Монгол Улсад улс төрийн нам үүсгэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан “ШИЛЭН НАМ” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал өнөөдөр (2023.03.01) Төрийн ордон болж байна.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төсөл, "Trans international-Mongolia”, КОЙКА зэрэг Олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм. Уг арга хэмжээг нээж МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, Сар шинийн баярын өмнө "5Ш" ажиллагаа явуулах тухайгаа мэдэгдсэн. МАН Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсан энэ өдөр “Шилэн нам” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулж, нийгэм-эдийн засагт нүүрлэсэн авлига, хээл хахууль, системийн авлига, улс төрийн намуудын санжүүжилт зэрэг асуудлыг “шилэн” болгох шаардлага гарч ирж байгааг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ дурдлаа.
Мөн энэхүү арга хэмжээнд АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ийн дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар оролцож үг хэллээ.
АН-ын дарга Л.Гантөмөр өнөөдөр “Цаг үе яавал бид улс төрийн намыг иргэн төр хоёрыг холбосон гүүр болгох вэ, улс төрийн нам яавал хэдхэн хүний хүрээллээс гарч, нийт иргэдийн асуудлыг хэлэлцдэг болох вэ гэдгийг хэлэлцэх нь чухал байна гэсэн юм.
Харин ХҮН-ийн дарга УИХ-ын гишүүн Т.Доржханд эрдэм, шинжилгээний бага хурлыг “Уламжлалт биш ажил хэрэгч байдлаар уулзалт болж байна. Өмнөх жилүүд хүнд жил боллоо, дэлхий даяараа. Дэлхий ертөнц ийм хүнд байдлыг хоёрдугаар дайнаас хойш бараг үзээгүй. Инфляц, тахал гэх мэт. Үүний хажуугаар улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл унасан. Монгол Улс парламентын засаглалтай байх уу, өөр засаглалтай байх уу гэдэг асуудал ч гарч ирж байна. Парламентын засаглалтай байна гэдэг дээр ХҮН хатуу байр суурьтай байгаа. Монгол Улс тусгаар улс, эдийн засгийн хувьд хараат бус байх, энэ шийдвэрийг гаргах парламент нь дархлаатай байх уу гэдэг асуудал чухал. Парламентын тогтолцоог сайжруулах нь бидний асуудал болоод байна. Цаашаа хүнд жил болж байна, улс төрийн намуудын шийдвэр нь шилэн байх ёстой. Иргэдийнхээ итгэлийг олдог байх ёстой гэдэг асуудал үүсэж байгаа үед энэ эрдэм шинжилгээний бага хурал болж байна хэмээн онцолж байсан юм.