өдөр
шөнө
×

Ж.ГАНБАТ: 3.4 ИХ НАЯДЫН ӨРТЭЙ ЭТТ-Г ХҮЛЭЭЖ АВСАН, ГЭХДЭЭ ӨМНӨХ ЗАХИРЛУУДАА МУУЛАХГҮЙ

-НАМАЙГ АЖИЛ ХҮЛЭЭЖ АВАХАД ӨДӨРТ 360 МАШИН ЦАГААН ХАД РУУ ГАРДАГ, ӨР ТӨЛБӨР 3.4 ИХ НАЯДАД ХҮРСЭН БАЙДАЛТАЙ БАЙСАН-

-Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод хэдхэн өдөр өнгөрч байна. Таныг эл компанид ирэхэд ямар нөхцөл байдал угтав. Таныг угтсан тодорхой тоонуудаас дурдвал?

-Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор компанийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон. Энэ тогтоолоор гол нь төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” компани дээр зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоосон. Аравдугаар сарын 26-ны өдрийн 15.00 цагаас эхлэн энэ компанид ажиллаж эхэлсэн. Намайг ирэхэд тус компани 7.1 сая тонн нүүрс олборлочихсон, 6 сая тонн нүүр уурхайгаас ачаад нийт 8.8 сая тонныг экспортолчихсон байдалтай байна. Мөнгөн хөрөнгө нь 24 сая ам.доллар орчим. Намайг ажил хүлээж авахад яг ийм нөхцөл байдалтай байсан.

-Баланс дээрх өр нь хэр, ашиг нь хэд байгаа юм бэ.Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” хэчнээн тонн нүүрс гаргаж чадсан бэ?

-2022 оны гуравдугаар улирлын байдлаар 1.5 их наяд төгрөгийн орлого олжээ. Нийт хөрөнгө 16.5 их наяд. Эргэлтийн хөрөнгө нь 2.4 их наяд, эргэлтийн бус хөрөнгө нь  14.2 их наяд юм байна. Нийт өр төлбөр нь 3.4 их наяд. Үүнээс богино хугацаат өр нь 2.5 их наяд, урт хугацаат нь 931 тэрбум. Хоёр их наяд төгрөгийн урьдчилгаа төлбөр гэдэг зүйл авчихсан байна. Дараа нь нүүрс нийлүүлэх гэрээтэй дөрвөн гол газар бий. 

-Хэд гараад байвал ашигтай ажиллаад байх боломжтой вэ?

-Намайг Засгийн газраас томилсон гол шалтгаан нь Монгол Улс руу орох валютын урсгалыг нэмэгдүүлэхийг онцгой анхаарч ажиллах. Энэ дагуу би өөрийн саналыг боловсруулаад Д.Амарбаясгалан сайдаар ахлуулсан  “Боомтын сэргэлтийн үндэсний хороо”-нд танилцуулсан. 

Намайг анх ирэхэд өдөрт 360 тээврийн хэрэгсэл цагаан хад руу нүүрс тээвэрлэж байсан. Энэ тоог 900-950 болгон нэмэгдүүлэх. Өдөрт хамгийн багадаа 84 мянган тонн нүүрсийг уурхайгаас цагаан хад руу ачиж буулгаад цааш зарж чадвал бид энэ ондоо багтаагаад 500 сая ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой. Сард 2.5 сая тонн нүүрс гэсэн үг. Миний зорилго энэ. Би нэг зарчим баримталж байгаа.

 

-БИ НЭГ Ч ЗЭЭЛ ТАВИХГҮЙ, "УРЬДЧИЛЖ МӨНГӨ ӨГӨӨЧ" ГЭЖ ЯРИХГҮЙ-

-Ямар?

-Нэг ч зээл тавихгүй, "урьдчилж мөнгө өгөөч" гэж ярихгүй, хамгийн зөв зохион байгуулалтаар экспортыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулна. Дахиад хэлье, баасан гарагийн орой намайг ажлаа авахад уурхайгаас 20 гаруй км газарт 500 машины цуваа үүсчихсэн байсан. Өдөрт 360 машин гараад байгаа тул оочер үүсчихсэн байсан. Уурхай хариуцсан, цагаан хад, логистик хариуцсан дарга нарыг явуулж газар дээр нь ажиллуулсан.

-Сүүлийн үеийн мэдээлэл?

-Хамгийн сүүлийн буюу 24 цагийн өмнөх мэдээллээр 617 тээврийн хэрэгслээр 68.6 мянган тонн нүүрсийг цагаан хад руу ачжээ. 360 байсан тоо 600 гарсан. Нэгдүгээрт, Дахиад цаашаа энэ тоог 900-950 болгоно. Уурхай дээр нүүрс ачих гээд оочерлож байсан 500 машины асуудал арилсан. Яаралтай арга ажлуудыг эхлүүлээд өнөөдрөөс өр төлбөр нь орж ирж байна.

Компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр нээлттэй, ил тод болгох. Уурхайд ямар компани хэчнээн төгрөгийн өртөгөөр нүүрс ухаж гаргаж байна, тээвэрлэлтийг хэний ямар компани хийж байна, өмнөд хөршийн ямар компаниуд худалдан авч байна зэрэг бүтэн циклийг ил болгоё гэж зорьж байна. Энэ бол миний хоёр дахь том ажил. Мэдээллийн далд байдлаас болж нүүрсний хулгайн асуудлаар иргэдийн хардлага их байдаг нь үнэн.

Гуравдугаарт, төлбөрөө нүүрсээр хийхээс татгалзана. Энэ нь нүүрсний алдагдлыг багасгана гэсэн үг. Урьдчилгаа төлбөр авахгүйгээр экспортын хэмжээгээрээ орлого олдог болно. Урьдчилж авдаг баахан ам.доллар дараа дараагийн жилд нь хүндрэл учруулдаг. Одоо тэгэхгүй. Нүүрсээ зараад л ам.доллароо авна. Ийм хэд хэдэн ажлуудыг төлөвлөж сууна даа.

-“Эрдэнэс тавантолгой” одоо яг томоохон хэмжээний хэчнээн төсөл хэрэгжүүлж байна вэ. Товчхон дурдвал?

-Гашуунсухайт төмөр зам, Зүүнбаян төмөр зам зэрэг арваад төслүүд бий.

Төмөр замуудаас эхнээсээ үр дүн гараад эхэлж байна. Одоо өдөрт 84 мянган тонноос дээш хэмжээтэй нүүрс гаргачихдаг, 950 машин тээвэрлэлтээ хийчихдэг, хил гаргаад зарчихдаг, мөнгө төлбөр нь өдөртөө ороод ирчихдэг л болгож хэвшүүлмээр байна.

-ДӨРВӨН ОФФ-ТЕЙК ГЭРЭЭГ ЭНЭ САРД БАГТААЖ ҮЕ ШАТТАЙГААР НЭЭЛТТЭЙ БОЛГОНО-

-Эдгээр төслүүд дээр явж байгаа мөнгүүд нь баланс тусгагдаагүй юм шиг хэрнээ улсын төсвөөс ч аймшигтай хяналтгүй мөнгөний урсгал явдаг гэж улстөрийн хүрээнд яригддаг. Энэ хэр бодитой байна вэ. Та тодорхой тоонууд хэлээч?

-“Эрдэнэс Тавантолгой” компани төмөр замын төслүүдэд нийтдээ 3.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Гашуунсухайт төмөр зам сая нээлтээ хийчихлээ. Мэдээж Засгийн газрын бодлого хэрэгжүүлэх ажилд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхээр эл компани ажиллаж байгаа. Гэхдээ хяналттай нээлттэй, ил тод болоосой гэсэн зорилт бий. Би нээлттэй тогтмол мэдээллээд явна.

-Таныг офф-тейк гэрээ цэгцлэх үүрэгтэйгээр томилогдсон гэж харж байгаа. Дөрвөн офф-тейк гэрээтэйгээс “Голомт”-ын Д.Баясгалангийнх л ил. Анхаарч үзэх шаардлагатай хэчнээн офф-тейк гэрээ байгаа юм бэ? 

-Нийт дөрвөн офф-тейк гэрээ бий. "Тэдгээрийг бүгдийг нь нийтэд ил болго” гэдэг Засгийн газрын тогтоол шийдвэртэй. Энэ хүрээнд гэрээнүүдтэй нэг бүрчлэн танилцаж байна. Тэгж байж дараа нь ил тод нээлттэй болгоно. Чадвал арваннэгдүгээр сардаа багтаана. Процессийн юмнууд бий. Айхтар нууцлаад байгаа юм байхгүй.

-Офф-тейк гэрээний мөнгө гадагшаа гараад эргээд орж ирэхгүй бараа үйлчилгээ болоод тэндээ шингээд байгаа урсгал 2.5 тэрбумд хүрсэн гэх мэдээлэл хэр бодитой юм бэ? 

-Нүүрснийхээ 19 орчим хувийг офф-тейк гэрээнийхээ мөнгөнд үлдээгээд байсан юм байна. Тухайлбал, 100 төгрөг тутмынхаа 19 төгрөгийг гэсэн үг.

Тиймээс нөгөө талтайгаа гэрээ хэлэлцээр хийх ажил байгаа юм. Гаргаж байгаа нүүрс бүрийнхээ мөнгийг оруулж ирдэг болно гэж би дахин дахин хэлээд байгаа. Хийх зүйлс олон байна.

-Офф-тейк гэрээг хойшлуулчихвал компани, ААН-үүдийн эрх хэр хохиролтой юм бэ. Үүн дээр хэр анхаарах вэ?

-Нөгөө талуудтайгаа уулзаж, харилцан зөвшилцөж маш сайн ярилцана. Хэлэлцээрүүд хийх шаардлагатай.

-МӨНГӨ УГААЛТ ЗЭРЭГ ХАРДЛАГУУДЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ШАЛГАХ БАЙХ, МИНИЙ ЗОРИЛГО БОЛ ЭКСПОРТОО НЭМЭХ-

-IPO гаргана, компанийн засаглалд олон улсын стандартад нэвтрүүлнэ гэгдэж байсан ч Д.Сумъяабазарын үед хад мөргөсөн. Одоо компанийн засаглал нь яг ямар нөхцөл байдалтай байгаа юм бэ. Хэт намын нөлөө ороод, мөнгө угаадаг хэсэг бүлэг нөхөд төгөлдөржчихсөн юм уу?

-IPO гаргах асуудал амжилтгүй болоод зогссон. Дахиж яригдаагүй сэдэв. Засаглалын тухай ний нуугүй хэлэхэд өнөөдрийн байдлаар 200 гаруй хүн төв оффист, 700 гаруй хүн уурхай дээр ажилладаг юм байна. Ийм байдлаар хэвийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Уурхайн үйл ажиллагааг алдагдуулахгүй. Уурхайчдын эрх ашгийг нэгт тавина. Засаглалын хувьд хэлэхэд жаахан ажиллаж байгаад бүтцийн хувьд зөв үү, буруу юу гэдгийг хэлэх боломжтой.

"Мөнгө угаалт" гэж асуулаа. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгах байх. Би шалгах чиг үүрэгтэй хүн биш. Би бол экспортоо нэмнэ. Нүүрс ухаж гаргахаас эхлээд зарах хүртэлх процессыг ил болгочихвол хүмүүс ойлгоно. Цахим болгоно. Одоо хаалттай тул таамаг төдий явган зүйлс их яригддаг байх л даа. Энэ бол манай урдаа барьдаг томоохон компаниудын нэг. Өмнөх болон одоо ажиллаж байгаа хүмүүсийн үр дүн шүү дээ. Цаашаа яаж зөв голдирлоор үргэлжлүүдэх вэ гэдэгт л анхаармаар байна. Үүн дээр хувь нэмрээ оруулах сан.

-“Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Д.Ариунболд гэх субьектүүдийг түлхүү шалгах акц өрнөх юм уу эсвэл Б.Ганхуягийг ажиллаж байх хугацаанд удирдаж байсан том төслүүдийг түлхүү шалгах юм уу. Нүүрсний мафитай тэмцэх акциа эхлүүлж байгаа гэдэгт таны байр суурь?

-Нүүрстэй машин алга болчихдог. Гарч байгаа нүүрсний хэмжээ зөрдөг гэхчлэн асуудлууд дуулддаг. Нэг зүйлийг дахиад онцлоод хэлье. Би уурхайгаас олборлож гаргаад машинд ачсан нүүрсний хэмжээ, хилээр гарсан хэмжээтэй таардаг болгоно. Энэ ажлаа эхлүүлчихсэн. Цаг нь ч болчихсон. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын хилээр гардаг нүүрс алга болно, тоо зөрнө гэдэг байж болохгүй асуудал. Асуудал шүү.

Өмнөх захирлуудын талаар юм хэлэхгүй. Өмнө нь ажиллаж байсан захирал, уурхайчид өнөөдрийг хүртэл хөл дээрээ зогсоход хувь нэмрээ оруулсан хүмүүс. Энэ зэрэгт хүргэсэн хүмүүсийг би үгүйсгэхгүй. Тодорхой үүргүүдээ гүйцэтгэсэн. Б.Ганхуяг захирал ч тодорхой үүрэг гүйцэтгэсэн нь үнэн.

-БНХАУ-ын своп хэлцлийг гурван удаа хойшлуулсан. Үүнийг мэдээж юанаар төлж таарах байх. Эсвэл нүүрсний бартераар төлөх хувилбар бий.

-Тийм зүйл яригдаагүй. Ийм зүйл ч болохгүй. Баримтлах бодлогоо маш ойлгомжтой хэллээ шүү дээ. "Нүүрсээ зарлаа л бол мөнгөө авдаг" эрүүл зөв бизнесийн харилцааг төр өөрөө хариуцаж хийх ёстой. Үүн рүү л зүтгэнэ.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: www.eguur.mn 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top