өдөр
шөнө
×

УИХ-ын дарга Г.Занданшатар ББСБ, ХЗХ-дын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох асуудлаар арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэл өгчээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.11.23) Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг хүлээн авч уулзав. КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон нөхцөлд банк санхүүгийн салбарын үйл ажиллагааг доголдуулахгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангах чиглэлээр гаргаж буй шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг Улсын Их Хурлын дарга сонсож, Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн ээлжит бус хурлаас гаргасан багц шийдвэрийн талаар танилцуулав. Үүнд, бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх; банкны заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох; эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх; Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг дөрвөн шийдвэрийг гаргажээ.

Энэ нь КОВИД-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсч буй сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэл дарамтыг зөөлрүүлэх ач холбогдолтой юм байна. Түүнчлэн дунд хугацаанд санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих аж.

Дээрх шийдвэрүүдийн зэрэгцээ эдийн засгийг богино хугацаанд сэргээх, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүднээс зээлийг дахин санхүүжүүлэх 230 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хамрах хүрээг нь өргөжүүлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, уул уурхайн бус экспорт эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг хамруулахаар болсон байна. Түүнчлэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулахаар бэлтгэж байна гэв. 

Мэдээллийг сонссоны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгчид иргэдийн амьдрал, аж ахуйн нэгж бүрд бодит нөлөө үзүүлэх мөнгөний бодлого, зээл, зээл хүүгийн хөнгөлөлтийн арга хэмжээ авах тодорхой санал, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж маргаашийн Түр хорооны хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Үүсээд буй давагдашгүй хүчин зүйлийн улмаас ББСБ, ХЗХ-дын зээлдэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа, орлого тасалдаж, үндсэн зээл, хүүгийн төлбөрийн эргэн төлөлт саатах нөхцөл байдал үүсээд байгааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Улсын Их Хурлын даргад танилцуулав. Түүнчлэн санхүүгийн байгууллагууд цахим хэлбэрээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэв. Даатгалын компаниуд ч үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлсэн аж.

Улсын Их Хурлаас баталсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 183 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд ББСБ, ХЗХ-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгагдсан. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүй байх, төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн гэв. Эл шийдвэрийг холбогдох бүх байгууллагуудад албан бичгээр хүргүүлсэн бөгөөд нэгбүрчлэн утсаар холбогдсон гэв. Түүнчлэн өнөөдрөөс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эл шийдвэрийн талаар мэдээлэл, сурталчилгааг явуулж эхлээд байгаа талаар танилцуулсан юм.

Зээлдэгчид эргэн төлөлтөд хүндрэл үүссэн талаарх тайлбар, холбогдох баримтаа зээлийн гэрээний хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх хүсэлтийн хамт цахимаар гхүргүүлж шийдвэрлүүлэх боломжтой юм байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар ББСБ, ХЗХ-дын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох арга хэмжээг нэр мөр хэрэгжүүлэх талаарх санал боловсруулж, маргааш болох Түр хорооны хуралдаанд танилцуулахыг үүрэг чиглэл болгов. Мөн тус хорооноос боловсруулсан Барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн хүүгийн хэмжээг тогтоох, зээлийн эргэн төлөлтийг түр зогсоох тухай хуулийн төсөлтэй танилцсан болохоо дурдаад, “Энэ төрлийн зохицуулалтыг хийхийн тулд бие даасан хууль батлах шаардлагагүй хэмээн үзэж байна. Харин Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд дээрх зохицуулалтуудыг тусгахаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж Түр хороонд танилцуулах, цаашид яаралтай горимоор өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг үүрэг болгож байна” гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.244)
    Сая надруу ббсб ярилаа үндсэн хүүгээ төл үгүй бол алданга тооцно гэв би төлөөд 7сарын 1 гэхэд 2сая 800 мянган төгрөг төлөөд хүүч буураагүй үндсэн зээлч хасагдахгүй юм иймд гарч ажилаа хиймээр бна
    2020 оны 11 сарын 24 | Хариулах
Top