УИХ-ын гишүүн Б.Даваасүрэн өнөөдрийн чуулганы хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлантай холбоотой ноцтой мэдээллийг дэлгэв. Тэрээр “2017 онд одоогийн Сангийн сайд Б.Жавхлан Бичил санхүүгийн хөгжлийн сангаас “Жэтфинанс” гэдэг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж жилийн 6 хувийн хүүтэй 900 тэрбумын зээлийг гурван удаа авсан байна. Ийм байж болох юм уу” хэмээсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Даваасүрэнгийн мэдээлэлд дурдагдсан “Жэтфинанс” нь Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн дүү Б.Амгалангийн хувь эзэмшдэг байсан ББСБ ажээ.
Тус банк бус санхүүгийн байгууллага нь Бичил санхүүгийн хөгжлийн сангаас 900 тэрбум бус 920 сая төгрөгийн үнийн дүнтэй зээлийг гурван удаа гаргуулан авч байсан гэдэг мэдээлэл байна.
Б.Жавхлангийн тухайд 2018 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирлаар өөрийн найз, АНУ-ын Индианагийн их сургуульд хамт сурч байсан Х.Батхүүг томилуулсан. Улмаар Х.Батхүүгээр дамжуулан өөрийн төрсөн дүү Болдын Амгаланг тус байгууллагад ажилд оруулсан гэдэг мэдээлэл өмнө нь дэлгэгдэж байв.
Гэтэл Б.Амгалан төрсөн ахынхаа лоббигоор ажилд ороод удаагүй байхдаа Бичил санхүүгийн хөгжлийн сангаас өөрийн хувь эзэмшдэг “Жэт финанс” ББСБ-д гурван удаагийн үйлдлээр нийт 2,7 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байдаг ажээ.
Сэтгэгдэл (1)