Улс төрийн судалгаа хийдэг MEC гэдэг байгууллагаас Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын нэр хүндийг тодорхойлжээ. Судалгаагаар УИХ-ын нэр хүнд хамгийн ихээр унасан болох нь тогтоогдсон байна.
Монгол бол Парламентын засаглалтай улс. Тэр утгаараа хамгийн чухал, эрх мэдэлтэй субъект нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч УИХ юм. Гэтэл энэ бүтэц ард түмнээс муу үнэлгээ авч байгаа нь “Монгол улс цаашдаа “Хууль засагладаг” улс болж хөгжих нь үнэн юм уу” гэж асуухад хүргэж байна. Мөн үүнд УИХ-ын нэр хүндийг хамгийн ихээр төлөөлдөг дарга Г.Занданшатарын хууль бус үйлдлүүд нөлөөлж байгаа нь үнэн юм. Учир нь, мөн л МЕС-ээс явуулсан судалгаагаар, Монгол Улсын хамгийн нэр хүндтэй улстөрчдийн жагсаалтыг гаргахад УИХ-ын дарга Г.Занданшатарын нэр байхгүй байгаа юм.
Монгол Улс улс шиг хөгжихөд хоёр хөршийн хавчлага, ард иргэдийн арчаагүй байдал гэхээсээ илүү улстөрчдийн эх оронч бус, чадамжгүй байдал нөлөөлж байгаа гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Өөрөө зарчим ярьдаг ч тойрон хүрээлэгчдэдээ хууль зөрчихийг зөвшөөрдөг, нэр төр хөөцөлдсөн улстөрчдөөс болж бүхэл бүтэн салбар, цаашлаад улс орны нэр хүнд унаж, хөгжил удааширдаг жамтай. Манай Парламентад яг одоо чухам ийм зүйл тохиолдоод байгаа нь МЕС-ийн судалгаанаас тодорхой харагдаж байна.
Манай Парламент 2019 онд “Давхар дээл”-ээ сүр дуулиантайгаар тайлж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсныг бүгд мэднэ. “Ард түмний захиалгаар” хийгдсэн энэ өөрчлөлт 2020 оны УИХ-ын, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, МАН-ын нэр дэвшигч ялахад зохих ёсоор нөлөөлсөн. Гэтэл хоёр ч сонгуульд ялсныхаа дараа тайлж хаясан давхар “дээл”-ээ буцаагаад шившигтэйгээр нөмөрсөн. ”Шившигтэй” гэдэг үг хэрэглэсний учир нь, УИХ, эрх баригч МАН яг нарийндаа энэ үйлдлээрээ ард түмнийг хулхидчихсан юм.
Төрийн эрхийг хууль бусаар авсан ч гэж хэлж болохоор хоёр удаагийн парламентыг хоёуланг нь Г.Занданшатар тэргүүлж байсан учраас увайгүй байдлын ихэнх нь түүнд ногдох ёстой. Ёс зүйтэй улстөрч бол яавч ийм эрс тэс шийдвэр гаргасан Парламентын толгой дээр сууж зүрхлэхгүй. Энэ бол Г.Занданшатар зарчим биш, эрх ашиг шүтдэг улстөрч болохыг харуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол улсаа “Хууль засагладаг улс болгоно” хэмээн амалсан. Гэвч дээр хэлсэнчлэн, ямар ч улстөрчийн гаргаж болохгүй ёс зүйгүй байдал гаргасан улстөрчийг спикерийн суудалд суулгаж байгаа цагт Монгол Улс хууль засагладаг улс болно гэдэгт огт итгэхгүй нь. Бүр тодорхой хэлбэл, Монгол Улс “Хууль засагладаг” улс болоход учирсан хамгийн ойрын том саад нь Г.Занданшатар болчихоод байна.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (2)