“Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллага өнгөрөгч 2020 оны 9-р сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Соёлын өвийг хамгаалах чиглэлээр “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо”-той хамтран ажиллахаар байгуулсан тус гэрээний мөнгөн дүн болон бас бус зүйл анхаарал татаж байна.
Сарын хугацаанд долоон цуврал баримтат нэвтрүүлэг бэлтгэж Монголын үндэсний олон нийтийн телевизээр цацах үүргийг гэрээгээр хүлээж, “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” Төрийн бус байгууллага бэлтгэсэн нэвтрүүлгээ МҮОНТ-ээр цацсан байна. Тодруулбал, тэд энэ тухай тайлангаа нийслэлийн Соёл урлагийн газарт гаргаж өгчээ. Тайланд бичсэнээс харвал 2020 оны 9-р сарын 14 ний өдрөөс 10-р сарын 14-ний өдрийг хүртэл 108 сая 900 мянган төгрөгийн төсөвтэй ажлаа хийж гүйцэтгэжээ.
Улмаар тайлангаа хүргүүлээд гэрээний төлбөр болох 108 сая 900 мянган төгрөгний үлдэгдлийг Капитрон банкны 3026022222 “МСАЖХолбоо” тоот дансанд шилжүүлэхийг хүсчээ. Нийслэлийн соёл урлагийн газраас ч өнөөх мөнгө нь гарсныг шилэн дансан дээр дурайж байна.
(Эх сурвалж: https://shilendans.gov.mn/org/4282?form=4571673&year=2020&month=12&group=0&task=3804)
Хамгийн сонирхолтой нь Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн эфирээр нэвтрүүлэг нь гарч Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчид хөтөлсөн нэвтрүүлгийн төлбөрт авсан 108 сая 900 мянган төгрөгөөс нэг ч төгрөг МҮОНРТ-ийн дансанд орж ирээгүй байгаа юм. Уг нь ном журмаараа бол тус мөнгө МҮОНТ-ийн дансанд орсны үндсэн дээр нэвтрүүлгүүд үндэсний телевизийн эфирээр цацагдах учиртай юм. Үүнийг тэмцэгчид мэдэхгүй байх учиргүй.
Тайлангийн хавсралтаас харвал Үндэсний телевизээс өндөр насны тэтгэвэртээ гарчихсан Ш. Ёолк долоон сая төгрөгөөр, ТВ8 телевизийн хөтлөгч Б. Эрдэнэбаяр долоон сая төгрөгөөр, найруулагч Н. Чингэс 5,6 сая төгрөгөөр, Зураглаач С. Лхамхүү, Б. Номин нар тус бүр 5,6 сая төгрөгөөр эвлүүлэгч Ц. Сэнгэдондов зургийн дарга П. Ариунжаргал нар тус бүр 5,6 сая төгрөгөөр тухайн гэрээнд заагдсан нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэжээ.
Ахмад насныхаа тэтгэвэрт гарсан Ш. Ёолк, Арилжааны телевизийн хөтлөгч Б. Эрдэнэбаяр хоёр хувь компанийн төлбөртэй нэвтрүүлэгт ажилласан л юм байгаа биз гээд орхиж болно. Харин нэр дурдагдсан бусад хүмүүс нь өнөөдрийг хүртэл Үндэсний олон нийтийн радио телевизэд бүртгэлтэй хүмүүс. Олон нийтийн телевизээр тухайн уран бүтээлчдийн бүтээл гарсан ч Үндэсний олон нийтийн радио телевизийн дансанд нэг ч төгрөг оролгүй Монголын соёлын аялал жуулчлалын холбоо гэх сүржин нэртэй төрийн бус байгууллагын дансанд орчихсон бодит баримт энэ.
Өнөө хэдэн тэмцэгчид маань олон нийтийн өмчийг үлдээ гээд байдаг нь тойрч суугаад найрлачихдаг энэ мэт ил далд гэрээнүүд нь цэгцэрчихнэ гэхээс учиргүй их эмээж байгаа ч юм уу хэн мэдлээ. Үнэндээ бол үндэсний телевизэд өгөх мөнгөндөө иргэд харам байгаад үзэх контент байхгүй гэж шүүмжилдэг нь ч үнэн. Түмнээсээ телевизийн хураамж авчхаад эфирээр нь энэ мэт хэрэгтэй хэрэггүй Төрийн бус байгууллагуудын гэрээний биелэлтийг хангасан нэвтрүүлэг чихэх гэж уран бүтээлчид нь улайрдаг гэдгийг дээрх гэрээ гэрчиллээ. М.Наранбаатар дарга минь үндэсний зөвлөлд байгаа юм чинь биднийгээ бодсон сайхан шийдвэр үндсэн хуулийн өдрөөр дуулгана гэж найдаж байна гэж ирээд л наалинхай аашаа лайваар харуулсан уран бүтээлч “Улаан бал” шиг үзэгчтэй контент бэлтгэхийн төлөө тэмцээд байгаа гэвэл итгэхэд бэрх л юм.
Магадгүй мань М.Наранбаатар нь олны өмчийг хувийн мэт аягладаг уран бүтээлчдийг харсан ч хараагүй мэт нүдэн балай чих нь дүлий явдаг болохоор тэд өмнөх удирдлагаа үгүйлж байгаа биз.
Уран бүтээл хийе гэж улангасаад байгаа уран бүтээлчдийг үзэгчдэд хүрэх хэмжээний контент бэлтгэх өрсөлдөөн зарлаад мэргэжлийн ур чадвараар нь атестатчлал явуулахаас шинэхэн захирал ажлаа эхлүүлэх нь зөв биз. Мэргэжлийн ур чадвараар нь аттестачлал явуулбал тос ус нь ялгараад ирнэ. Залуусаа нухчин дардаг захиргаадалт нэвт үнэртсэн ахмад уран бүтээлчдээс шүүсийг нь шахаад ч кристалл үеийнхэнд таарсан контент гаргахаасаа өнгөрсөн. Хуулийг биш хувь уран бүтээлчдийн энэ мэт бусармаг үйлдэлд ч хариуцлага тооцвол зохилтой. Хуулиа л дагая уран бүтээлчдээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Сэтгэгдэл (1)