Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг “хөмөрсөн” 807 тэрбум төгрөгийн өртөг бүхий алдарт долоон концессын нэг нь Чойр дэд станцын өргөтгөл шинэчлэлийн концесс.
Чойр дэд станцын өргөтгөл шинэчлэлийн концессын гэрээг Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2017 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 103 тоот тогтоолоороо баталгаажуулсан байдаг бөгөөд барих шилжүүлэх гэрээтэй энэхүү концессын төсөвт өртөг нь 77 тэрбум төгрөг 695 сая төгрөгөөр батлагдаж байжээ.
Уг концессыг Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж байсан С.Бямбацогтын "Алтай трест" ХХК гүйцэтгэхээр болсон нь тухайн үед шүүмжлэл дагуулж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах шалтгаан болж байлаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамаарал бүхий “Алтай трест” ХХК У.Хүрэлсүхийн Засгийн газрын өнгөн дээр дээрх концессын үр шимийг хүртэж эхэлснийг батлах нэгэн баримтыг бид дэлгэлж байна.
Энэ бол одоогоос нэг жилийн өмнө буюу 2019 оны 9-р сарын 16-ний өдөр Үндэсний хөгжлийн газраас "Алтай трест" ХХК-ийн дансанд "Чойр дэд станцын 1-р санхүүжилт" нэрээр шилжүүлсэн 26 тэрбум төгрөгийн гүйлгээний баримт юм.
Эх сурвалжийн хэлж буйгаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын 60 хувийг нь эзэмшдэг "Алтай трест" ХХК уг концессын санхүүжилтэд 2019 онд 26 тэрбум бус 37 орчим тэрбум төгрөгийг Үндэсний хөгжлийн газраас авсан байж болзошгүй юм байна.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (13)