Дундаа нэг том тогоотой 100 хүн байжээ. Хүй нэгдлийн шахуу юм ярих гээд байна шүү дээ. Хүн бүр тэрхүү нийтийн тогоонд өөрийн хувь чадлаараа нэмэр болох ёстой. Харин ходоодныхоо хэмжээгээр л иднэ.
100 хүний 5 нь хүч чадлаа шавхаж, шаардлагатай үед амь насаа хүртэл золин тэр нийтийн тогоонд хоол нийлүүлнэ. 70 нь үлгэн салган хөдөлж, харин идэхдээ бол гэдэснийхээ хэрээр иднэ. 10 нь юу ч нийлүүлэхгүй атлаа гэдсээ бордоно. Харин 15 нь халбагаа аль болох том болгох гэж эрмэлзэнэ. Ийм нөхцөлд тэр тогоо хэзээ ч дүүрэх тавилангүй юм.
Социализмын сүйрсэн үндсэн шалтгаан нь энэ. Өөрөөр хэлбэл өмчийн асуудлыг нийтийн өмч гэсэн нэг том тогоонд чихчихсэн нь хөгжлийн гацаа болсон хэрэг. Үлгэн салган хөдөлдгүүд болон нийтийн тогоонд чимх шороо ч нэмэрлэх сонирхолгүйчүүдийг, яадгаа алдчихсан залхуучуудыг албадаж, шахаж, бүр амьд явах эрхтэй нь хүртэл ярьж байжээ. Тиймээс тэр нийгмийг захиргаадалтын, хуарангийн нийгэм гэдэг. Ийм нийгэмд багашиг хөдлөөд нийтийн тогооноос гэдсээ бордоод байх сонирхол буюу бэртэгчлэл яг л вирус шиг хүчтэй тархаж байсан учир хувь хүний хөгжлийг гацааж орхисон байна. Хувь хүний үнэмлэхүй олонхи буюу 70-80 хувь нь хөгжөөгүй учраас яаж ч захиргаадаад нөгөө тогоо дүүрсэнгүй. Тэгээд л социалист систем нурав.
Түүнд сайн ч, саар ч байсан, саар юмных нь гол мөн чанар харин энэ нийтийн өмч буюу дундын том тогооны асуудал байлаа. Ямар ч цаг үед хүн амын үнэмлэхүй олонхийн ухамсар дунджаас дээш гарч байсангүй.
Харин соц системийн эсрэг талын ертөнц яасан бэ гэхээр хүн бүхэн дор дороо тогоотойгоо байхаар зохицуулжээ. Дундын юм гэж бараг үгүй. Тиймээс өлсөхгүйн тулд хүн бүр хичээх шаардлагатай. Тэр хэмжээгээр хэрэглээний хөгжил, хүний баялаг бүтээх чадвар дээшилжээ. Гэхдээ улс орон бүр өөр өөрийнхөө онцлогоор урагшилсан. Хятад улстөрийнхөө тогтолцоог авч үлдээд, хувь хүмүүст баялаг бүтээх эрхийг нь өгчихсөн, түүнээ хятадын онцлогтой социализм гэж нэрлэж. Япон өвөрмөц, бүгд дор бүрнээ тогоотой ч нэг ширээнд тойрч бие биерүүгээ харж суудаг "нэг ширээний" буюу үндэстний нэгдмэл зан суртхууныг далд хуульчилж өгч. Скандинавын орнууд дундын болоод хувь тус бүрийн тогооны жин банг тааруулж, тэнцүүлж.
Дундаа ганц тогоотой байхын гашуун сөрөг үр дагавар ямар байсныг бид яг өнөөдөр нүдээрээ харж байна. Цахилгааны төлбөр тэглэнэ гэдэг нь та нарын дунд үнэгүй нийтийн нэг том тогоо байна шүү гэсэн үг болно. Дээр дурдсан хувь хэмжээ яг адилхан үйлчилнэ. 100 хүний 5 нь ухамсартайгаар өмнөхөөсөө хэмнэх гэж хичээнэ. 60-70 хувь нь хэрэглэдгээрээ л хэрэглэнэ, харин 30 орчим хувь нь халбагаа аль болох томруулах гээд чичирчихнэ. Тахиа гахайныхаа пинд хүртэл тенн тавихаас буцахгүй. Товчхондоо цахилгааны хэрэглээний төлбөр тэглэнэ гэдэг нь дундын тогооноос хэн том халбагадаж чадсан нь хожно шүү гээд зарласантай адил зүйл юм.
Энэ шийдвэр гарангуут "Их хэрэглэдэг нь их хөнгөлүүлнэ, бага хэрэглэдэг нь бага хөнгөлүүлнэ" гэж би уг нь бичсэн дээ. Энд анхаарвал зохих хоёр зүйл байгаа юм. Нэгд, угаасаа төрийн хишиг эрх тэгш хүртээмжтэй байх зарчим алдагдаж байгаа явдал юм./Өрх айлын хүрээнд/ Хоёрт энэхүү уралдаж халбагаа томруулдаг явдал.
6 сарын хугацаанд цахилгааны хэрэглээ тэглэснээс гарах 680 тэрбум төгрөгийг Эрдэнэтээс зохицуулах аж. Гэвч бодит байдал дээр хэрэглээ өссөнөөр энэ зардал багадаа 20 хувиар нэмэгдэх магадлалтай. 680 тэрбумын 20 хувь гэдэг нь 136 тэрбум төгрөг.
Энэ 136 тэрбум төгрөг бол ямар ч үр ашиггүй шал илүү зардал, зүгээр л 136 тэрбум төгрөгийг салхинд хийсгэчихэж буй хэрэг юм.
Одоо эргээд төр маань цахилгааныхаа хэрэглээг хязгаарлах тухай ярилцаад буй бололтой. Анхнаасаа энэ эрсдлийг тооцохгүй яасан юм? Хэнд ч ойлгомжтой энгийн ийм 4 аргын тоог яагаад бодож чаддаггүй юм. Цахилгааны дундаж хэрэглээг тооцож гаргаад, түүгээр хөнгөлөлт өгье, тэгвэл нэгд эрх тэгш хүртээмжтэй байх зарчим алдагдахгүй, хоёрт, энэ мэт илүү зардал хумигдана гэж үглэж л байсан даа.
Хэрвээ энэ бодлогоо эргэж харж засахгүй бол багадаа 136 тэрбум салхинд хийснэ. 136 тэрбум гэдэг бол ийм хүнд цаг үед байтугай цатгалан үед ч их мөнгө. Ийм шийдвэр гаргаад байгаа дарга нарын үйлдлийг харсаар чимээгүй байхаар хэл загатнаад хэцүү. Бага шиг алдааг "Алдаа" гэнэ. Харин энэ хэмжээний эргүү тэнэг шийдвэрийг "Эргүү тэнэг" л гэхээс өөрөөр юу гэж хэлэх юм. Одоо тэгээд ингэж хэллээ гээд Зөрчлийн хуулиар хүн гүтгэсэн хэрэгт дуудвал дуудахаас. Үнэн нь тэр хойно. Малгайгаа дарж, ороолтоо битүү ороогоод, маскаа зүүгээд очдог л байх даа. Харин инээж очих уу, гуниж очих уу гэдгээ л сайн мэдэхгүй байгаа маань ёстой Жавхаа юм даа, өө биш, Тавилан юм даа.
ЭХ СУРВАЛЖ: НИЙТЛЭЛЧ Б.НОМИНЧИМЭД