өдөр
шөнө
×

Зөвлөлдөх санал асуулгын сэдэв тодорхойлох, асуулга боловсруулах арга зүй мэдээлэл, сургалт боллоо

Монгол Улсын Их Хурлаас Бэлчээр хамгаалах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр  ахлуулсан Зөвлөлдөх санал асуулгыг  зохион байгуулахад туслалцаа үзүүлэх ажлын хэсгийг байгуулаад байна. Зөвлөлдөх санал асуулга нь Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар аливаа шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангах, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх, түүнийг эрэмбэлэх, шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдөж хамтын оюун ухаанаар шийдвэр гаргах үйл явц юм.  Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиийг 2017 онд батлаж энэ дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд иргэдийн саналыг тусгасан.

УИХ-аас зөвлөлдөх санал асуулгын Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүний батлан санал асуулгын сэдвийг тодорхойлж, товыг тогтоох юм.

Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, Хууль эрхзүйн газар хамтран   өнөөдөр /2020.11.06/ “Зөвлөлдөх санал асуулгын сэдэв тодорхойлох, асуулга боловсруулах арга зүй” сургалтыг салбарын эрдэмтэн судлаачид, БХ-ны ажлын хэсгийн гишүүд,  зөвлөлдөх зөвлөлийн ажлын албаныханд зориулан зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан эдгээр хүмүүс цаашид зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах ажлын хэсгүүдэд хуваагдан ажиллах юм.

Сургалтад УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль болон анхдугаар санал асуулгын туршлагын талаар илтгэл тавьсан бол Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кейнинг цахимаар оролцож Зөвлөлдөх санал асуулгын сэдэв тодорхойлох, асуулга боловсруулах арга зүйн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын төвийн доктор, профессор Жеймс Фишкин энэхүү сургалтад зориулан Зөвлөлдөх ардчилал, зөвлөлдөх санал асуулгын тухай ерөнхий ойлголт, үйл явц, үр дүнгийн талаар видео мэдээлэл, танилцуулга  бэлтгэн ирүүлсэн байна.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу Үндэсний статистикийн хороотой хамтран баг, сум, аймаг бүрт мэдээлэл хүргэн, хэлэлцүүлэг зохион байгуулж, аймаг, сум бүрийг хамруулан түүврийн аргаар сонгон авсан иргэдээс асуулга авч,  эцэст нь Улаанбаатар хотноо иргэдийн төлөөллийг цуглуулан зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах юм. Өнөөдрийн уулзалтад Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал оролцож Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар санал асуулга зохион байгуулсан туршлагын талаар оролцогчдын асуултад хариулж мэдээлэл өгөв. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Д.Өнөрболор нар оролцсон юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top