Төрийн өмчит том компанийн захирал тэр чигээрээ албан тушаалын нэр зүүсэн эрсдэл. Гэвч тэр Тавантолгойн төсөлтэй гэсэн энэ том үйл хэрэгтэй 2007 оноос амьдралаа холбож, улс төрийн томилгоогоор ажиллаж буй захирал хэмээгдэж байгаа ч хэзээ ч энэ төсөлд хоноцын сэтгэлээр хандаж байсангүй. Тэрбээр Тавантолгойг Монголын нүүрийг дэлхийд өнгөлөх төсөл болгохоор зүтгэсний хүчинд өнөөдөр нэг тэрбум ам.долларын орлоготой үндэсний аварга компани болгоод байна.
“Төрийн компанийн ямар ч сайн захирал сайн нэр зүүхгүй байх магадлал өндөр, тэр чигээрээ эрсдэл. Угаасаа л бизнес бол эрсдэл дунд байдаг орон зай шүү дээ”. “Өнөөдөр Монголд ТӨК-ийн захирал гэж хэн бэ?” гэсэн асуултад тэр ингэж хариулав. Байн байн хэвлэлээр, олон нийтийн сүлжээгээр муулуулна. “Энэ нөхөрт заавал НО байх ёстой” гэсэн хандлагыг нийгэмд бий болгохыг хүсдэг хэсэг ч бий. Тэр нь олон нийтийн дунд амь бөхтэй орших төр муу менежер шүү гэх дохиог өгсөөр ирсэн. “Өглөө босохдоо амжуулах ажлаа төлөвлөхөөс гадна, за өнөөдөр, хаана, ямар мэдээлэл гарсан бол гэх бодол хэвийн үзэгдэл мэт болж дээ” гэж энгийнээр хэлэх нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын ажлын хэв маягийн нэгэн хэсэг гэлтэй.
Б.Ганхуяг бол уул уурхайн салбарт тохиолдлын хүн биш. Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байхад аав, ээж нь илгээлтийн эзэд болон очиж суурьшжээ. Ээж нь үйлдвэрийн Чанарын хэлтэст насаараа ажилласан, харин аав нь цахилгаачнаас эхлээд, өөрийн сонирхолын дагуу боксын спортыг хөгжүүлэх үйлсийг Эрдэнэтэд өрнүүлсэн ОУХМ, энэ спортын нэр хүндтэй хүмүүсийн нэг нь аж. Эцэг, эхээс дөрвүүлээ тэрбээр Эрдэнэт хотод ерөнхий боловсрол эзэмшин, Налайхад цэргийн алба хааж, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуулийн мэргэжлээр төгссөн. 2005 онд магистрийн зэрэг, хожим докторын зэргийг “Тавантолгойн бүлэг ордын хөгжлийн бодлогын асуудал” гэсэн сэдвээр диссертациа хамгаалжээ. Тавантолгойн төсөл гэсэн энэ том үйл хэрэгт 2007 оноос эхлэн оролцож, эдүгээ ачааны хүндийг үүрээд явж буй нь аав, ээж, гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хувьд бахархал болж байна.
ТАВАНТОЛГОЙН СААРАЛ ОН ЖИЛҮҮД
Таван Толгой хэмээх Монголын үлэмж том хэрнээ маш ээдрээтэй компани, хамт олны өнгөрүүлсэн бүхий л хүндрэл, бэрхшээл, жаргал зовлон бүр Б.Ганхуягийн амьдрал, түүхтэй салшгүй холбоотой. 2007 онд стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой байгуулагдаад байсан “Эрдэнэс МГЛ” компанийн анхны таван ажилтны нэг нь тэр байв. Тэрбээр Тавантолгойн төсөл дээр түгээмэл тархацтай ашигт малтмалын ордтой холбогдох асуудлыг хариуцан ажиллаж байжээ. Түүнийг ажилд ороход “Эрдэнэс МГЛ” нь өмч хөрөнгө, машин унаагүй, Төрийн өмчийн хорооны байрны дөрвөн давхарт байрладаг компани байлаа. Тэр ямар ч ойлголт, мэдээлэлгүйгээр уул уурхайн салбарт хөл тавьсан хүн.
2009 онд Тавантолгойн орд газрын тусгай зөвшөөрлийн 92 хувийг төрд буцаан авч, 2010 онд стратегийн хөрөнгө оруулагчийн эрэлд гарсан ч үр дүн гараагүй. Мөн онд Энержи Ресурс компани өөрийн 100% эзэмшдэг ММС компаниар дамжуулан Хонконгийн бирж дээр IPO гаргав. Үүнээс долоохон хоногийн дараа Засгийн газар “Эрдэнэс-Тавантолгой” компанийг байгуулж, Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийх найман тусгай зөвшөөрлийг олгосон юм.
Үүнээс хэдхэн сарын өмнө 49 хүнээс бүрдсэн төслийн баг Тавантолгойд хэдэн гэртэй суурьшсанаар уурхайн олборлолтын ажил эхэлсэн түүхтэй. Уурхайн олборлолт эхлүүлэх төслийг Б.Ганхуяг хариуцан, анхны захирал нь болов. Дотоодын банкуудын зээлээр санхүүжиж байсан “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ажилчдын цалин бага, орон байр, техник хэрэгслээр тун тааруухан эхлэв. Гэтэл хажууханд нь байх Ухаа худагт Энержи ресурс компанийн ажилчдын эдэлж байгаа хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмж, гадаадын зөвлөхүүд, ажилчдын цалингийн хэмжээ гээд тэнгэр газар шиг ялгаатай хоёр уурхайн үйл ажиллагаа зэрэгцэн оршиж байлаа. “Тэр үед төрийн компани ийм л байдаг гэдгийн ичгүүртэй гэрч нь бид байсан” гэж Б.Ганхуяг захирал ярьж байна.
2012 оны сонгууль ойртож, Тавантолгойн төслийг улс төрийн санхүүжилт олох мөнгөний гахай болгох эхлэл тавигдав. Хятадын төрийн өмчит Чалко компаниас урьдчилгаа төлбөр авах тухай яригдаж, дээрээс төрөл бүрийн шахалт ирсээр. Улмаар 2011 оны зун Чалко-д нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр нийт 350 сая ам.долларыг хүүтэй зээлэв. Ингэхдээ суурь үнийг БНХАУ-д мөрдөгддөг үнийн индексээр тооцсон юм.
7.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй “Эрдэнэс-Тавантолгой” компани энэ мэтээр 2016 оныг дуустал улс төрийн болоод эдийн засгийн байж болох бүх дарамт, шахалтыг туулав.
Ийнхүү 2017 оныг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” компани улстөржилт, улс төрчдийн буруу шийдвэр, түүхий эдийн уналт, өр зээлийн асуудалтай бараан саарал он жилүүдийг туулсан. Гадаад, дотоодод нийт 550 сая ам.долларын өр тавьж, энэ мөнгийг оюутны сургалтын төлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, хүүхдийн мөнгө, эх орны хишиг, ахмадын мөнгө, сайн хувьцаа зэргээр тараагаад дууссан.
Мөн 2014 онд Ухаа худаг – Гашуун сухайтын авто замыг төрд авах болон татварын урьдчилгаа авах зорилгоор Чингис бондын хөрөнгөнөөс Хөгжлийн банкаар дамжуулан 200 сая ам.долларын өрийг компанийн нэр дээр дахин авав. 2014 ондоо компани 100 сая ам.долларын алдагдалтай ажиллаж, дээр нь компанийг тойрсон хэрүүл, маргаан нийгэмд улам гаарсан. 7.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй “Эрдэнэс-Тавантолгой” компани энэ мэтээр 2016 оныг дуустал улс төрийн болоод эдийн засгийн байж болох бүх дарамт, шахалтыг туулав. Олсон бүх мөнгө нь улс төрийн шалтгаанаар элсэнд асгасан ус шиг алга болчихно. “Энэ бүгдийг давж гарсан нь манай уурхайчид. Хоёр ч удаа цаасан дээр шийдвэр гарч гадаад, дотоодын компаниудад өгөх гэж байсан энэ төслийг ирээдүйд Монголын амин чухал төсөл болно гэдэгт уурхайчид маань итгэлтэй, тууштай байж чадсанаар нь бахархдаг” гэж Б.Ганхуяг онцоллоо.
Өнөөдрийн өнцгөөс харахад хэрэв олборлолтын өртгөө багасгаад, зөв менежменттэй явсан бол уг компани 2014 оны хямралд өртсөн ч 2015 ондоо тэгтлээ сөхрөхгүй байх боломж байсан тухай тэр хэлэв. Нүүрсний үнэ унахад нөхцөл байдал хүндэрч компанийг яах вэ гэдэг асуудал менежментийн багийнханд тулгарсан. Гадаад, дотоодын өр зээлд хүлэгдсэнээр өсөх боломжгүй болж цалингаа тавьж ч чадахгүй хэмжээнд хүрч байсан удаа бий.
НЭГ ИХ НАЯДЫН ҮНЭ ЦЭН
Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, өр зээл, улс төрийн зодоонд туйлдсан Эрдэнэс Тавантолгой компанидаа Б.Ганхуяг 2016 онд тэргүүн дэд захирлаар эргэн ирэв. Ажилчдын нүдэнд ямар ч итгэл найдвар, гэрэл гэгээ байхгүй болсон дүр зураг угтжээ. Компанийн орлого бага, зардал өндөр, урсгал зардлуудын хяналт суларсан байв. Тиймээс шинээр томилогдсон Д.Ариунболд захиралтай удирдлагын баг эхний ээлжинд хэмнэлтийн горимыг хэрэгжүүлсэн байна. Чалко-гийн өрийг богино хугацаанд дарж дуусгахын тулд байж болох бүх зардал, хөрөнгө оруулалтыг танав. Мөн нүүрсээ хамгийн бага үнээр худалдаж, зөвхөн Чалко-гийн өртэй зууралдаж, түүнээсээ цааш харж ажиллаж чадахгүй байсныг өөрчилж шинэ худалдан авагчтай болох арга замыг эрэлхийлэв.
Хэмнэлтийн арга хэмжээний үр дүн удалгүй гарч 2017 оны хавар Чалкод өгөх өрөө бүрэн барагдуулснаар 2022 он хүртэлх үндсэн гэрээ хэвийн хэрэгжих боломж бүрдэж, 2018 оны намар Хөгжлийн банкны 280 сая ам.долларыг хүүгийн хамт эргүүлэн өглөө.
2016 оноос улс төрийн нөхцөл байдал сайжирч УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл том төслүүдээ урагшлуулах тал дээр нэгдсэн ойлголтод хүрч, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д ажлаа хийх бололцоог олгосон. Улс төрийн дарамт багассанаар компанийн удирдлага ажлаа тайван хийх бололцоо гарч, Тавантолгойн төслийг тойрсон авто зам, төмөр зам, цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг эхлүүлэх орон зай үүсэв. Мөн гадаад, дотоод өрөө дарж, эдийн засгийн нөхцөл байдал сайжрахын зэрэгцээ цэвэр ашигтай ажиллаж, дэлхийн зах зээлээс хөрөнгө татах ажил гараанаас гарснаар олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхол ахин төрж, хэлэлцээрүүд хэвийн үргэлжлэх болов. Өмнө нь хоёр ч удаа хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээ нь амжилтгүй болж байсан төсөл “Эдийн засгийн өндөр үр ашигтай” гэсэн ангилалд багтах нь тэр.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 онд 807 тэрбум, 2019 онд 2.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь манай улсын эдийн засгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэх үйл явдал болов. “Манай компани 986 ажилтантай. Нэг уурхайчин ойролцоогоор нэг сая ам.долларын үнэ цэн бүтээсэн гэсэн үг. Тэгэхээр бид сая долларын уурхайчидтай гэж хэлэх дуртай” гэж Б.Ганхуяг захирал бахархалтай ярив.
1072 ХУВЬЦАА ЗҮГЭЭР ТОО БИШ ИРГЭН БҮРИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЗЭВСЭГ
Хувьцаа гэдэг бол баялгийг шударга хуваарилах гайхалтай нэгэн хэрэгсэл. Монгол Улс анх 1992 онд цэнхэр, ягаан тасалбар буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг иргэн бүрт өгснөөр улс орны баялгийг иргэддээ шударга хуваарилах оролдлого хийсэн билээ. Өмч хувьчлалын хүрээнд 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн нийт 96.1 сая хувьцааг гаргасан. Гэхдээ энэ оролдлого бүтэлгүйтэж иргэн бүр хувьцаатай болж чадаагүй, хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт үндсээрээ унасан.
2011 онд Монголын Засгийн газар нийт иргэдэд баялгийг хувиарлах хоёр дахь оролдлогыг түүхэндээ хийж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 20 хувь болох гурван тэрбум хувьцааг тарааж өгсөн нь 1072 хувьцаа. 1072 хувьцаа бодит амьдрал болж, Б.Ганхуягаар ахлуулсан менежментийн баг хоёр жил орчим ногдол ашиг тараах бэлтгэл ажлыг хийжээ. Тэдний хувьд ногдол ашиг гэдэг бол зүгээр нэг тоо биш, эдийн засгийн зэвсэг, бодит үнэлгээ бүхий үнэт зүйл гэдгийг хүмүүст ойлгуулах нь маш чухал байв. Б.Ганхуяг Гүйцэтгэх захирлын ажлыг авангуутаа 2018 онд “1072 мэдээллийн төв”-ийг байгуулж, ногдол ашиг тараана гэсэн мэссэжийг нийгэмд өгөв.
1072-ын ногдол ашиг өгч эхэлсэн нь хувьцааны үнэ цэнийг бодитоор тогтоосон, хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэний эрхийг хэрэгжүүлсэн, стратегийн болоод тактикийн хувьд компанийг ирээдүйд учрах том эрсдэл, санхүүгийн савалтаас сэргийлсэн чухал шийдвэр байв.
Б.Ганхуяг болон түүний багийн хувьд 1072-ын ногдол ашиг бол улс төрийн хэрэгсэл биш бөгөөд яагаад хоёрдогч зах зээл дээр “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг гаргаж болохгүй вэ гэдгийг нийгэмд таниулах нь амаргүй ажлуудын нэг байсан. Монголын хөрөнгийн зах зээл болоод олон нийтийн сэтгэхүй бэлэн биш байгаа учраас 1072 хоёрдогч зах зээлд гарвал үнэ нь унаж, гадна, дотны мөнгөтэй цөөн хэдэн хүн стратегийн том ордын хувьцааг гартаа төвлөрүүлэх магадлал өндөр. Тиймээс цэнхэр, ягаан тасалбар үнэгүйдэж, мэдээлэлд ойр байсан нэг хэсэг нь бусдынхаа хувьцааг хямдаар худалдан авч байсан 30-аад жилийн өмнөх гашуун туршлагыг давтах ёсгүй байлаа. Ногдол ашигт тараасан 179 тэрбумыг хайран мөнгө, тэр мөнгөөр бусад төслөө санхүүжүүлж болох байсан гэж ярих хүн цөөнгүй байгаа ч 1072-ын ногдол ашиг өгч эхэлсэн нь хувьцааны үнэ цэнийг бодитоор тогтоосон, хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэний эрхийг хэрэгжүүлсэн, стратегийн болоод тактикийн хувьд компанийг ирээдүйд учрах том эрсдэл, санхүүгийн савалтаас сэргийлсэн чухал шийдвэр байв. Түүнчлэн 1072 нь манай улсын хөрөнгийн зах зээл идэвхижих, хүмүүс хувьцааны утга учир, үнэ цэнийг ойлгох нэгэн том хөшүүрэг болсон тухай экспертүүд хэлж байгаа.
Одоогоор 1.9 сая иргэн хувьцааныхаа ногдол ашгийг авчээ. Энэ мөнгийг компани зөвхөн олборлолтын үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлж байна. Цаашид шинээр баригдаж байгаа хоёр төмөр замын 66 хувь, баяжуулах үйлдвэрийн 100 хувь, цахилгаан станцын 30 хувийн орлогууд нэмэгдээд эхэлвэл хувьцааны үр өгөөж улам нэмэгдэж, 1072-ыгоо зарах хүн олдохоо больж, компанийн хувьцаа хоёрдогч зах зээлд гарах дархлаа бий болж эхлэх юм.
МОНГОЛЫН НЭРИЙН ХУУДАС
Өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК бизнесийн зарчимаараа Засгийн газрын дэмжлэгийн хүрээнд, улс төрийн уур амьсгалын хувьд хамгийн таатай нөхцөлд ажиллаж байна. Цар тахлаас үүдэж орлогын нилээдгүй хэсгээ алдаж байгаа ч компани хариуцсан бүхий л төслүүдийн санхүүжилтийг зогсоолгүй хийж, хэвийн ажиллаж, цаашдаа засаглалаа хөгжүүлж орчин үеийн холдинг компани болох үүд хаалгаа нээв. 2020 оны 2-6 дугаар сард компани орлогынхоо 71 хувийг алдсан ч төлөвлөсөн төслүүдээ санхүүжүүлж, бүхий л барилга, байгууламж, бүтээн байгуулалтын ажил, худалдан авалтыг хийж, ажилчдынхаа цалинг 45 хувиар нэмжээ.
Өнөөдрийн байдлаар нүүрс тээвэрлэлт сэргэсэн. Цаашдаа орлогын урсгал хэвийн байвал хамгийн их бүсээ чангалж, хөрөнгө босгох үүрэг хүлээсэн 2021-2022 оноо асуудалгүй давж, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд нүүрс ачсан цуваагаа хөдөлгөж, нүүрс тээвэрлэлтээ эхлүүлэх боломжтой. Цаана нь Тавантолгой-Ханги чиглэлийн авто зам, Гашуун сухайтын тойрог зам, Ус хангамжийн систем, Нүүрс баяжуулах үйлдвэр, Цахилгаан станц, нүүрс ачилтын нэгдсэн төв, шинэ суурьшлын бүс буюу Эрдэнэсийн хотыг байгуулж, хот болон зам дагасан бусад хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг байгуулах гэсэн олон ажлыг хэрэгжүүлэх боломж гарч ирнэ.
Улс төрөөс хараат бус, зөвхөн зах зээлийн зарчмаар ажилладаг Төлөөлөн удирдах зөвлөлтэй болох нь компанийн дараагийн нэгэн том зорилт болж байна.
Өнөөдөр компани өөрийн хөрөнгөөр 2021 оны гуравдугаар сард ашиглалтад орох 350 уурхайчны орчин үеийн капитал барилга бүхий кэмп, төслийн бүх үйл ажиллагааг зохион байгуулах 200 хүний оффисыг барьж байна. Мөн дараа жилийн хавраас 3000 айлын орон сууцыг барьж эхэлнэ.
Хамгийн чухал нь Засгийн газар анх удаа Энержи ресурс, орон нутгийн Тавантолгой ХК, тээврийн компаниуд гэх зэргээр төслийн бүх оролцогчийг багтаасан, ордыг бүхэлд нь хамарсан гадаргуугын ерөнхий төлөвлөгөөг баталж, 2035 он хүртэл хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулж, мөрдөхөөр ажиллаж байна. Ингэснээр төслийн ажил ямар нэгэн саад тотгоргүй урагшлах түүхэн тохироо үргэлжилнэ гэсэн үг.
Тиймээс улс төрөөс хараат бус, зөвхөн зах зээлийн зарчмаар ажилладаг Төлөөлөн удирдах зөвлөлтэй болох нь компанийн дараагийн нэгэн том зорилт болж байна. Б.Ганхуяг “Эрдэнэс-Тавантолгой” ХК гэх компанийг олон төрлийн жимсээр баялаг, Монголын эдийн засгийн үндэс мод болгож чадсан гэж хэлэх бүрэн үндэслэл бий.
2016 оныг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК нь мэдээлэл гадагшлахдаа маш муу байгууллага байв. Гүүглээс мэдээлэл хайхад сөрөг голдуу мэдээлэл гарч ирдэг, компанитай холбоотой гүтгэлэг гарсан үед Гүйцэтгэх захирлын үүргийн дагуу няцаалт хийхээс хэтэрдэггүй, мэдээллийн хувьд хаалттай, олон нийтийн дунд тааруухан нэр хүндтэй газар байлаа. Харин өнөөдөр энэ компанид мэдээллийн гаралт сайжирч, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Чанарын удирдлагын стандарт тогтоох шалгалт явуулахад 67 оноо авч Төрийн өмчит компаниудыг тэргүүлжээ. Харин 2015 онд дөнгөж 15-хан оноо авч байсан байна.
2018 оноос олон улсад IPO гаргахтай холбоотой компанийн удирдлага гадаадын экспертүүдтэй идэвхитэй хамтын ажиллагааг эхлүүлж компанийн засаглалыг бэхжүүлэх алхмуудыг хийсэн. Үр дүнд нь 2019 онд Чанарын менежментийн олон улсын нэгдсэн тогтолцоо буюу гурван төрлийн ISO стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэв. Ингэснээр Оюу толгой болон Эрдэнэтэд байдаггүй цогц стандартыг хэрэгжүүлж эхэлжээ.
Түүнчлэн компани өөрийн гэсэн худалдан авалтын онцлог, журмыг хэвшүүлснээр төрийн болон төрийн өмчит бусад компаниудад жишиг болохуйц болсон тухай Б.Ганхуяг захирал ярилаа.
АШИГ СОНИРХЛЫН ХАЙЧИН ДУНД
Үндэсний хэмжээнд төлөвлөсөн аливаа төслийг хариуцна гэдэг бол хүнд ачаа, ховор боломж, том хариуцлага. Үүнтэй зэрэгцээд тэр хэмжээний эрсдэлийг дагуулдаг. Түүнийг тэвчээртэйгээр даван туулах эрч хүч, зориг, зорилго шаардлагатай, бэлтгэгдсэн байх ёстой гэсэн үг. Тэр тусмаа төрийн өмчийг хариуцсан компанийн захирлаар ажиллана гэдэг тухайн хүнээс маш их сэтгэлийн тэнхээ шаарддаг. Б.Ганхуяг төрийн албанд зүтгэхээсээ өмнө олон нийт, хувийн хэвшилд ажиллан бизнес, удирдлагын ухаантай танилцжээ.
Тэрбээр их сургуулийн 3-4 курст байхдаа л МҮХАҮТ-д С.Дэмбэрэл даргатай ажиллаж, орчин үеийн бизнесийн суурь зарчмуудтай танилцсан. Тухайн үед хэрэгжиж байсан “Бизнесийн тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд зах зээл судлалын мэргэжилтнээр ажиллаж, уг бодлогын бичиг баримтыг боловсруулах үйл явцад оролцож байсан нь ирээдүйд хариуцлагатай ажлууд хийх суурь, том түлхэц болжээ.
Төрийн өмчийг хариуцсан компанийн захирлаар ажиллана гэдэг тухайн хүнээс маш их сэтгэлийн тэнхээ шаарддаг.
2001 оноос Монголын оюутны холбоонд ажиллан, ажлын гараагаа “Оюутны хөгжлийн хөтөлбөр” боловсруулахаас эхэлжээ. Гэрчилгээ, тэмдэг, хайрцагтай цааснаас өөр зүйлшүй шахуу Монголын оюутны холбоог хүлээн аваад 2005 оныг хүртэл хэдэн чухал шинэчлэл хийж чаджээ. 2002 оныг Засгийн газар оюутны жил болгоход 28 ажлыг зохион байгуулан, оюутны дотуур байр, сургалтын төлбөр, тээврийн карт зэрэг асуудлуудыг шийдэж чадсан байна. Хамгийн чухал нь оюутны байгууллага хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд саналаа өгч, мөн оюутны төлөөлөл сургуулийнхаа удирдах зөвлөлд багтаж бодлогын асуудалд оролцох болсон нь сургалтын орчныг сайжруулахад суралцагчид саналаа өгдөг зөв тогтолцоо руу шилжих эхлэлийг тавьсан байна.
Мөн 2005-2007 оны хугацаанд “City phone” хэмээх нийслэлийнхэнд зориулсан онцлог бүхий үйлчилгээ үзүүлдэг үүрэн телефоны компанийг удирдаж, хувийн хэвшлийн салбарт хүчээ үзэж байсан туршлага нь өнөөдөр бизнесийн салбарт төрийн компанийг удирдаж байгаа хэдий ч хувийн хэвшлийн компаниудын зовлон жаргалыг ойлгож, хамтран ажиллах ажлын эхлэл нь байсан.
Өнөөдөр Тавантолгойн төслийг тойрсон зарим том эрсдэл хэвээр байгаа. “Төрийн том компанид хүнээ, бүтээгдэхүүнээ, үйчилгээгээ шахах гэсэн оролдлого, дарамт байдаг нь нууц биш. Надад ч ийм дарамт ирдэг” гэж Б.Ганхуяг захирал ярилаа. “Үнэндээ улс төрийн томилгоогоор томилогдсон захирлуудыг хардах, сэжиглэх амархан. Гэхдээ надад нэг онцлог давуу байгаа тал байдаг, байсаар ирсэн гэж үзэж, итгэдэг. Учир нь миний бие энэ төсөлтэй анхнаас нь амьдралаа холбосон учраас, энэ компанийг би өөрийн гэр орон, гэр бүлийн нэг хэсэг гэж үздэгт оршиж байгаа. Хүн өөрийн гэрээсээ хулгай хийдэггүй. Үүнтэй адил би энэ компанид хар сүүдэр тусгуулахгүй, би гэрээсээ хэзээ ч хулгай хийхгүйтэй адил хэнийг ч хулгай хийхийг зөвшөөрөхгүй.” хэмээн нэмж хэллээ. Заримдаа элдвийн дарамт, шахалт, стрессээс болж гэр бүлээ, өөрийгөө мартах хэмжээнд хүртэл бухимдах үе Б.Ганхуяг захиралд олонтаа. Мөн огт хийгээгүй зүйлийг хийсэн юм шиг гүтгэж, хэвлэлд бичихэд урам хугарч, “Яагаад биднийг ойлгодоггүй юм бэ?” гэж гайхах үе ч бий. Ойлгуулах гээд хэвлэлээр байнга гараад байхаар ажлаа хийхгүй, улс төр хөөлөө гэж хүртэл шүүмжилдэг.
Тэрбээр төрийн өмчит компани хүнд сурталтай байдаг гэсэн ойлголтыг халж, ажилчдынхаа хандлагыг шинэчлэхийн тулд багагүй хүч зарцуулдаг. Төрийн компаниудад бичиг баримт бүрддэг сценари гэмээр, инээдтэй ч, харамсалтай нь бодит үйл явцын талаар Б.Ганхуяг ярилаа. Жишээ нь, компанийн ажилтан орон сууцны зээлд хамрагдахын тулд ажлын байр, цалингийн тодорхойлолт авах гээд 7-15 хонодог тохиолдол бий. Бичиг баримт нь ажилтнаас мэргэжилтэн – ахлах мэргэжилтэн – албаны дарга – газрын дарга – Дэд захирал – Гүйцэтгэх захирал гэж дээшээ яваад буцаад Гүйцэтгэх захирал – Дэд захирал – газрын дарга – хэлтсийн дарга – албаны дарга – ахлах мэргэжилтэн – мэргэжилтэн ажилтан гэсэн дарааллаар явсаар байгаад маш их хугацаа алддаг. 900 ажилтантай хувийн компани дээр ийм хүнд суртал хэзээ ч байдаггүй. Тиймээс тэд компаниа хөнгөн шингэн, хурдтай болгохыг зорьж байна.
Компани дотроо тэрээр дунд шатны менежерүүдтэй нэлээд “үзэлцдэг”. Аливаа ажил бол нэг ёсондоо органик биеттэй адил. Муу менежерт ажил өгөхөөр бүр эрэмдэг болгоод, хэдэн хэсэг хуваадаг, буцаагаад эвлүүлж чадахгүй болохоороо хаяад, бусдад бурууг тохож эхэлдэг. Ийм хүнд ажил өгөхөөр маш их цаг хугацаа, энерги зарцуулж, стрессдэж, бухимдах гол эх сурвалж болдог тухай, тийм хүнд дургүй, зайгаа барьдаг тухайгаа хэлэв. “Хүн гэртээ баяр хөөртэй ордог шиг, ажилдаа ирэхдээ хүртэл баяр хөөртэй, итгэл үнэмшилтэй, эрч хүчтэй ирдэг байх ёстой” гэж тэр ярив. Ялангуяа, төлөвлөчихсөн, хийх бүрэн боломжтой ажил энэ шат дамжлага дунд ороод хаана, хэн хариуцаж байгаа нь мэдэгдэхээ больчихдоггүй байгаасаа л гэж хүсдэг гэдгээ хэллээ.
Гэхдээ өнөөдөр Эрдэнэс Тавантолгой гэх нэр нийгмийн оюун санаанд өмнөхөөс тэс өөр, эерэг дүрээр буудаг болсон. 2016 оны эцсээр ажилчдын дунд сэтгэл ханамжийн судалгаа явуулахад төв оффис 14 хувьтай, уурхай долоохон хувьтай байсан бол 2019 онд ажилчдын сэтгэл ханамж 81 хувьтай гарчээ. Мөн дөрвөн жилийн өмнө олон нийтийн дунд хийсэн анализ судалгаанаас авлига авдаг, тендер будилуулдаг, дарга нар нь гадаадад тансагладаг гэх мэтээр олон нийтийн 82-85 хувь нь компанийн талаар сөрөг сэтгэгдэлтэй, компанийн талаар бодит мэдээлэлтэй нь дөнгөж 10 орчим хувь байсан бол өнөөдөр эдгээр үзүүлэлт 80 гаруй хувьтай байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгойд ажиллах сайхан”, “Энэ бол Монголын нүүрийг дэлхийд өнгөлөх төсөл” гэсэн ойлголт, хандлага хэдийнэ бэхжиж төлөвшжээ. Үүнийг батлах мэт уг нийтлэлийг бичих явцад Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Ганхуяг “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” болсон тухай мэдээ цацагдав. Олон жил улс төржилтийн балчиг намагт хаягдсан төслийг нэг тэрбум ам.долларын орлоготой үндэсний аварга компани болгож, 1072 хувьцааг амилуулж, үнэ цэнэтэй болгон, иргэдэд байгалийн баялгийн үр өгөөжийг бодитоор хүртээсэнд түүний ажлыг төрөөс үнэлж, шагнасан нь энэ.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS.MN