Ж.Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, бүр мөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр хүргүүлжээ.
Тэрээр энэ тухайгаа, "Сүүлийн жилүүдэд намайг концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машинтай гэх мэтчилэн олон асуудалд хилсээр нэр холбож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар маш их явууллаа.
Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр тайлбарлаж байсан боловч буруутан, гэмтэн мэт сэтгэгдэл нийгмийн зарим хэсэгт үлджээ. Тиймээс эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас хэрвээ намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард байж нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээрээ илэрхийлж байгаа болно.
Монгол төрийг хариуцлагатай, шударга, зарчимтай, ёс суртахуунтай байх ёстой хэмээн шаардаж буй нийгэм, олон нийт, залуучуудынхаа шаардлагыг энэхүү үйлдлээрээ би дэмжиж байна" гэжээ.