Австралийн "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак албан үүргээ хүлээлгэн өгч буйтай холбогдуулан Оюутолгой компанийн ТУЗ-д Монголын Засгийн газрыг төлөөлөн ажиллаж буй Н.Багабанди, Ц.Түмэнцогт, Ц.Сүхбаатар нарыг чөлөөлнө гэх мэдээлэл цацагдаад байсан юм.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Н.Багабандийг Оюу толгойн ТУЗ-ийн гишүүнээр хэвээр үлдээж, Ц.Түмэнцогт, Ц.Сүхбаатар нарыг чөлөөлсөн байна. Чөлөөлөгдсөн хоёр хүний оронд АНУ-д Morgan Stanley компанид ажилладаг Э.Баясгалан, “Аспайр Майнинг” компанийн гүйцэтгэх захирал З.Ган-Очир нарыг ТУЗ-ын шинэ гишүүдээр томилжээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өмнө нь Монголын талын гурван ТУЗ-ийн гишүүнийг бүгдийг нь солино хэмээн мэдэгдэж байсан ч энэ удаад Ерөнхийлөгч асан Н.Багабандийг чөлөөлж зүрхлээгүй бололтой.
Учир нь Н.Багабанди суудалдаа үлдэхийн тулд Л.Оюун-Эрдэнэд шахалт дарамт үзүүлж, албан тушаалаас нь чөлөөлбөл олны мэдэхгүй асуудлуудыг чинь дэлгэнэ хэмээн заналхийлсэн гэх.
Зарим хэвлэлд мэдээлснээс харвал Н.Багабанди Л.Оюун-Эрдэнэтэй тохилцож, толхилцож эцэст нь нэг юм Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй тохиролцсоноор суудалдаа тэсэж үлдсэн бололтой.
Н.Багабандийн хувьд 2016 онд "Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон бөгөөд жилийн 100.000 ам.долларын цалин хангамж авдаг ажээ.
Сэтгэгдэл (28)