Халтмаагийн Баттулга бол улс төрийн өрсөлдөгчөө замаасаа зайлуулахдаа гаршсан нэгэн
Ерөнхийлөгч Х.Баттулгыг улстөрийн өрсөлдөгчөө замаасаа зайлуулахдаа гаршсан нэгэн гэлцдэг. Хамгийн сүүлд У.Хүрэлсүх түүний энэ увайгүй занг илчилж өгөөд Засгийн тэргүүний суудлаасаа огцорсон. Тэрээр Х.Баттулгын талаар “сонгуулийнхаа өрсөлдөгчийг улс төрийн зорилгоор намнаж, хуулийн байгууллагын удирдлагад нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг, гэмгүй хүмүүст ял өгдөг төрийн тэргүүн байж болохгүй” хэмээн ярьсан юм. У.Хүрэлсүх бол түүнийг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг. Тиймээс тэр Х.Баттулгын талаар алдаж хэлээгүй болох нь ойлгомжтой.
Нөгөөтээгүүр У.Хүрэлсүхийн хэлсэн үг бодитой болохыг Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш С.Баярцогт, С.Баяр, М.Энхсайхан, Да.Ганболд тэргүүтэй Ардчилсан Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн төрийн зүтгэлтнүүдийг ялтан болгож, шоронд суулгасан үйл явдлууд баталдаг.
“С.Баярын АНУ дахь 7 хаус”, “Таван толгойг зуун жилээр хятадуудад өгөх М.Энхсайханы төлөвлөгөө”, “С.Баярцогтын оффшор”. Магадгүй детектив зохиолын нэршил шиг энэ бүх хэллэгүүд танил сонсогдож байгаа байх. Учир нь эдгээр хүмүүстэй холбоотой энэ мэт үлгэр домгууд бүгд Х.Баттулгын захиалгаар амилж, түүний тойрон хүрээлэгчид, хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь эдгээр зохиолуудаар нийгмийн тархийг угааж, адаг сүүлд нь тэд ардын дайснаар тодорцгоож Х.Баттулгын замаас зайлуулагдсан нь гашуун үнэн юм.
Тэгвэл монголчуудын хэдийнээ гадарлах болсон энэхүү танил технологи өдгөө Сү.Батболд гэдэг улстөрч дээр амжилттай хэрэгжиж байна. Захиалагч нь дахиад л Х.Баттулга аж.
Х.Баттулга юуны учир Сү.Батболдыг сонгож ардын дайснаар тодруулах болов?
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, Сү.Батболд, Ц.Нямдорж, Г.Занданшатар тэргүүтэй хүмүүсийн аль нэг нь нэр дэвшин өрсөлдөх боломжтой” хэмээн мэдэгдсэн.
Д.Амарбаясгалангийн хэлсэн энэхүү үг бодитой бөгөөд эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд Сү.Батболд У.Хүрэлсүх нарын аль нэг нь нэр дэвшин өрсөлдөх нь ч тодорхой юм.
Сү.Батболдын тухайд энэ талаар “Намын нөхөд итгэж хариуцлага хүлээлгэж байвал би зүтгэхэд бэлэн” гээд санаагаа илэрхийлчихсэн.
Хэрвээ Сү.Батболд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшвэл Х.Баттулгын хувьд амаргүй сонгууль болох нь хэн бүхэнд ойлгомжтой асуудал. Тиймээс шуудхан хэлэхэд улстөрийн хүчтэй өрсөлдөгчөө замаасаа зайлуулах бохир аргаа тэрээр хэрэгжүүлж, Сү.Батболдыг С.Баярцогт, С.Баяр нарын нэгэн адил ардын дайсан, М.Энхболдын нэгэн адил хужаагийн эрлийз болгож харагдуулах гүтгэлгийн томоохон кампанит ажил өрнүүлж, санхүүжүүлж эхэлсэн бололтой.
Сү.Батболдыг 10 гаруй улсад 100 гаруй компани байгуулж олон тооны үл хөдлөх хөрөнгөө нуусан. Үүнийг нь олон улсын шүүх хууль бус болохыг нь нотлон царцааж эхэлсэн гэх детективээр нийгмийн төөрөгдүүлэгчид нь Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга болон түүний нөхөр А.Баатархуяг, судлаач Д.Ганхуяг, сэтгүүл Л.Мөнхбаясгалан, “Цэнхэр үст” Э.Цэрэн, Сэтгүүлч Б.Отгон нарын хүмүүс аж.
Ямартай ч Х.Баттулга Сү.Батболдыг Ерөнхийлөгчийн сонгуулийн бодитой өрсөлдөгчөө хэмээн үнэлж, түүнээс үхтлээ айж байна. Тэр бас ямар ч үнээр хамаагүй түүнийг замаасаа зайлуулж, дахин Ерөнхийлөгчөөр сонгогдохыг хүсэж байна. Учир нь тэр асар их айдастай байгаа бөгөөд төрийн тэргүүний суудлаасаа буух л юм бол төмөр замын хэрэг болон оффшорын асуудлаасаа болж хуулийн байгууллагын хаалга татах нь гарцаагүй.
“Сүхбаатарын Батболд тэргүүтэй бүлэглэл төрийн эргэлт хийж байна...”
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимыг огцруулах чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үгийг хэлсэн юм. Хэрэв Х.Баттулгын хэлсэн энэ мэдэгдэл үнэн байсан бол Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ бус мөнөөх Сү.Батболд нь ч юм уу ядаж л тэдний “бүлэглэлийн” аль нэг төлөөлөл нь томилогдох байв.
Гэтэл У.Хүрэлсүхийн суудлыг Х.Баттулгын хуурай дүү, хувийнх нь пи арч Б.Баатарын төрсөн дүү Л.Оюун-Эрдэнэ залгамжлав. Ийм зүйл болох нь анхнаасаа ойлгомжтой байсан бөгөөд Ерөнхийлөгч ч үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байсан.
Гэтэл яагаад тэр Сүхбаатарын Батболд төрийн эргэлт хийж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрууллаа гэж хэлэх болов. Уг нь У.Хүрэлсүх өөрийнх нь тэргүүлсэн Засгийн газар огцорсон шалтгааныг Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний тайван жагсаалыг үймээн самуунд турхирч, 7 сарын 1-ний үйл явдлыг давтах гээд байсан учир Ерөнхий сайдын хувьд ийм үйл явдал болохоос урьдчилан сэргийлж өөрөө сайн дураараа огцорч байна хэмээн мэдэгдчихсэн.
Энэ утгаараа бол У.Хүрэлсүхийн Засгийн газар Сү.Батболд гэдэг сул гишүүнээс бус сонгууль угтсан улстөрийн оноо авахын тулд үймээн самуун үүсгэхээр санаархсан Х.Баттулгаас болж огцорсон болох нь ойлгомжтой байна.
Харин Х.Баттулгын Сү.Батболдын талаар хэлсэн сүржин мэдэгдэл бол өөрийнхөө гүтгэлгийг илүү итгэл үнэмшилтэй болгох гэсэн, нөгөөтээгүүр түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татахыг сануулсан анхааруулга байсан гэж харж болохоор байна.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (12)