Өчигдөр “Дарханы арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаярыг Авлигатай тэмцэх газраас өөрийн тань гомдолтой холбогдуулж мэдүүлэг авъя гэж дуудаад цагдан хорив.
Тус цогцолборыг тойрсон эрх ашгуудаас хэд хэдэн хүчин зүйл анхаарал татаж буй. Тодруулбал, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх учиртай уг төслийг тус компани Дархан-Уул аймгийн Хонгор суманд 180 га газар дээр сүүлийн дөрвөн жил өөрсдийн хөрөнгө болон Хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлж байв. Уг төсөл дээр Засгийн газрын тогтоолын дагуу төрөөс дэд бүтцийг нь шийдэж, хариуцах ёстой байв.
Гэтэл төр энэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас хувийн хэвшил цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болж, Засгийн газрын тогтоолд итгэснийхээ төлөө өнөөдөр хохирч, хоригдох хэмжээнд хүрчихээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийнхэн 50 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийчихсэн бөгөөд хэрэв эрх баригчид Засгийн газрын тухайн үеийн тогтоолоо хэрэгжүүлэхгүй бол дээрх мөнгө салхинд хийсч, үйлдвэр балгас болон үлдэх эрсдэл бий бодитоор болжээ.
"Дарханы арьс ширний цогцолбор" ХХК уг бүтээн байгуулалтыг хийхдээ Дарханы 20 орчим компанийг гүйцэтгэгчээр ажилуулсан, тухайн гүйцэтгэгч компаниуд өөрийн хөрөнгөөр болон банк, банк бус байгууллагаас зээл авч тухайн ажлыг хийсэн учир өдгөө зээлийн хүүнд дарлуулж, хүнд байдалд орчихоод байгаа юм.
Төсөл хэрэгжүүлэгчид “Засгийн газрын шат дараалсан тогтоолтой, УИХ-ын гишүүд, сайд нар, Ерөнхийлөгч хүртэл энэ бүтээн байгуулалт дээр ирж, үзэж танилцаж байсан” учраас бид итгэж хөрөнгө оруулалт хийж, гүйцэтгэлийн ажлыг хариуцсан. МУ-ын одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан хотод сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ “Дарханд 3000 орчим ажлын байр бий болгох энэ төслийг МАН заавал хэрэгжүүлнэ. Арьс ширний цогцолбор 2024 он гэхэд ашиглалтад орно. Гүйцэтгэгч та бүхэн чадлаараа хичээгээрэй. Төр дэмжинэ” хэмээн ярьж байсан учраас тэд итгэл төгс, байгаа бүх боломжоороо ажилласан” гэдгээ тодотгож байв.
Гэтэл төрд итгэж ажилласныхаа хариуд өнөөдөр өрөнд унаж, “аавын хаалга” татахдаа тулчихаад байна.
Одоогийн нөхцөл байдалд хүргэсэн хамгийн ноцтой гол шалтгаан нь тус бүтээн байгуулалтын яг хажууд нь төр дахин 25 га газарт төстэй нэртэй ижил төсөл хэрэгжүүлэхээр эхлүүлсэн нь явдал юм.
Бидэнд ирсэн мэдээллээр “Дарханы арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” ТӨХК УИХ-ын гишүүн С.Даваасүрэнтэй холбоотой гэж буй.
Тэрбээр тус ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Гансүхыг томилуулсан байдаг.
Товчхондоо, жилд 10 сая ширхэг арьс шир боловсруулан гадны зах зээлд гаргах хүчин чадалтай 60 хувийн гүйцэтгэлтэй явж байсан энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил УИХ-ын гишүүн С.Даваасүрэн тэргүүтэй нэр бүхий улс төрчдийн ашиг сонирхлоос болж гацаж, хүнд байдалд орчихоод байна гэж харж болохоор байгаа юм. Ингэж төр нэг гараараа хийсэн зүйлээ нөгөө гараараа устгаж, төр хувийн хэвшлийн түншлэл биш, төр хувийн хэвшлээ хуурах бодлогын алдааг бий болгож болох уу.
Манай улс малын арьс ширээ боловсруулах үйлдвэргүйгээс олон сая малын арьс хог дээр хаягдаж, малчдын хөдөлмөр үнэгүйдсээр олон жилийн нүүр үзэж байна. Жилдээ дунджаар 20 сая малын арьс шир хаягдаж буй мэдээлэл бий.
Үүнийг л боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулж, 180 мянган малчин өрхийн амьжиргаанд бодит дэмжлэг бий болгох шаардлагатай байгаа.
Нөгөө талдаа МЕГА төслүүдээ урагшлуулж, гацаасан этгээдээс алдагдсан боломжоо нэхэмжилнэ хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төр хувийн хэвшлийн хийж чадаж байгаа зүйл рүү орохгүй байх ёстойг онцолж байв. Харамсалтай нь бодит байдал дээр төр өөрөө том төслөө гацаадаг, булаадаг буруу жишиг бий болсны нэгэн жишээ бол Дарханы арьс ширний цогцолбор болоод байгааг анхааралдаа авна уу, эрх баригч даа