардаж байгаа гэх мэдээлэл ч байна.
Г.Дэлгэрмаа энэ талаар, “Миний бие тус дүүргийн удирдлагуудын хорхойтой шүдэнд зуугдсан, хөөрхийлөлтэй төрийн албан хаагчдын нэг байна. Би эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа тул үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэж бодож байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт яг одоо төрийн албан хаагчдын хууль бус халаа сэлгээ ч тун чиг ширүүн өрнөж байна. Одоогийн байдлаар өөрийн санал нэрийн доор, бусдын дарамт шахалтаар зургаан хэлтэс, албадын дарга, хэлтсийн 26 төрийн жинхэнэ албан хаагч, зургаан хорооны Засаг дарга, Засаг дарга нь солигдонгуутаа хэсгийн ахлагч нараа сольж багадаа 60 орчим хүн байгаа байх нийт 90 гаруй хүн ажлаасаа чөлөөлөгдөөд байна.
Энэ албан ёсоор чөлөөлөгдсөн тоо дахиад ч цаашаа үргэлжлэх нь тодорхой... Яагаад гэвэл өргөдлөө өгсөн албан хаагчид нэг бус нилээн хэд байна.
Намайг ч мөн өргөдлөө өгч, ажлаасаа чөлөөлөгдөхийг удаа дараа шаардсан би хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхааруулах хуудас нэрээр ажлаас маань халахаар дарамталж байна. Ийм хүнд цаг үед хэн ч ажилгүй болохыг хүсэхгүй нь тодорхой.
Яагаад ийм олон албан хаагчид өөрсдийн саналаар ажлаа өгөөд байгааг судлах боломжтой сэтгүүлч, хэвлэлийнхэн байвал наашаа хандахыг хүсмээр байна. Ажлаа өгөхгүй гэсэн нэгнийг анхааруулах хуудсаар далайлгаж ажлаас халахаар дарамталж байна. Бид өнөөдөр төрийн байгууллагад ажиллаж байгаа болохоос хэн нэгний хувийн компани, хэн нэгний халаасанд нуугдаж ажиллаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Хууль бус халаа сэлгээ хэр удаан үргэлжлэх бол???
Энд болж байгаа зүйлийн талаар хэн нэгэн дуугарахгүй бол хууль бус халаа сэлгээ цаашдаа ийм байдлаар үргэлжлээд л байх нь тодорхой. Энд төрийн албан хаагчдын эрх зөрчигдсөөр л байна. Үүний эсрэг миний бие тэмцэнэ гэдгээ хатуухан хэлмээр байна” хэмээн бичжээ.
Сэтгэгдэл (2)