УИХ-ын Хянан шалгах түр хорооноос явуулж буй Хөгжлийн банкны сонсголд "Изинис эйрвэйз" ХХК-ийн төлөөллийг дуудаж мэдээлэл авчээ. Тус компани нь анх Бойнг онгоц түрээсэлж олон улсын нислэг хийнэ хэмээн Хөгжлийн банкнаас 22,9 тэрбумын зээл авсан ч одоог хүртэл зээлээ төлөөгүй байгаа юм байна.
"Изинис эйрвэйз" ХХК-ийн тухайд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын компани болох нь сонсголын үеэрх мэдээллээс тодорхой болжээ. Улсын бүртгэлд "Изинис эйрвэйз" ХХК-ийн 70 хувийг Б.Хурцын хамаатны дүү Т.Эрдэнэ , 30 хувийг Э. Золзаяа эзэмшдэг гэжээ. Э.Золзаяа нь УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирын охин, Б.Хурцын төрсөн хүү Б.Тайван гэгчийн эхнэр нь ажээ.
Хөгжлийн банкнаас тус компанийг зээл авах үед Э.Золзаяагийн аав Л.Элдэв-Очир нь УИХ-ын гишүүнээр, хадам аав Б.Хурц нь Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан байна.
Ингээд Хөгжлийн банкнаас авсан зээлээсээ "Изинис эйрвэйз" компанийн 70 хувийн хувьцааг эзэмшигч Т.Эрдэнэ гэгч нь 1.7 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар авч зарцуулсан байна. Үүнээс гадна 325 сая төгрөгийг бэлнээр, 4.0 сая ам.долларыг шилжүүлгээр авч хувийн хэрэгцээндээ зарцуулжээ.
Мөн 300 сая төгрөгийг тус компанийн данснаас гаргаж Б.Хурцын эхнэр Ү.Сарнайгийн "Сарнайх" ХХК-д шилжүүлж, 7.5 тэрбум төгрөгөөр бусад арилжааны банкан дахь зээлээ хаажээ. Энэ дотор "Сарнайх" ХХК-ийн зээлийг хаасан гэх шинжээчийн дүгнэлт ч гарсан байгаа юм.
Товчхондоо эндээс Б.Хурц өөрийн хүү бэр хоёрынхоо компаниар дамжуулан зээл аваад тэрхүү зээлээрээ өр ширээ дарж, зээлээ хаасан гэдэг асуудал ойлгогдож байна.
Энэ асуудлаар Хянан шалгах түр хорооноос тодруулга авахаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг сонсголд дуудсан ч тэрээр ирээгүй гэдэг мэдээлэл байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN