"ТӨР"-ийг "ТҮР" болгож самрах "САРАНГЭРЭЛ" төлөвлөгөө
Байгаль орчны яам ерөнхий чиг үүргийн яам болж эрх хэмжээ, эдлэх ямба, үүрэх хариуцлага өндөр болоход Иргэний нийгмийн шахалт, шаардлага нөлөө байсныг дурдах нь зүйтэй байх. Энэ салбарт арав гаруй жил ажиллаж , 6 сайдын нүүр үзэхдээ Байгаль орчны салбар Засаг солигдох бүр сахил хүртээд шал дордож буйг сануулъя.
Овжин, зальжин сайд Д.Сарангэрэл, төрийн нарийн бичгийн даргатайгаа нийлж хөл хорионы үеийн хуулийн үйлчлэх хугацаа дуусахаас өмнө амжиж, сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн албаны шалгуур, шаардлага хангахгүй хүмүүсээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аппаратыг дүүргэх хорон санаагаа хэрэгжүүлж эхэлжээ. Яам 121 албан хаагчийн орон тоотой, түүний 70 орчим хувийг цүнх баригч, долоогч, 60 тэрбумын схемээр арилжих ажиллагаа нь МАН, Эрүүл мэндийн яам, ТВ5 телевиз, Хөвсгөл, Булган аймаг гээд улс төр, ураг төрөл, нутаг ус, найз нөхөд зэрэг ойлгогдохуйц ашиг сонирхолтой хүмүүс байна.
“Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн 3.2.-т ....... албан тушаалтныг СОНГОН ШАЛГАРУУЛАХААР хуульчилсан зохицуулалтыг короногийн хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гээд, хуулийн үйлчлэх хугацаа 2020.12.31-ийг хүртэл гэж заасан. Энэ хугацаанаас өмнө амжиж халаа, сэлгээ хийхээр улайрч байна.
ЗГ-ын 2016-07-27-ны 3 дугаар тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны бүтцийг 9 газар 7 хэлтэстэй, орон тооны хязгаарыг 121, Засгийн газрын 2020-08-25-ны 71 дүгээр тогтоолоор мөн 9 газар, 7 хэлтэстэй, 121 орон тоотой байхаар баталжээ. Бүтэц, орон тоо хэвээрээ, шинээр болон хасагдсан чиг үүрэг энд ОГТООС алга.
Гэтэл өнөөдрийн байдлаар 41 хүнийг ШИНЭЭР томилж, 8 газар, 5 хэлтсийн дарга, 19 мэргэжилтэн нийт 32 хүнийг “АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ”-ээр томилоод байна. Цааш хийгдэх халаа сэлгээний эзэн холбогдогч ил болсон гэнэ. Баахан түр орлон гүйцэтгэгч нар. Түр орлон гүйцэтгэгч гэдэг чинь төрийн жинхэнэ албан хаагчийн бүх ажил, чиг үүргийг гүйцэтгэж, ахуй хангамж, цалин хөлсийг аваад ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ, хууль бус ажлыг гардан зохион байгуулах үүрэг даалгавартай, чадваргүй голдуу этгээдүүд байдаг. Ингэж халаа сэлгээ хийх нь улсын төсөвт давхар дарамт учруулсаар ирсэн гашуун түүх давтагдаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 43.4-т албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг хариуцна. 43.6-д хуульд заасан журмыг зөрчиж, тухайн албан үүргийг ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОНО гэж заасан.
Яамны аппарат дотор мэргэшсэн албан хаагч нар албан үүргийг түр орлон гүйцэтгэх ажлыг давхар эрхлэх боломжтой, хамгийн ойрын албан хаагчид байхаар хуулинд заасан байхад гаднаас түр орлон гүйцэтгэгчид томилж буй нь хууль зөрчиж байгааг нотолно. Энэ нь Ерөнхий сайдын үүрэг чиглэл үү, намын даалгавар уу? 60 тэрбумын шахаа болж ирсэн түр орлон гүйцэтгэгчид нь яамны мэргэшсэн албан хаагчдыг дарамталж, ялгаварлан гадуурхах, шалтаг, шалтгаан өө хайж халах, чөлөөлөх бузар ажлыг нь хийж явна. Хэнд ч тохиож болох ар гэрийн гачигдлаар хүртэл халжээ. Хууль зөрчиж халсан тушаалууд чинь түрүүчээсээ Төрийн албаны зөвлөл дээр очоод хүчингүй болоод унаж, “хуульд нийцүүл” гэдэг үүрэг даалгавартай сайд, төрийн нарийн бичгийн дарга руу очсон ч биелүүлэхгүй байна.
Төрийн албаны ил тод байх, ард түмэнд үйлчлэх, улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх, мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг (мерит) баримтлах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчим сайд Д.Сарангэрэл,ТНБДарга Д.Ганболд нарт үйлчлэхгүй байна.
Засгийн газраас бүтцийн өөрчлөлттэй холбоотой 71-р тогтоолоор яамны бүтцийг баталсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд 2020 оны 9-р сарын 16-ны өдөр А/3631 тоот “Яамны албан хаагчдын албан тушаал, ажлын байрны нэр, ангилал, зэрэглэлийг батлах” тушаал гаргасан. Уг тушаалд “ажлын байрны нэрийг өөрчилсөн ч орон тоо хэвээр, ямар ч шинэ чиг үүрэг нэмэгдээгүй тул төрийн албан хаагчдыг халах, чөлөөлөхийг хориглоно” гэж заасан атлаа гаргасан шийдвэрийнхээ эсрэг ажиллаж халаа, сэлгээ хийж байна. Гэхдээ Д.Ганболдын энэ тушаал Төрийн албаны зөвлөлөөр баталгаажиж, АТГ-аас тодорхойлолт авсан эсэх нь эргэлзээтэй байна. Энэ шат дамжлагыг хийгээгүй бол бас л зөрчил болно.
Д.Ганболд өөрөө Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хаших шалгуур, шаардлагыг хангаагүй байж яаж энэ албан тушаалд томилогдсон бэ? Өөрөө хууль бус томилогдсон шигээ бусдыг ч хууль бусаар томилох нь таны үүрэгт ажил уу?
Засгийн газрын тухай хуулийн 18.8-д “Яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө” гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 18.2-т “Тэргүүн түшмэл-ийн албан тушаалд яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаал хамаарна” гэж заасан, тус хуулийн 23.2.1-т “Тэргүүн түшмэл-ийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх”-ыг зааж мөн хуулийн 25.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг СОНГОН ШАЛГАРУУЛЖ томилно” гэж заажээ.
Д.Ганболдыг Төрийн нарийн бичгийн даргаар томилсон Засгийн газрын 2020-02-04-ний өдрийн 53 дугаар тогтоолд “Шилжүүлэн ажиллуулах тухай” гэжээ. Гэвч Төрийн албаны тухай хуулийн 44.1-т заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах нөхцөл шаардлагыг ч Д.Ганболд бас хангахгүй байна.
Дашдаваагийн Ганболдын CV:
1. 2006.08.01-нээс МУ-ын ЗГХЭГ-т шинжээчээр томилогдсон
2. 2013.01.30-аас МУ-ын ЗГХЭГ референтээр томилогдсон
3. 2015.01.30-аас МУ-ын ЗГХЭГ референтээс чөлөөлөгдсөн
4. 2015.01.30- Сангийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон
5. 2015.03.17- Сангийн яамны ТЗУГ-ын даргаар томилогдсон
6. 2015.09.16 –нд СЯ-ны ТЗУГ-ын даргаас чөлөөлөгдсөн
7. 2016.08.29- ээс ЗГХЭГ-ын захиргаа хүний нөөцийн газрын даргаар томилогдсон
8. 2020.02.06-нд БОАЖ яамны Төрийн нарийн бичгийн даргаар шилжүүлэн томилсон байна. Эндээс харвал Д.Ганболд Төрийн албанд 12 жил 5 сар, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 3 жил 6 сар ажилласан байгаа нь төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байж төрийн нарийн бичгийн даргад томилогдох шаардлагыг огт хангаагүй байх юм. Бас Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад ч ороогүй ийм шаардлага хангахгүй хүнийг ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ нар хууль зөрчин ЗГХЭГ-аас БОАЖЯ-ны ТНБДаргаар томилсон байна. Одоо энэ алдаагаа засах боломж бий.
Төрийн албаны тухай хуулийн 32.3-д “Яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга болон Засгийн газраас томилдог бусад удирдах албан тушаалтныг энэ хуулийн 26 дугаар зүйлд заасныг зөрчиж томилсон бол холбогдох шийдвэрийг Засгийн газар өөрөө ажлын 14 хоногийн дотор ХҮЧИНГҮЙ БОЛГОНО” гэж заасныг үндэслэн яаралтай Д.Ганболдыг томилсон шийдвэрээ хүчингүй болгож хуульд захирагдах хэрэгтэй.
Тод мөртэй, тодорхой жишээ гэвэл өмнөх сайд Дуламсүрэнгийн ОЮУНХОРОЛ, Намсрайн ЦЭРЭНБАТ нар яамны нэгжийн дарга, мэргэжилтнүүдийг халж, сольж, нутаг ус, найз нөхдөөр дүүргэсэн. Чадваргүй, чадавхгүй өнөөдүүлээс нь гэмт хэрэгт холбогдож яллагдагч, сэжигтэн болж шүүхээр орж, шүүхийн хаалга сахиж сууцгаана. Д.Оюунхорол сайд нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод оргон зайлж эрэн сурвалжлагдаж байна.
Н.Цэрэнбат нь хувийн тансаг зэрэглэлийн “Гэрэгэ” хотхоноо Богд ууланд бариад байж байх жишээтэй. Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл яллагдагчаар татагдан шалгагдаж байна. Тусгай хамгаалалтын газрын дарга Ч.Батсансар төрийн албанд анхнаасаа хууль бусаар томилогдсоныг шүүх тогтоосон атал эргүүлэн томилж л байх жишээтэй. Ийм л нэг дампуурсан яам болчихлоо.
Д.Сарангэрэл сайдын самраа үүгээр ч дуусахгүй бололтой гол усны голидрол өөрчлөх, шонхор шувуу, самар гаргах “нууц” ажиллагааг ч амжуулж явна.
Төрийн албаны хуулийн 30.1-т “Төрийн албаны төв байгууллага өөрөө эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”, 66.1.3.”иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэж заасныг үндэслэн Төрийн албаны зөвлөлд БОАЖ яамны халаа, сэлгээ, томилогоонд яаралтай шалгалт хийж томилогооны зөрчлийг арилгуулахыг шаардаж байна.
Хууль зүй дотоод хэргийн яам, Батлах хамгаалах яаманд ч ийм халаа, сэлгээ ид хийгдэж гомдогсдын арми баримтаа бариад явж байна.
Эх орон, газар шороо, бүрэн бүтэн байдал, уул, усны төлөө тэмцэгч эрхэм нөхөд, журмын анд нар аа, Агаарын бохирдол, утаа, өмхийний эсрэг тэмцэгч хайрт Улаанбаатарчууд аа хурууны тэмцэл чинь ходоодыг чинь дийлэхээс хэтрэхгүй байна.
Ихэс дээдэс хууль зөрчихийг зүгээр харсаар суух уу? Хууль зөрчиж томилогоо хийсэн бүх баримтууд байна. Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд хүртэл түгээж өгнө үү.
2020.12.04.
ЭХ СУРВАЛЖ: “МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨӨХ ХУУЛЬЧДЫН ХОЛБОО” НҮТББ, Ц.ТУЯАЦЭЦЭГ
Сэтгэгдэл (8)