УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулан мөнгө авч байсан асуудлыг бид энэ удаа хөндөж байна.
УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын эзэмшлийн ТБД андууд гэх дэлгүүр бий. Уг дэлгүүр нь Лайф стайл андууд ХХК-ийн нэр бүртгэлтэй байдаг бөгөөд тус компанийг Д.Тэрбишдагва эзэмшдэг байна.
Тэгвэл Д.Тэрбишдагвын эзэмшлийн Лайф стайл андууд ХХК Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай 2019 оны наймдугаар сард бараа үйлчилгээ нийлүүлэх гэрээ байгуулж, 2019 оны 8-р сарын 12-ний өдөр Лайф стайл андууд ХХК-ийн данс руу Эрдэнэт үйлдвэрээс “ахуйн бараа” гэсэн гүйлгээний утгатай 49 сая төгрөгийг шилжүүлсэн байна.
Мөн УИХ-ын гишүүн асан Л.Болдын эзэмшлийн Бодь даатгал ХХК ч бас Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулан мөнгө авчээ. Тодруулбал Бодь даатгал ХХК 2019 оноос хойш 237 орчим сая төгрөгийн даатгалын төлбөрт Эрдэнэт үйлдвэрээс гаргуулан авчээ.
Мөн УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн Долоон болдог гэх ХХК Эрдэнэт үйлдвэрт тавилга нийлүүлсний төлбөрт 2019 онд 7.2 сая төгрөгийг гаргуулан авч байсан байна.