2020 оны УИХ-ын чуулганы сүүлийн хуралдааныг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр, "Амжилт, сорилт, бэрхшээлээр дүүрэн 2020 оноо үдэж, шинэ 2021 оноо угтах босгон дээр өнөөдрийн чуулганаа хуралдуулж, өндөрлүүлж байна.
Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ой тохиосон 2020 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулан хэрэгжүүлэх Эрх зүйн хувьсгалын эхийг тавилаа.
Өнөөдөр батлагдсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засгийн газрын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Төрийн аудитын тухай зэрэг 10 орчим суурь хуулийг шинэчлэн баталлаа.
Хэдхэн хоногийн өмнө Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсан. “Бага Үндсэн хууль” гэж нэрлэгддэг энэ хуулиар Засаг захиргааны томоохон шинэчлэл хийх суурь үндэс, эхлэлийг тавьсан.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” хэмээн заасан. Үүний дагуу “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг батлаад байна. Үүнтэй нийцүүлэн экспортыг дэмжих, эдийн засгийн загварыг төлөвшүүлэх, эдийн засгийн хөгжлийн бие даасан бүтэцтэй болох, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийг батлах Ажлын хэсэг ажиллаж, ажлаа дуусгаад байна. Эдийн засгийн хувьсгалыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан ирэх онд хэрэгжүүлэх зорилтыг тавилаа.
Ардчиллын суурь зарчим болох ард түмэнтэйгээ зөвлөлдөж, хэлэлцэж хууль баталдаг, ард түмний засаглах эрхийг хангасан парламент болох шинэчлэлийг бид эхлүүллээ.
Ил тод, цаасгүй, цахим парламент болохын тулд LAWMAKER.MN, LAWFORUM.MN цахим системийг бэлэн болгож, ард иргэддээ танилцуулсан. Ингэснээр иргэдтэйгээ хамтран хууль тогтоомжийн төсөл боловсруулж, хэлэлцдэг, нэг ёсондоо иргэдтэйгээ зөвлөлдөж, хамтдаа хуулиа боловсруулдаг, хэлэлцүүлгийн явцад ч ард түмэнтэйгээ зөвлөлдөж, хэлэлцдэг цахим платформ, шинэ тогтолцоог бий болголоо.
УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэн LAWMAKER.MN, LAWFORUM.MN цахим системийг байнгын хэрэглээ болгож, иргэд, эрдэмтэн судлаачид, олон нийтийн оролцоог хууль тогтоох үйл ажиллагаандаа хангах, тэдний санал бодлыг тусгахад онцгойлон анхаарахыг хүсье. Боловсролын тухай, Төрийн ба орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулийг энд оруулж байгаа. Энэ бол хуулийн төслийн үзэл баримтлалаа л биччихэд эрдэмтэн судлаачид, иргэд хэдэн зуу, хэдэн мянгуулаа хамтран хуулиа боловсруулдаг цахим платформ, иргэдийн оролцоотой хууль боловсруулах, батлах шинэ цахим технологи. технологийн IV хувьсгалын шийдэл гэж үзэж болно.
Манай парламентын үйл ажиллагаа коронавирусийн цар тахлаас иргэдийнхээ амьжиргааг, эдийн засгаа хамгаалахад чиглэж, олон чухал шийдвэр гаргасан.
УИХ хөл хорионы дэглэм тогтоосон нөхцөлд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, цахимаар хуралдаж, коронавирусийн цар тахалтай тэмцэх хууль тогтоолуудыг батлан гаргасан. Дэлхийд хоёрдугаарт буюу Их Британи Улсын дараа манай улс цар тахлын хуультай болсон.
Өнөөдөр бид коронавирусийн цар тахалтай тэмцэх бие даасан хуулийн хугацааг дахин 6 сараар сунгалаа.
Түрээсийн орлогод татварын хөнгөлөлт эдлүүлэх хууль баталлаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх хууль баталлаа.
Татвар төлөгчдийг татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр боллоо.
Мөн 1.2 сая хүүхдэд сар бүр 100.0 мянган төгрөгийн тэтгэмжийг 07-р сарын 01 хүртэл үргэлжлүүлэн олгохоор болсон.
Банкны зээлийн хүү болон зээлийн эх үүсвэрийн зардал, ипотекийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авлаа. Ипотекийн зээлийн хүү 6 хувь болоод байна.
Банкны зээлийн хүү, валютын хадгаламжийн хүү, дундаж хүүгийн зардал буурлаа. Үүнтэй уялдуулан бодлогын хүү ч гэсэн 6 хувь болж буурсан. Ирэх 2021 онд зээлийн хүү 1 оронтой тоонд орох нөхцөл бололцоо бүрдэж байна.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг, Б.Жавхлан, Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүд өчигдөр хуралдаж, өнөөдөр Макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалж, бодит эдийн засагт оролцогчдын санхүүгийн чадамжийг хамгаалах, ажил олгогч баялаг бүтээгчдийг төрөөс ковид-19-ийн хүнд сорилтын үед дэмжих, Төв банкинд хуримтлагдсан эх үүсвэрийг эдийн засагт дайчлан оруулах зорилго бүхий 1.0 их наяд төгрөгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн тухай тогтоолыг өргөн барилаа.
Үүгээр шинэ оны босгон дээр, ирж байгаа шинэ ондоо эдийн засгаа дэмжих, эрч хүчийг нь нэмэгдүүлэх, цар тахлын дараах үед ч гэсэн хүү багатай зээлээр жижиг, дунд бизнесийг дэмжих багц асуудлуудыг шийдвэрлэнэ.
Ломбардын зээлийн хүүг тогтворжуулах, ломбардын эрх зүйн орчныг сайжруулах хуулийн төсөл өргөн баригдаад байна. Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарын гишүүд буюу УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд энэ төслийг өргөн барьсан.
Коронавирусийн цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын голомтот бүсэд албан үүргээ гүйцэтгэх явцдаа халдвар авсан эмч, эмнэлгийн ажилчид, төрийн холбогдох байгууллагын алба хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл өргөн баригдлаа. Даатгалын асуудлыг нь ч шийдэх ёстой гэж үзэж байна.
Ийнхүү УИХ цар тахлаас улсаа, иргэнээ, эдийн засгаа хамгаалж, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, үйлдвэрлэл бизнес, эдийн засгийг дэмжих бодлого шинэ 2021 онд ч тууштай үргэлжлэх болно.
Учран золгож буй 2021 онд Та бид шударга ёс, сахилга хариуцлагыг эрхэмлэж, иргэнээ дээдэлсэн төрийг төлөвшүүлэх ЭРХ ЗҮЙН ХУВЬСГАЛ, өсөлтийн үр шим нь өрх, иргэн бүхэндээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядууралгүй, экспорт эрчимжсэн, өөрийгөө тэтгэх бүрэн чадавхитай улс болох ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬСГАЛ, эрдэм авьяастай, эрүүл чийрэг, хүнлэг ёс суртахуунтай, дэлхийн түвшний Монгол хүнийг төлөвшүүлж, авлигагүй, амар тайван нийгэм бүтээх НИЙГМИЙН ХУВЬСГАЛ хийх эрхэм зорилтыг хэрэгжүүлэх болно.
Ковид-ын аюулаас монгол түмэн тун удахгүй ангижирч, Ардын хувьсгалынхаа 100 жилийн ойг, ЭРХ ЗҮЙ, ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН хувьсгалт шинэтгэл хийсэн амжилтаар угтана гэдэгт итгэл дүүрэн байна.
Монголын нийт ард түмэндээ, Эрхэм хүндэт гишүүд Та нартаа шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлье.
Шинэ оноо сайхан угтаарай.
Угтан золгож буй шинэ он монгол түмэнд хөгжил дэвшил, амар амгалан, аз жаргал, сайн сайхныг авчрах болтугай" гэлээ.
Сэтгэгдэл (1)