өдөр
шөнө
×

"Хөгжлийн банк”-ны өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх гэсэн хуйвалдааны ард Г.Занданшатар байгаа бололтой!

УИХ-аар хэлэлцэж буй 2023 оны Улсын төсвийн тухай хуулийн төслийг дагалдан Хөгжлийн банкны чанаргүй зээлд баталгаа гаргах эрхийг Засгийн газарт олгох тухай тогтоолын төсөл хамт орж иржээ. Шууд утгаараа Хөгжлийн банкнаас зээл аваад юм болголгүй дампуурсан хулгайчуудын өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхийг зөвшөөрсөн энэ тогтоолыг УИХ арай ч баталчихгүй байх гэж ард иргэд найдаж буй. 

Тэгвэл “Баталчхаж ч магадгүй” гэх хардлага бас байна. 

Энэ санааг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хорооны уржигдрын хуралдаан дээр илэрхийлсэн юм. Тэрбээр “Улсын мөнгийг идэж ууцгаачихаад төрөөс төлөх баталгаа гаргаад байж болохгүй шүү дээ. Манай дарга, сайд нар сонгуулийнхаа менежерийг тавьж байгаад цохичихсон байгаа юм шүү дээ. Энэ тогтоолоо татаж авахгүй юм бол хэн хэний, ямар компаниуд орж, ямар ашиг сонирхол байгааг нь ил гаргаж тавина” гэснийхээ араас “Хөгжлийн банкны өр барагдуулах Түр хороо яасан бэ. Дарга нь түгжрэл зохицуулна гээд явчихсан /Ж.Сүхбаатарыг хэлж байна/. Манай Их хурлын дарга албаар энэ асуудлыг байхгүй болгож байна” гэсэн юм. 

Түүний энэ үг нь “Хөгжлийн банк”-ны нэрээр мөнгө босгох, тэндээс их хэмжээний зээл авч чанаргүйд тооцуулах, улмаар Засгийн газраар баталгаа гаргуулж татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэх нь зохион байгуулалттай үйл ажиллагаа, түүнийг зохион байгуулагчдын нэг, бараг гол хүн нь УИХ-ын дарга Г.Занданшатар шүү гэдэг утгыг шууд илэрхийлчхэв.

Хөгжлийн банк”-наас зээл авч идсэн ААН-үүдийн өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөөд цаашдаа дампууруулж ч болзошгүй гэх Ц.Даваасүрэн гишүүний хардлага үнэхээр иш үндэстэй. Тэрбээр Хөгжлийн банкнаас хэн хэн идэж уусныг бүгдийг нь мэдэж байгаа хэр нь ил гаргахгүй байгаа нь шог ч, энэ их юм мэдэж байгаа хүн УИХ-ын дарга Г.Занданшатарыг нэр цохож байгаа нь жирийн хэрэг яавч биш. 

УИХ-аас “Хөгжлийн банк”-ны чанаргүй зээлд баталгаа гаргах эрхийг Засгийн газарт олгочихвол, бүр тодруулбал, хулгайч нарын илдэж уусан их наядаар тоологдох мөнгийг ард түмэн төлөхөөр болчихвол Г.Занданшатарыг энэ хэрэгт холбогдуулан шалгах ёстой. 

Эцэст нь, Төсвийн тухай хуулийг дагалдан өргөн баригдсан тогтоолын төслийн нэр нь “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” бөгөөд түүнд: 

Нэгт, газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөөц бүрдүүлэх нөхцөл үүсвэл эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилгоор 2023 онд багтан эргэн төлөгдөх зээллэгт Засгийн газар өрийн баталгаа гаргах,

Хоёрт, дээр дурдсанчлан Хөгжлийн банк 2023 онд эргэн төлөгдөх хуваарьтай гадаад үнэт цаасны /бонд/ эргэн төлөлтийг дахин санхүүжүүлэх зорилгоор хийх зээллэгт шаардлагатай тохиолдолд Засгийн газраар өрийн баталгаа гаргуулахаар заажээ. Мөн энэ хүрээнд баталгаа гаргах бүрэн эрхийг Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шууд “Олгосугай” гэж дурдсан байна. 

“Хөгжлийн банк” ирэх 2023 оны аравдугаар сард “Сэргэн мандалт” бондын 500 сая, арванхоёрдугаар сард “Самурай” бондын 200 сая ам.долларыг төлнө. Нийт 700 сая ам.долларын энэ эргэн төлөлтийг өмнө нь олгогдсон чанаргүй зээлүүдийг хангалттай хэмжээнд эргэн төлүүлж байж, өөрийн хөрөнгөөр төлөх учиртай. Харин УИХ-д оруулж ирсэн буюу одоо Г.Занданшатарын гар дээр очоод буй Тогтоолын төсөл яалт ч үгүй “Эхлээд зээлээ төл гэж нэхнэ, болохгүй бол Засгийн газраар буюу татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлнэ” гэсэн агуулгатай байгаа юм. Ц.Даваасүрэн гишүүний хэлж байгаагаар бол зээлүүдийг авсан этгээдүүд нь төлөх сонирхолгүй, улс төрд нөлөө бүхий, өмнө нь банк дампууруулж байсан туршлагатай этгээдүүд байгаа. Тиймээс Засгийн газар төлөх магадлал өндөр гэж үзээд тогтоолын төслийг татаж авахыг шаардаж байгаа юм.  

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top