Ухаан дутсан газар уур ноёлдог гэдэг. Улс орон даяараа цар тахал нийтэд түгэхээс урьдчилан сэргийлж, хөл хорио тогтоон, дор бүрнээ хичээж байгаа энэ цаг дор Улсын онцгой комиссын хуралдаан дээр Хотын дарга Д.Сумъяабазар хотын иргэдэд хандан хэлсэн үгийн агуулгад анализ хийснээ уншигчиддаа хүргэе.
Сэтгүүлчийн асуусан “Өглөө 07-10 цагийн үед, орой 17-20 цагийн үед автомашин зорчуулна гэсэн. Тэр цагт иргэд ажлаа амжуулах гээд зам дээр гарч түгжрэлийг улам бий болчих бий гэсэн болгоомжлол байна, үүнийг яаж зохицуулж байгаа вэ” гэсэн асуултад Хотын дарга Д.Сумъяабазар хариулахдаа “Би Улаанбаатар хотын захирагчийн хувьд иргэдээсээ нэг л юм хүсмээр байна. Тэр цаг чинь бүгдээрээ гэрээсээ гар гэсэн үг биш шүү дээ, тэр цагт зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ авах, эмнэлгийн үйлчилгээ авах, зайлшгүй хүнсээ авах иргэд маань хоорондын зай дэглэмээ бариад гарах цаг гэж ойлгож болно.
Тэр цаг бүх хүн гарна гэж ойлгож болохгүй. Хэрвээ бүх хүн гарах юм бол хатуу хөл хорио тогтоосон ч болно, шаардлагатай бол тийм арга хэмжээ авсан ч болно, тийм захирамж гаргасан ч болно. Улаанбаатар хотын ард иргэдийн төлөө үнэхээр нойр хоолоо хасаад 26.000 төрийн албан хаагчидаа удирдаад чиглүүлээд явж байна. Хүнд нөхцөл байдал дунд бид нар байгаа гэж ойлгох ёстой. Энэ энх цаг биш, дайны цаг үеийн байдалд бид нар орсон гэж ойлгох ёстой” гэж хэлэхдээ тэрээр бухимдсан байдалтай байв.
Тэгвэл одоо түүний хэлсэн үгэнд анализ хийж үзье.
Юуны өмнө тэрбээр “Би Улаанбаатар хотын захирагчийн (Хотын даргын гэж хэлээгүй) хувиар хэлье” гэв. Энэ нь түүнийг захирагч, асуудлыг шийддэг, эрх мэдэлтэн, хүчтэй шийдвэр гаргагч гэсэн байр сууринаас асуудалд хандаж байгааг илтгэж байна. Үнэндээ Хотын дарга бол Хотын иргэдийг эрүүл аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг хүлээн ажиллаж байгаа томилгоот ажилтан, менежер болохоос дарамтлагч, сүрдүүлэгч огт биш гэдгийг энэ хүн ойлгоогүй яваа бололтой.
Тэрээр үргэлжлүүлэн “Хэрвээ бүх хүн гэрээсээ гарах юм бол хатуу хөл хорио тогтоосон ч болно, шаардлагатай бол тийм арга хэмжээ авсан ч болно, тийм захирамж гаргасан ч болно” гэв. Өөрөөр хэлбэл үгэнд орохгүй бол “иргэдийг хүч хэрэглэн хөл хорио тогтоож чадна шүү” гэсэн нь бухимдсан уурласан үедээ хүч хэрэглэхийг илүүд үздэг сэтгэл зүйн онцлогтойг илэрхийлж байна.
Дараагийн удаад “Улаанбаатар хотын ард иргэдийн төлөө үнэхээр нойр хоолоо хасаад 26.000 төрийн албан хаагчдаа удирдаад чиглүүлээд явж байна” гэсэн нь нэг талаас 26 мянган төрийн албан хаагчийг удирдаж байгаа гэдгийг онцлон хэлж байгаа нь өөрийгөө хүчтэй, бяртай, эрх мэдэлтэй гэсэн утгыг олон нийтэд илэрхийлсэн бол “иргэдийн төлөө нойр хоолоо хасан ажиллаж байгаа” гэдгээрээ ялархсан, төвөгшөөсөн байдлаа тодотгоод зогсохгүй Хотын ажил хүнд хэцүү гэдгийг одоо л зах зухаас нь ойлгож, өмнө ажиллаж байгаагүйгээр ажиллаж байгаагаа дурдсан тунирхал юм.
Үнэндээ иргэдээс хэн ч түүнийг Хотын дарга болооч гээгүй бөгөөд өөрөө л УИХ-ын эрхэм гишүүний зөөлөн суудлаасаа бууж, зүтгэн зүтгэсээр санасандаа хүрсэн мань эр хотын дарга ийм нөхцөл байдалтай ажилладаг гэдгийг төсөөлөө ч үгүй байх. Тиймдээ ч тэр бухимдалаа санамсаргүй хэлсэн үг, биеийн хэлэмж, дуу хоолойн өнгөөрөө илэрхийлж орхив.
Хамгийн сүүлд хэлсэн үг нэлээд “ноцтой” гэмээр. Тэр нь “Энэ энх цаг биш, дайны цаг үеийн байдалд бид нар орсон гэж ойлгох ёстой” гэв. Мэргэжлийн сэтгэл зүйчдийн хувьд түүнд “байлдаантай кино бага үз” гэж хэлэх байсан биз. “Энх цаг биш, дайны цаг үеийн байдал” гэж тэрбээр юуг хэлээд байна вэ. Монголчууд бид дэлхийн II дайны хүнд хэцүү үе, Ленинградын бүслэлт шиг нөхцөлд орж байсан удаагүй. Гэсэн хэдий ч дайн бол хүсэх зүйл огт биш гэдгийг мэдэж байгаа. Дайны хажууд 14 байтугай хоногийн хөл хориог зүйрлэх юм биш. Хотын дарга маань хүч хэрэглэх, хүчтэй байх дуртай нэгэн бололтой.
Мань эр удахгүй Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулсны дагуу Хотын иргэдийг гэрээс нь гаргахгүйн тулд цэрэг арми, буу шийдэм хэрэглэхэд гайхах хэрэггүй биз. Учир нь тэрбээр өнөөгийн нөхцөлийг хүний амь нас, эрх чөлөөний эсрэг чиглэдэг ДАЙН бүхий байдалтай жишиж ойлгоод явж байна.
Нийтэд хандаж хэлсэн хэдхэн үг, биеийн хэлэмжээрээ иргэдийнхээ эсрэг хандахад бэлэн байгаа ийм хүн цаашид нийслэлийн иргэдийн эрх ашгийг төлөөлж Хотын даргаар ажиллана гэдэгт иргэдийн итгэл нэгэнт алдрав бололтой.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN