Төсвийн цалинтай төрийн албан хаагчид хагартлаа баяждаг гаж үзэгдэл Монголд бий болоод удаж байна. Ингэж баяжигчдыг төрөөс төрсөн тэрбумтнууд гэж нэрлэх агаад насаараа төрд том дарга хийсэн Д.Сугар гэх эрхмийг тэдний нэг гэж олон нийт үздэг юм байна. Учир нь түүнийг Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байх цагаасаа л төрийн өмчийн маапаантай хувьчлалуудтай нэр холбогдон, орон шоронгийн хаалга татах шахсанаас нь үүдэн ингэж ойлгох болсон болов уу. Сүүлд гэхэд л Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх дархлагдсан суудалд залраагүй бол Ганц худаг руу ачигдах нь гарцаагүй болчихоод байв.
Д.Сугарын нэр холбогдоогүй өмч хувьчлал гэж үгүй. Өдгөө хэл ам дагуулаад байгаа АСА циркийн хувьчлалд ч Д.Сугар нэр холбогддог аж. Бүр түүний гарын үсэг, зөвшөөрөл, тогтоолоор хувьчилж байсныг гэрчлэх баримт бичгүүд ч ил болж эхэллээ.
Асашёрюү Д.Дагвадорж тухайн үед циркийг хувьчилж авахдаа үндэсний циркийн орон тоог хоёр дахин нэмэгдүүлнэ, ажилчдын цалинг 2-3 дахин нэмэгдүүлнэ, Монголын циркийн урлагийн хөгжлийг дэлхийн хэмжээнд хүргэнэ хэмээн амлаж байжээ. Гэвч Үндэсний цирк Д.Дагвадоржийн гарт очсон тэр даруйд мэргэжлийн жүжигчид нь гудамжинд гарч, циркийн байшин тэр аяараа бар цэнгээний газраас эхлүүлээд банк санхүүгийн байгууллага хүртэл үйл ажиллагаа явуулдаг түрээсийн байр болж хувирсан нь гашуун үнэн юм.
Өдгөө харин тэд циркийг сэргээн шинэчлэх нэрээр онцгой хэв маягтай барилга байгууламж, Монголын циркчдийн хөлс хүч, авьяас шингэсэн алтан манежийг техникийн хүчээр булдезордон газартай тэгшилж сууна. Энэ байдалд олон циркчид эмзэглэж буйгаа илэрхийлэн хэвлэлд ярилцлага өгчээ.
Тэдний нэг болох Үндэсний циркт ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч хийж байсан Д.Зоригт, “Циркчдийг дэндүү доромжилж дээрэлхэж байна. Хавар засвар хийх нэрийдлээр битүүмжлээд авсан. Тэгээд хүзүүвчийг нь нурааж, дасгал сургуулилт хийдэг манежийг нь нураачихлаа шүү дээ. Эргээд циркийн зориулалтаар нь барина гэдэг худлаа шүү дээ. Улстөрчид Асашёорюү Д.Дагвадорж, аварга Д.Сумъяабазар нараас үхтлээ айдаг юм байна. Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат хүртэл тэднээс айгаад тохирцоно ч гэх шиг сонин зүйл ярьсан байсан. Ер нь төр засгийнхан ч хулчгар байна.Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарын “найруулга”-аар циркийг сөнөөсөн дөө” хэмээн unuudur.mn сайтад халаглан ярьжээ.
Д.Зоригт гуайн ярианд Д.Сугар гэдэг хүний нэр дурдагдсан нь санамсаргүй хэрэг биш. Учир нь Д.Сугар 2006-2012 онд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр хувьчилсугай” хэмээн 552 дугаартай тогтоол гарган үндэсний циркийг хувьчилж байжээ.
Үндэсний цирк урсгал зардалд улсаас жилдээ 200 сая төгрөгийн татаас авдаг байсан нь хувьчлах шалтгаан болжээ. Товчхондоо бол улс 200 сая төгрөг хэмнэх гээд 68 жил (1940-2008) хөгжүүлсэн мэргэжлийн урлагаа Д.Сугар нарын балагтай шийдвэрээр Д.Дагвадорж тэргүүтнүүдэд 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж, мөхөл рүү нь түлхэж орхисон байна.
Тухайн үед нэгэн хачирхалтай үйл явдал болж байсан нь үндэсний цирк Д.Дагвадорж, Д.Сүржбүдээ нарын гарт очсон яг тэр цаг хугацаанд буюу 2008 онд Д.Сугар Японы Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 48 сая иен буюу монгол мөнгөөр 535 сая төгрөгөөр тансаг орон сууц худалдаж авч байжээ.
Хамгийн сонирхолтой нь насаараа төрд алба хашсан Д.Сугар энэ их мөнгийг хаанаас олж, байшин худалдаж авснаа хуулийн байгууллагад үнэнээр нь тайлбарлаж чадаагүй гэдэг. Зарим эх сурвалжийн зүгээс Д.Дагвадорж ирээдүйд хэдэн зуун тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 65666 м2 эзэмшил газарт нь шунасандаа үндэсний циркийг хувьчилж авсан гэх мэдээлэл өгдөг нь өнөөгийн нөхцөл байдлаас харахад оргүй яриа биш бололтой.
Үүгээр ч зогсохгүй Д.Дагвадорж ийнхүү үндэсний циркийг хямд үнээр өөрийн болгож санаснаа гүйцэлдүүлэхийн тулд тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарт нөлөөлсөн гэх зүйл ч учир мэдэх хүмүүсийн дунд яригддаг аж. Хэрэв энэ үнэн бол Д.Сугарын Япон дахь тансаг байшин үндэсний циркийн хувьчлал хоёр хоорондоо холбоотой байж таарна.
Харамсалтай нь Д.Сугарт холбогдох гадаад улсад орон сууц худалдаж авсан, хөрөнгө орлогоо нуусан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх гэмт хэргүүд өдгөө усанд хаясан чулуу мэт ор сураггүй болжээ. Үүнийг дагаад үндэсний циркийн өмч хувьчлалтай холбоотой энэ мэт асуудлыг хуулийн байгууллага шалгаж мухарлахад хүндрэл үүсээд байгаа гэдгийг ч эх сурвалж баталж байна.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (15)