УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн цахим хуудсаараа дамжуулан татварын шалгалттай холбоотойгоор мэдэгдэл хийлээ. Түүний хэлснээр, эхнэр болон хамаарал бүхий компаниуд нь татварын албанаас шалгалтад ороод байгаа аж.
Энэ талаар “Өчигдөр орой гэртээ ирсэн чинь эхнэр ийм бичиг үзүүлж байна. Хэн нэгэн даргад учруулж болзошгүй эрсдэлд суурилж татварын албанаас манай эхнэрийг өөрийг нь болон хамааралтай компаниудад нь татварын шалгалт оруулж байгаа юм байна. Мөрөөрөө цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд тэмцэж яваа бүсгүйг яах нь вээ дээ. Хулгай хийсэн биш шалгаад ч гэм гарахгүй. Цаад санаа нь намайг л дуугүй болгох байх” гэж тэрбээр байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр уг шалгалтыг улс төрийн дарамт шахалт хэмээн үзэж, “Ард түмний эрх ашгийг хамгаалсны төлөө жирийн иргэнээс УИХ-ын гишүүдийг хүртэл янз бүрээр дарамталж байгаа нь төрийн эрхийг бүлэг дээрэмчид эзэлсэн мэт” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн тэрээр өөрийн байр сууриа илэрхийлэхээс айхгүй гэдгээ онцолж, “Би өргөсөн тангараг, Үндсэн хуулийг сахиж, нийтийн эрх ашгийн төлөө хэлэх үгээ хэний ч дарамт шахалт, сөрөг суртал ухуулгаас үл айн илэрхийлнэ” гэжээ.
Сэтгэгдэл (1)