өдөр
шөнө
×

“Сүү”, “Өгөөж”, “Талх чихэр” тэргүүтэй компаниуд алдагдлаа ард иргэдийн халааснаас нөхөж авахаар улайрч эхэлжээ

Дэлхий дахинд короновируст цар тахал дэгдсэн онцгой нөхцөл байдалтай холбогдуулан өнгөрсөн хугацаанд Монголын төр үндэсний үйлдвэрлэгч компаниудаа тодорхой үе шаттайгаар дэмжих чиглэлд чамлахааргүй алхмыг хийж хэрэгжүүлсэн. Харамсалтай нь энэ бүхний хариуд “Алтан тариа” ХХК, “Талх чихэр” ХХК, “Сүү” ХХК, “Өгөөж-чихэр боов” ХХК зэрэг үндэсний томоохон хүнс үйлдвэрлэгчид өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг үгссэн юм шиг нэмж ядарсан иргэдийн нуруунд ачаа нэмсэн нь хачирхалтай. 

Тэд татвараас ингэж чөлөөлөгджээ

УИХ-аар 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Засгийн газрын 2020 оны 154 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “Алтан тариа” ХХК-ний 2020 онд импортолсон улаан буудайг Гаалийн татвараас 602,9 сая төгрөгөөр, НӨАТ-аас 1 тэрбум 266,1 сая төгрөгөөр тус тус чөлөөлжээ.

Харин “Өгөөж-чихэр боов” ХК-ний 2020 оны эхний хагас жилд импортолсон ургамлын тосыг гаалийн татвараас 62,08 сая төгрөгөөр, НӨАТ-аас 130,3 сая төгрөгөөр чөлөөлсөн бол “Сүү” ХК 2019 онд төлөх ёстой байсан аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 339 сая 275 мянган төгрөгийн хөнгөлөлт авчээ.

Мөн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2020 оны 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын 2-т заасны дагуу “Сүү” ХК, “Алтан тариа” ХХК, “Өгөөж чихэр боов” ХХК-иуд ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлээс /эрүүл мэндийн даатгалаас бусад/ 2020 оны 4 дүгээр сарын 01-ээс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөгдсөн байгаа юм.

Тухайлбал, 2020 оны 4 дүгээр сараас 8 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлээс “Сүү” ХК 660,6 сая төгрөг, “Талх чихэр” ХК 1 тэрбум 22,1 сая төгрөг, “Өгөөж-чихэр боов” ХХК 469,5 сая төгрөг, “Алтан тариа” ХХК 366,4 сая төгрөгөөр тус тус чөлөөлөгдсөн байна. 

“Талх чихэр” ХК, “Өгөөж-чихэр боов” ХХК тэргүүтэй үйлдвэрлэгчид талх, нарийн боовныхоо үнийг ингэж нэмжээ

Гэтэл хүнс үйлдвэрлэгчид маань энэ бүх дэмжлэгийн хариуд ачыг бачаар хариулна гэдгийн үлгэрээр өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийг үгссэн мэт хөөрөгдөж ядарсан монголчуудын нуруунд ачаа үүрүүлэв. 

Үүнийг дараах баримт нотолж байгаа юм. Тухайлбал, “Алтан тариа” ХХК энэ оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс гурилын үнийг ангилал төрлөөс хамаарч 1 кг тутмыг 50-100 төгрөгөөр, “Талх чихэр” ХК нь 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 20 төрлийн талхны үнийг талхны төрлөөс хамааран 100-500 хүртэл төгрөгөөр, 34 төрлийн нарийн боовны үнийг төрөл тус бүрээс нь хамааран 100-1000 хүртэл төгрөгөөр нэмжээ.

Мөн “Өгөөж-чихэр боов” ХХК 8 дугаар сарын 17-ны өдрөөс 148 нэр төрлийн талх, нарийн боовны үнийг 50-3400 төгрөгөөр, “Сүү” ХК 9 дүгээр сарын 01-ний өдрөөс “Миний Монголын сүү”-ний үнийг /3,2%/ 100 төгрөгөөр тус тус нэмсэн байна.

Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн нуруунд дарамт үзүүлж байгаа талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сүржин мэдэгдлээс өөрөөр эрх баригчдын зүгээс энэ мэт шударга бус үйлдэлтэй тэмцсэн дорвитой алхам хийсэнгүй. 

Тэр бүү хэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ ч чихэн дүлий нүдэн балай сууж байх аж. Уг нь энэ асуудал МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт гол амлалт болж тусгагдсан. Гэвч МАН Засгийн газраа байгуулсан цагаас хойших гуравхан сарын хугацаанд ийнхүү өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ чимээгүйхэн тэнгэрт хадсан нь тэдний амлалт зүгээр л цаасан дээрх хоосон үг байсныг илчилж байгаа юм.

Нөгөөтээгүүр ковидын үеийн эдийн засгийн алдагдлаа үнээ нэмэх замаар иргэдийн халааснаас нөхөж байгаа “Сүү”, “Өгөөж”, “Талх чихэр” тэргүүтэй компаниуд өчнөөн тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтөөс чөлөөлөгдчихөөд хүнд хэцүү цаг үед үгсэн тохирч үнээ нэмдэг нь арай л өлөн, эх оронч биш үзэл хандлага гэхээс өөр хэлэх үг даанч алга. 

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.92.226)
    Талх чихэр” ХХК, “Сүү” ХХК компаниуд чинь ХК шүү дээ. Ядаж ийм зүйлээ ялгаж салгаач ээ
    2020 оны 10 сарын 09 | Хариулах
Top