өдөр
шөнө
×

Бусдын оффшорыг ярихаасаа өмнө өөрийнхөө оффшорыг оруулж ирнэ үү, Ерөнхийлөгч өө!

Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлагч нэгдэл Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд компани байгуулан мөнгө угаасан байж болзошгүй ноцтой баримтуудыг дэлгэж эхэллээ. Эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн нэгдлийн ил болгосон мэдээллээс харахад Ерөнхийлөгч Х.Баттулга Сингапурын оффшор бүсэд “Женко Холдинг Пи-Ти-И” гэх компани байгуулсан байх бөгөөд тус компанийн 50 хувийг өөрийн охин Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг өөрийн найз Сингапурын хятад тэрбумтан Билли Лимийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг нь байсан  болох нь хөдөлшгүй байна.

Уг нь Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард Хувийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт оруулж, төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд оффшор бүсэд өмч хөрөнгөтэй байх, компанитай байхыг хатуу хориглосон.

Мөн 2017 оны арванхоёрдугаар сарын 6-нд Монгол Улсын Засгийн газар Сингапур улсыг оффшор бүс хэмээн албан ёсоор зарласан. Энэ хуулийг мөрдөөгүй төрийн ямар ч албан тушаалтныг эгүүлэн татах буюу огцруулах арга хэмжээ авах ёстой гэж хуульдаа тусгасан.

Тэгэхээр оффшор бүс гэж тодорхойлсон Сингапур улсад төрийн тэргүүн маань компани байгуулан, өөрийн төрсөн охин болон хятад найзуудаараа дамжуулан хувьцааг нь эзэмшиж улсынхаа хуулийг зөрчсөн болж таарах нь.

Хамгийн сонирхролтой нь Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” гэх энэ оффшор бүсэд бүртгэлтэй компанийн гарын үсэг зурдаг захирлаар 2007 оны долдугаар сарын 31-нийг хүртэл ажиллажээ. Тухайн үед Х.Баттулга аль хэдийн УИХ-ын гишүүнээр сонгогдож оффшор бүсэд бүртгүүлсэн компанийн захирал байх ёсгүй албан тушаалтан болсон байв.

Мөн өөр нэг сонирхолтой баримт байгаа нь Монголд хүмүүс компани байгуулахдаа 10 мянган төгрөгөөр байгуулдаг байхад Х.Баттулга “Женко Холдинг Пи-Ти-И” компанийг нэг сая долларын хувь нийлүүлсэн хөрөнгөтэйгөөр байгуулсан явдал юм. Нэг сая доллар буюу 2.5 тэрбум төгрөгөөр байгуулсан энэ компани Х.Баттулгатай холбоотой  гэмт хэргийн шинжтэй маш олон мөнгөний сэжүүрийг өөртөө агуулж байж болзошгүй гэдэг асуудлыг ч эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн нэгдэл дэвшүүлсэн байна.

Үнэхээр л “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төмөр замын даланд зарцуулахаар Хөгжлийн банкнаас БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн дансанд шилжүүлсэн 199 сая ам.долларын 70 хувийг тус компани Монголын нэр бүхий таван хүний данс руу шилжүүлсэн талаар  Эрүүгийн цагдаагийн газраас мэдээлж байв. Бүр Х.Баттулгын нэр дурдагдаж тэрээр яллагдагчаар татагдан шалгагдах явцдаа зөвлөх туслахуудаа гадаад улс руу оргон зайлуулж байсан түүхтэй.

Харамсалтай нь 2017 онд түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа өөрт нь холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж, 2018 онд “Самсунг Си энд Ти” компанийн захирал Лий Жон Ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгээд өнгөрсөн байдаг.

Мөн Оюутолгойн дараа орохуйц нөөц баялагтай гэгддэг Төгрөг нуурын ордыг 2010 онд Х.Баттулга 250 сая ам.доллароор Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй хятад эзэнтэй Мин Шин Уотервокс Лимитед (Ming Нing Waterworks Limitedincorporated in Cayman islands) компанид зарсан гэх мэдээ нь одоо ч гэсэн Хонконгийн хөрөнгийн биржийн веб хуудсанд ил байдаг нь мөнгө мөрөө үлдээдэг гэдгийн тод жишээ юм.

Ямартай ч энэ мэтээр Х.Баттулгын оффшор компанийг лавхан эрэн сурвалжилбал төмөр замын 200 сая доллар хийгээд Төгрөг нуурын ордыг наймаалсан 250 сая доллар, А.Гансүхтэй нэр холбогддог 10 сая доллар гэх мэт томоохон хэргүүдийн сэжим цухуйж мэдэх нь.

Эцэст нь, бусдын оффшорыг ярихаасаа өмнө нэгэнт ил ил болж цайрчхаад байгаа өөрийнхөө оффшорыг оруулж ирнэ үү, Ерөнхийлөгч өө! гэж түүнд хандаж хэлье. Үгүй гэвэл Монголын төрд зайгаа тавьж өгөн, охинтойгоо хамт оффшор компанийнхаа хөрөнгийг манаж амьдрах нь Таны цаашдын зам мөрт өлзийтэй биз.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top