“Моннис” группын ерөнхийлөгч Б.Чулуунбаатар гэх эрхмийг төрийн томчуудтай хэлхээ холбоо сайтай нэгэн гэж ярилцдаг нь оргүй хоосон үг биш. Тэр ч утгаараа Моннис групп төрөөс зарласан өндөр мөнгөн дүнтэй тендерүүдийг хуугаар нь хамдаг байх хэмээн хардаж байна. Б.Чулуунбаатар гэх эрхмийн тухайд аль 2000 онд л Н.Энхбаярыг Монголын хаанаар өргөмжлөгдөн мандаж явахад нөмөр нөөлөгт нь багтаж явсан гэх юм билээ. Өдгөө ч тэрээр энэ цагийн нэр нөлөө бүхий эрх мэдэлтнүүдтэй дөрөө харшуулан явна. Эндээс харвал Б.Чулуунбаатар аль ч төрд нүүртэй нэгэн бололтой.
Харамсалтай нь сүүлийн үед Б.Чулуунбаатар дааж давшгүй шуналаасаа болж тун ч барцадтай явах болжээ. Учир нь УИХ-ын гишүүн С.Амарсайханыг хотын даргаар ажиллаж байх хугацаанд түүнтэй үгсэж 65 мянган долларын сургуулийн автобусыг ( МҮХАТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшингийн мэдэгдлийг иш татав) БНХАУ-аас 130 мянган доллароор оруулж ирэн төрд “шахсан” нь хамаг амьтны уур цухлыг төрүүлээд зогсохгүй хуулийн байгууллагын анхаарлыг ч бас өөр дээрээ татахад хүргэчихжээ.
65 мянган ам.долларын автобусыг хоёр дахин нугалж төрд шахсан гэх энэхүү асуудлын цаана авилга, албан тушаалын хэрэг байгаа нь хэнд ч ойлгомжтой. Энэ ч утгаараа уг хэргийн мөрөөр АТГ лавхан явж ороод С.Амарсайхан, Б.Чулуунбаатар нарыг шалгаж байгаа гэдгийг баттай эх сурвалж хэлж байна.
Зарим хэвлэлд мэдээлснээс харахад нэг бүр нь 130 мянган ам.долларын үнэтэй 200 ширхэг сургуулийн автобусыг Нийслэл худалдан авахдаа ямар ч тендер сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Моннис групп”-ын харьяа “Моннис моторс” ХХК-д давуу байдал бий болгон олгожээ. Бүр нийт автобусны мөнгийг “Моннис моторс”-т шилжүүлсэн байсан гэх мэдээлэл ч чих дэлсэж байна.
С.Амарсайхан, Б.Чулуунбаатар нарын хоршил энэ хүрээд өндөрлөсөнгүй. С.Амарсайхан хотын даргаар ажиллаж байхдаа нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нийслэлийн цагдаагийн газарт 92 ширхэг, Нийслэлийн эрүүл мэндийн газарт 40 автомашин худалдан авах ажиллагааг мөн л ямар ч тендер зарлалгүйгээр нөгөө л нэг Моннис группын охин компани болох Моннис Моторс ХХК-д олгож байжээ.
Уг автомашинуудыг С.Амарсайхан Хотын даргын суудлаас бууж УИХ-ын гишүүн болсны хойно буюу 2020 оны наймдугаар сард Моннис моторс ХХК Нийслэлд хүлээлгэж өгчээ.
Уг нь бол Нийслэлийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2020 оны Худалдан авах ажиллагааны 2020 оны 5-р сарын 25-ний өдрийн төлөвлөгөөнд дээрх автомашинуудыг худалдан авахдаа нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлана хэмээн С.Амарсайхан өөрөө тусгасан байжээ. Гэтэл тухайн үеийн хотын дарга С.Амарсайхан ямар ч тендер зарлалгүйгээр гэнэтхэн л баталсан төлөвлөгөөгөө зөрчин 12 тэрбум 355 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг Моннис группт өгчихсөн байна.
Энэ мэтээр С.Амарсайхан, Б.Чулуунбаатар нарыг ухаж шалгавал овоо их юм гарч магадгүй нь. Учир нь “Хүрээний бузрыг ухвал далай, далай...” гэдэг лугаа С.Амарсайхан, Б.Чулуунбаатар нарын наанаа гэм зэмгүй мэт харагдах нөхөрлөлийн цаана улсыг хохироосон асар их гэмт үйлдлүүд нуугдан байж болзошгүй байна.
Төгсгөлд нь хэлэхэд цагаан захтнуудад ихээхэн халгаатай байгаа энэ цаг үед С.Амарсайхан, Б.Чулуунбаатар нарын хэргийг АТГ ямар нэгэн нөлөөнд оролгүй шударгаар шалгаж чадвал улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр тэд тун удахгүй 461-р анги руу ачигдах нь тодорхой юм.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (31)