өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Говьсүмбэрт маань цар тахлын тохиолдол нэмэгдээгүй, вирус илэрсэн 1 иргэний биеийн байдал хэвийн байна

Говьсүмбэр аймагт нэг иргэнээс коронавирус илэрсэн талаар энэ сарын 18-ний өдөр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн. Тэгвэл вирус илэрсэн тухайн иргэний биеийн байдал хэвийн байгаа, 1-р хавьтлын хүмүүсийн шинжилгээний хариу 100 хувь сөрөг гарсан талаар тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг мэдээлжээ.

Тэрээр энэ талаар, “Говьсүмбэрт маань цар тахлын тохиолдол нэмэгдээгүй, вирус илэрсэн 1 иргэний биеийн байдал хөнгөн, хэвийн байна. Өнөөдөр 1-р хавьтлын шинжилгээний дүн гарч дууслаа. Үлдсэн 36 хүний хариу бүгд сөрөг гарсан сайхан мэдээтэй байна. 2-р хавьтлын шинжилгээ 90 хувьтай (сөрөг) явагдаж байна.

УИХ-ын чуулган цахимаар хуралдан онцгой нөхцөлд ажиллаж буй бөгөөд тойргийнхоо асуудлыг тавьж, Аймгийн нэгдсэн эмнэлгээ ашиглалтад оруулахад шаардлагатай 2.6 тэрбум төгрөгийн санхүүжилт, шаардлагатай халдвар хамгааллын хэрэгсэл олгуулах, малчдад ялангуяа отор нүүдлээр яваа иргэдэд тусламж, үйлчилгээ хүргэх, өвөлжилттэй холбоотой асуудлуудыг тавьж шийдвэрлүүлэхээр боллоо. Эхний ээлжинд Эрүүл мэндийн яамнаас 40 гаруй сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт өнөөдөр Говьсүмбэр аймагт маань бууж байна.

Аймгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд маань шуурхай ажиллаж, халдвар хамгааллын дэглэм сахиулж, мөн сумдад нүүрс, ус, хүнс хүргэх ажлыг зохион байгуулсаар байна. Өдөрт 500 гаруй өрхөд хүрч ажиллаж байна. Мөн Аймгийн Улаан Загалмайн хорооноос 30,0 мянган төгрөгийн 100 багц хүнсний бүтээгдэхүүнийг хүнд нөхцөлд байгаа өрхөд түгээх ажлыг өнөөдрөөс эхлүүлсэн байна.

Түргэвчилсэн оношлуураар Төмөр замын их эмчийн салбар, 1, 3 дугаар багийн өрхийн эмнэлэгт шинжилгээ авч буй бөгөөд ард иргэд маань мэргэжлийн байгууллагын зөвлөмж, хуваарийн дагуу шинжилгээндээ хамрагдаарай.

Хамтдаа хичээж, эрүүл мэндээ сахин хамгаалцгаая” хэмээн мэдээлжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.116.66)
    Говьсүмбэрт маань ч гэх шиг, хошин шог, та нар ийм юм хэлэлцэж суухаас ичээч, эдийн засаг энээ тэрээгээ яриач
    2020 оны 11 сарын 22 | Хариулах
Top