Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2018-2020 онд Монголросцветмет ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байхдаа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж байсан тухай баримтыг манай сайт дэлгэсэн.
Тэгвэл энэ удаад Монголросцветмет ТӨҮГ-ын Бор өндөр УБҮ-ийн захирал Баатар овогтой Магсаржав болон Монголросцветмет ТӨҮГ-ын Ерөнхий инженер Пүрвээ овогтой Машбат нар хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж байсан асуудлыг ил болгож байна.
Монголросцветмет ТӨҮГ-ын Бор өндөр УБҮ-ийн захирал Б.Магсаржав жилийн 100 сая төгрөгийн орлоготой. 700 саяар үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай. 127 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй хэмээн 2019 онд АТГ-т мэдүүлж байжээ
Гэтэл жилийн 100 сая төгрөгийн орлогтой Б.Магсаржав хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг Уул уурхайн сайд Г.Ёндонгийн нэгэн адил төрийн өмчит компанийн төсвөөс төлүүлээд амжжээ.
Тухайлбал, 2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр Монголросцеветмент ТӨҮГ-ын данснаас “Сургалтын төлбөр Магсаржав овогтой Энхмаа” гэсэн гүйлгээний утгатайгаар 12.166.244 төгрөгийг Б.Магсаржав өөрийн Хаан банк дахь 50076226004 тоот дансаар шилжүүлж авчээ.
Мөн Монголросцветмет ТӨҮГ-ын Ерөнхий инженер Пүрвээ овогтой Машбат ч бас хүүхдийнхээ сургалтын төлбөрийг Монголросцветмет ТӨҮГ-аар төлүүлжээ.
Тухайлбал, Монголросцветмет ТӨҮГ-ын данснаас 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр Шинэ Монгол Харүмафүжи ЕБС-ын данс руу 6.400.000 төгрөгийг “Сургалтын төлбөр Машбат овогтой Номин” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлжээ.
П.Машбат хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ийм аргаар төлсөн нь ганц энэ биш. Тэрээр саяхан өөр нэг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг Монголросцветметээс гаргуулаад амжжээ. Тодруулбал, 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр Tomujin Alternative School, ХХК-ын данс руу 5.000.000 төгрөгийг “сургалтын төлбөр Машбат овогтой Тамир” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байна.
Тэрээр жилийн 95 сая төгрөгийн орлоготой, 230 сая төгрөгөөр үнэлэгдэх барилга, байгууламжтай,35 сая төгрөгийн мөнгөн хадгаламжтай хэмээн АТГ-т 2019 онд мэдүүлж байсан мөртлөө хүүхдийнхээ сургалтын төлбөрийн тав, арван сая төгрөгийг хувиасаа гаргаад өгчихөж чадахгүй болтлоо ёс суртахууны ялзралд орсон бололтой.
Монголросцветмет ТӨҮГ-ын Ерөнхий инженер П.Машбат, Монголросцветмет ТӨҮГ-ын Бор өндөр УБҮ-ийн захирал Б.Магсаржав нар хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлсэн явдал ганц удаагийнх биш олон удаагийн үйлдэлтэй гэдгийг эх сурвалж хэлж байна.
Ямартай ч төрийн өмчит Монголросцветмет гэх компанийн хөрөнгө ийнхүү зориулалтын бус зүйлд зарцуулагдаж удирдлагуудынх нь гарын салаагаар урсдаг болох нь энэ мэтээс харахад тодорхой байна.
Бид дараагийн удаад тус компанийн удирдлагууд өөрсдийн хамаарал бүхий компаниудаараа хууль зөрчиж тендер авсан байж болзошгүй асуудлыг хөндөх болно.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (24)