2011 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо “Шинэ төмөр зам”-ын нээлтийн үйл ажиллагаа сүр дуулиантай эхэллээ. Тухайн үеийн ЗТБХБ-ын сайд Х.Баттулга баахан хэвлэлийн өмнө тууз хайчлан их бүтээн байгуулалтын газар шорооны ажил эхэлснийг зарлав. /https://vip76.mn/content/759
Х.Баттулга сайд сүр дуулиантай нээлтийн дараахан 50 км хөрс хуулалтын ажил гүйцэтгүүлэхээр З.Баасандорж захиралтай “Кэй Эйч Эм Ар” ХХК-тай 4.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулав.
Гэхдээ зам барилгын ажлыг эхлэхдээ зураг төслөө боловсруулан түүнд нь хөндлөнгийн байгууллага хяналт тавьж, зөвшөөрсөн байх шаардлагатай байв. Энэ байсангүй.
Тэр ч бүү хэл ТЭЗҮ хийх нэрээр сүүлд АНУ-д зугтаасан Ч.Ганбатын “МсКinsey & Со”-гоор ахлуулсан зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг нь 2011 оны наймдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газарт ТЭЗҮ гэх материал танилцуулсан байдаг. 2011 оны наймдугаар сарын 18-ны өдрийг хүртэл энэ төмөр зам ашигтай байх эсэхийг хэн ч мэдэхгүй байсан. Гэтэл нээлтийнхээ шоу, газар шорооныхоо ажлыг аль эрт буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 22 өдөр хийчихсэн байдаг юм.
Ингээд төрдөө итгэсэн З.Баасандорж банк, ах дүү, найз нөхдөөсөө мөнгө зээлэн тоног төхөөрөмжөө сайжруулан ажлаа эхэлж, нэг жилийн дотор ажлаа дуусгасан гэдэг. Түүгээр ч зогсохгүй Сүхбаатар аймгийн сумдын хогийг цэвэрлэхээс эхлээд наадмын талбайг хүртэл үнэ төлбөргүй тохижуулах зэрэг олон ажлыг хийжээ. Харин гэрээнд заасан ажлаа хугацаандаа гүйцэтгэж, гэрээнд тусгаагүй баахан субботник хийсэн түүнд тухайн үеийн аймгийн засаг дарга, өнөөдрийн УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн гарын үсэгтэй хэдэн талархлын бичигнээс өөр юу ч үгүй хоцорсон.
Урьдчилгаа төлбөрөө шилжүүлэхгүй хойшлуулсаар 2012 оны сонгуультай золгожээ. УИХ-ын сонгуулийн дараа Х.Баттулга Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, А.Гансүх Зам тээврийн сайд, “МТЗ” ТӨХК-ийн захирал Б.Батзаяа ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдов. Ажлыг анх эхлүүлсэн хүмүүс албан тушаалд хүрсэн тул одоо л санхүүжилтээ авах боломж нээгдэх нь гэсэн итгэл төрсөн ч хэн ч түүнийг тоогоогүй тухай З.Баасандорж хуулийнханд ярьсан байдаг. Хоёр жил санхүүжилтээ авч чадаагүй З.Баасандорж өр, зээлийн төлбөрт унан, бусдын дарамтад орж эхэлсэн байна. Түүнтэй адил өөр олон компани дарга нарын үүдийг сахиж суусаар, зарим нь өр төлбөрийн дарамтаа дийлэлгүй дампуурч, эзэд нь эд хөрөнгө алдсан юм.
Буруу ч зөв ч Төрдөө итгээд ажил гүйцэтгэсэн компаниуд сүйрч байхад төмөр замаас сая сая ам.доллар өөр тийш урсч байжээ.
“Монгол Бетон дэр” ХХК-тай төмөр замын дэр бетон нийлүүлэх гэрээ байгуулж, нийт 10.209.824 ам.доллар өгсөн ч, нэг ширхэг ч дэр бетон нийлүүлээгүй. Ихэнхийг нь үйл ажиллагааных нь тайланд тусалгүй, БНСУ руу гуйвуулсан зэрэг олон баримт илэрсэн. Зах зухаас дурдвал:
Хуулийнхны илрүүлсэн баримтууд дунд инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг нэг баримт байдаг нь “Хаан бууз” гэх буузны компанийн БНСУ дахь /Kookmin bank, Shinchon branch, Acc: ……………../ дансанд “Экскаваторын төлбөр” гээд 200.000 ам.доллар шилжүүлж байсан байдаг. Энэ мэтээр зөвхөн хөрс хуулалтын ажлаас л олон арван сая доллар “алга болсон” нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар илэрсэн.
Чухам энэ үед З.Баасандорж өрөө төлж чадахгүйд хүрч, 2013 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг Амгалан Чулуун овооны ойролцоо амиа хорлохыг оролдсон. Ингэхдээ гэрээслэл үлдээж, тэр нь тухайн үед нийтэд мэдэгдэлгүй дарагдаж хоцорсон байгаа юм. Азаар түүнийг амь насаа алдахаас өмнө эмнэлгийн тусламж үзүүлж амжсан гэдэг.
Тэрээр ийн гэрээслэл бичиж амиа хорлох үйлдэл хийснээсээ хойш арав хоногийн дараа төрийн яамны албан өрөөнд дахин амиа хорлохыг завдсан аж. Энэ асуудлаар тухайн үед ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсан ч бас л таг чиг өнгөрсөн байна. Энэ талаараа З.Баасандорж “Шударга бусын өмнө, иргэнээ юман чинээ боддоггүй Төрийн өмнө хүчин мөхөсдөхөөр хүн чинь ямар ч гарцгүй болдог юм билээ.” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байв. / https://news.mn/r/721219 /
Аргаа барсан З.Баасандорж шүүхэд хандаж, шүүхээс Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын буруутай үйл ажиллагааны улмаас улсын төсөв 7.2 тэрбум төгрөгөөр хохирсныг нотолж байв. Гэвч Дээд шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Энэ талаарх мэдээлэл хэвлэлүүдийн шарласан хуудас, интернетийн мэдээллийн сайтуудаар дүүрэн байна.
Харамсалтай нь З.Баасандоржтой холбоотой хэргийн материал ч өнөөдөр хуулийн байгууллагын архиваас устгагдсан гэх мэдээлэл бас яригдаад ирлээ. Энэ талаар холбогдох байгууллагуудаас тодруулах шаардлага үүссэн гэсэн үг.
Эцэст нь хэлэхэд, “Кэй Эйч Эм Ар” ХХК-ийн захирал З.Баасандорж нар ажил амьдралаараа, Монгол Улс хөгжлөөрөө хохирч үлдсэн нэг түүх энэ юм.
ЭХ СУРВАЛЖ: ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Сэтгэгдэл (8)