Сайд, дарга нар төрийн албаны машинаар хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд зөөдөг байснаа болиод татвар төлөгчдийн мөнгөөр сургалтын төлбөрийг нь төлдөг болжээ. Бид энэ асуудалтай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Гэлэнгийн Ёндон хувийн дунд сургуульд суралцдаг хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төрийн өмчийн мөнгөн хөрөнгөөс төлж байсныг гэрчлэх зарим баримтыг дэлгэж байна.
Уул уурхайн сайд Г.Ёндон уг нь тав арван сая төгрөг хувиасаа гаргаад хүүхдээ сургачихаж чадахгүй модоо барьсан нэгэн биш. Үүнийг түүний хөрөнгө орлогын мэдүүлэг нотолдог. Тэрээр 2018 онд 152 сая орчим төгрөгийн орлого олдог байсан бол 2019 онд түүний орлого 204 сая болж өсжээ.
Үүгээр зогсохгүй тэрээр 460 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламжтай, дансандаа 152 сая төгрөгийн хадгаламжтай нэгэн юм байна. Гэтэл Г.Ёндон 2018-2020 оны зургаан сар хүртэл төрийн өмчит “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байхдаа Гёте бүрэн дунд сургуульд суралцдаг хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төрийн хөрөнгөөс, бүр цаашилбал татвар төлөгчдийн төрд төлсөн мөнгөнөөс гаргуулан төлжээ.
Тодруулбал, “Монголросцветмет” ТӨҮГ-ын данснаас Гёте бүрэн дунд сургуулийн данс руу 2019 оны 9 дүгээр сарын 4-ны өдөр 5.600.000 төгрөг “Сургалтын төлбөр 2А анги Ёндон овогтой Амира” гэсэн утгатай шилжүүлэг хийгдсэн байгаа юм.
Мөн 2019 оны 9 дүгээр сарын 4-ны өдөр 5.600.000 төгрөгийг Гёте бүрэн дунд сургуулийн данс руу “Сургалтын төлбөр 6А анги Ёндон овогтой Арвис” гэсэн утгатайгаар шилжигджээ.
Эх сурвалжийн зүгээс Уул уурхайн сайд Гэлэнгийн Ёндонгийн хүүхдүүд Гёте бүрэн дунд сургуульд суралцдаг, баримтад нэр дурдагдсан Ё.Арвис, Ё.Амира нар түүний төрсөн хүүхдүүд мөн гэдгийг батлан хэлж байна.
Угтаа бол сайд дарга, энгийн иргэн аль нь ч байсан өндөр төлбөртэй хувийн сургуульд хүүхдээ сургах, эс сургах эсэх нь тухайн хүний эрхийн асуудал. Гэвч төрд ажиллаж байгаа Г.Ёндон мэтийн нөхдүүд албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрийн хөрөнгөөр төлж байсан энэхүү асуудал бол яав ч ёс суртахуунтай алхам биш юм.
Бид дараагийн удаад “Монголросцветмет” ТӨҮГ-ын удирдлагууд Г.Ёндонгийн адилаар өндөр төлбөртэй хувийн сургуульд суралцдаг хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төрийн өмчийн хөрөнгөөс гаргуулан төлж байсан талаарх асуудлыг үргэлжлүүлэн хөндөх болно.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (27)