“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн төрсөн охиныхоо сургалтын төлбөрт 101 сая төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулан төлж, тус үйлдвэрийн санхүү эрхэлсэн захирал нь алтаар бүрсэн брэндийн ширээ өрөөндөө залж, 205 сая төгрөгөөр виски, конъяк худалдаж авах тендер зарлан төсвийн мөнгөнд хүнийрхэж хандсан ноцтой баримтуудыг “Шилэн” Цогоо өнгөрсөн аравдугаар сард ил болгож байв.
Тэгвэл Х.Бадамсүрэн тэргүүтэй Эрдэнэт үйлдвэрийн захирлуудын тансаглалтай холбоотой баримтууд олон нийтэд ил болж, нийгмийн сэдэв болж байх үед ч тэд тансаглалаа үргэлжлүүлж байжээ.
Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2020 оны 10, 11 дүгээр сар Мөнххада ХХК, Моннис моторс ХХК зэрэг компаниудаас тансаг зэрэглэлийн жийп авто машинуудыг олноор нь худалдаж авчээ. Үүнийг Шилэн дансны баримт баталж байгаа бөгөөд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын шилэн дансанд бичигдсэн жийп автомашинтай холбоотой худалдан авалтын мэдээллүүдээс жишээ дурдвал:
2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр жийп автомашин худалдаж авсны төлбөрт 347.300.000 төгрөгийг 426 тоот гэрээний төлбөр нэрээр Мөнххада ХХК-ийн дансанд;
2020 оны 10 дугаар сард суудлын автомашинууд худалдаж авсны төлбөрт 2.854.000.000 төгрөгийг Мөнххада ХХК-ийн дансанд;
2020 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр 536.000.000 сая төгрөгийг 390 тоот гэрээний төлбөр нэрээр Моннис моторс ХХК-ийн дансанд;
2020 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр 492.000.000 сая төгрөгийг 426 тоот гэрээний төлбөр нэрээр Мөнххада ХХК-ийн дансанд;
2020 оны 11 дүгээр сард АТЦехэд тээврийн хэрэгсэл нэрээр 3.346.000.000 төгрөгийг Мөнххада ХХК-ийн дансанд тус тус шилжүүлжээ.
Эрдэнэтийн захирлууд энэ мэтээр жийп автомашинууд худалдаж авахдаа нийт 7 тэрбум 830 сая төгрөгийг зарцуулжээ.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (32)