Төрийн албыг төрлийн алба болгож төрсөн ах дүүсээ ичиж нэрэлхэлгүйгээр төрд шургуулж орхисон нэгэн бол одоогийн Шадар сайд Янгугийн Содбаатар. Я.Содбаатарын ургийг модыг товч зурвал төрсөн ах Я.Сод-Эрдэнэ нь 2016 оны 9-р сараас хойш Хөгжлийн банкны дэд захирлын албан тушаалыг хашиж байна.
Харин Я.Сод-Эрдэнийн эхнэр болох Р.Сарантуяа Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Зах зээлийн судалгааны газрын даргаар 2016 онд томилогдон ажиллаж байгаад саяхан ажлаа өгчээ.
Я.Содбаатарын төрсөн дүү Я.Содчимэг Эрдэнэс Тавантолгой компанийн Санхүүгийн бүртгэлийг хэлтсийн Даатгал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг бол өөр нэг дүү Я.Содсоёмбо нь Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн төслийн мэргэжилтнээр ажилладаг юм байна.
Хөгжлийн банкны дэд захирал Я.Сод-Эрдэнийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Р.Сарантуяагийнх нь байгуулсан “Нама-Оч” ХХК гэх нэгэн компани бий. Тус компани гар утасны худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, цайны газрын үйлчилгээ, программ хангамжийн үйлчилгээ гэх мэт чиглэлүүдэд үйл ажиллагаа явуулдаг хэмээн Улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Гэтэл Я.Содбаатар 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаанд буюу 2019 оны 5-р сараас 2020 оны 4-р сар хүртэлх хугацаанд Я.Сод-Эрдэнэ, Р.Сарантуяа нарын “Нама -оч” ХХК "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т бараа үйлчилгээ нийлүүлж 1.9 тэрбум гаруй төгрөгийг тодорхой хугацаанд хэсэгчлэн авсан баримт Эрдэнэт үйлдвэрийн шилэн дансны мэдээлэлд байна.
Тухайлбал, “Нама-оч” ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ган хоолой нийлүүлсний төлбөрт 2019 оны 5-р сарын 27-ний өдөр 298 сая 526 мянган төгрөийг, 2019 оны 6-р сарын 13-ний өдөр 627 сая 756 мянган төгрөгийг, 2019 оны 8-р сарын 16-ний өдөр 401 сая 827 мянган төгрөгийг тус тус авчээ.
Өөрөөр хэлбэл Я.Содбаатарын төрсөн ах Хөгжлийн банкны дэд захирал Я.Сод-Эрдэнийн хамаарал бүхий “Нама-оч” гэх компани ийнхүү Эрдэнэт үйлдвэрээс гуравхан сарын дотор 1 тэрбум 327 сая 929 мянган төгрөгийг авчихжээ.
“Нама-Оч” ХХК-ийн Эрдэнэт үйлдвэрээс авсан их хэмжээний мөнгө энэ хүрээд зогссонгүй. Тэд ган хоолой нийлүүлэх ажлаа үргэлжлүүлж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2019 оны 11-р сарын 21-ний өдөр дахин 213 сая 121 мянган төгрөг, 2020 оны 4-р сарын 24-ний өдөр 446 сая 220 мянган төгрөг буюу нийтдээ 659 сая 341 мянган төгрөгийг үргэлжлүүлэн авчээ.
Я.Содбаатарын төрсөн ах Я.Сод-Эрдэнийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хийсэн “шахааг” нэгтгээд үзвэл “Нама-Оч” ХХК энэ бүх хугацаанд нийтдээ 1 тэрбум 987 сая 270 мянган төгрөг авсан болох нь тодорхой байна.
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн тус үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн үеэр төрийн өмчийн хөрөнгөөс тэрбум тэрбумаар нь хувийн тансаглалдаа зарцуулсан увайгүй гэмээр баримтууд сүүлийн үед шилэн дансны мэдээллээр олон нийтэд ил болсон. Гэтэл Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороо Х.Бадамсүрэнгийн эл үйлдэлд хариуцлага тооцох нь бүү хэл түүний толгойг илээд өнгөрөх нь нэгэнт тодорхой болсон байна. Бүр улсын үйлдвэрийг их наядын ашигтай ажиллуулсан хүн энэ зэргийн хангамжийг хувьдаа хүртэх нь хэвийн үзэгдэл хэмээн пиардав.
Х.Бадамсүрэнгийн ард Ерөнхийлөгч асан Н.Баганбанди байдаг гэх яриа хэзээнээсээ байдаг юм билээ. Тэгтэл Эрдэнэт үйлдвэрт энэ мэтээр ашиг сонирхолтой Шадар сайд Я.Содбаатар сүүлийн үед Х.Бадамсүрэнг цээжээрээ өмгөөлөн суудаг болсон гэх зүйлийг эх сурвалж хэлж байна. Энэ утгаараа Н.Баганбанди дээр Я.Содбаатар нэмэгдэн Х.Бадамсүрэнг өмгөөлж хамгаалдаг хүч нэмэгдсэн бололтой.
Ядаж байхад Я.Содбаатар Засгийн газрын гишүүний хувиар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдчихсон. Энэ маягаараа бол цаашид Я.Содбаатар Эрдэнэтийг шалгасан, Х.Бадамсүрэн Я.Содбаатарт шалгуулсан нэр зүүгээд ёстой нөгөө хонь бүрэн, чоно цатгалан гэдэг шиг зүйл болоход тун ойрхон байна.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (17)