Эрүүл мэндийн яамны зүгээс 2022 оныг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарлаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд“Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх”, “Хэнийг ч орхигдуулахгүй байх”, “Эрүүл мэндийн тэгш байдлыг хангах” гэсэн эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлогын үндсэн зарчмыг бодитойгоор хэрэгжүүлж, эх орондоо оношлогдож, эмчлүүлэх боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа билээ.
Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүрэг чиглэлийн дагуу Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв ажилчдынхаа цалинг нэмж, мөн 72 ажилчдынхаа 72 хүүхдэд хичээлийн дүрэмт хувцас гардуулав.
Тус төв нь нийт ажилчдынхаа сургуулийн насны хүүхдэд дүрэмт хувцас, харин цэцэрлэгийн насны хүүхдэд биеийн тамирын хослолыг гардуулж өгснийг бид сурвалжиллаа.
Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвийн дарга Д.Долгормаа: Ажилчдынхаа цалинг 15-20 хувь нэмэгдүүлээд байна
Манай төв эрүүл мэндийн ажилчнуудын хүчин чармайлт, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, нийгмийн хамгааллын эрх зүйн хүрээнд шинэчлэх, хөгжих боломжийг нэмэгдүүлэх замаар чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна.
Цаашдаа ажилчдынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлийн сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллах төлөвлөгөөтэй байгаа.
Энэ оны тавдугаар сарын 1-ээс эхлэн ажилчдынхаа цалинг 15-20 хувь нэмэгдүүлэн, үр бүтээлтэй ажиллаж буй ажилчдаа Төрийн дээд одон медиалаар шагнаж урамшуулсан. Мөн сувилагч нарын цалинг шатлал ахиулан есдүгээр сарын 1-ээс мөрдөн ажиллана.
Эрүүл мэндийн ажилчдын асуудлыг шийдэх жил болгон зарласантай холбогдуулан 2022 онд хийх ажлуудын нэг бол өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа юм. Ажилчдынхаа хүүхдүүдэд дүрэмт хувцас бэлэглэх ажлыг анх удаагаа хийж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулах болно.
Нүүр амны мэс заслын тасгийн ахлах сувилагч О.Сэрсмаа: 30 жил ажилласан байгууллагын маань нөхцөл сайжирч байгаад баяртай байна
Би байгууллагадаа 30 жил ажиллаж байна. Өнөөдөр ажилчин болгоны хүүхдэд хичээлийн дүрэмт хувцас өгөх үйл ажиллагаа болж байна.
Сургууль, цэцэрлэгийн насны хүүхэдгүй ажилтанд дүү болон ач зээд нь өгч байгаагаараа онцлог. Цэцэрлэгт явдаг манай ачид тамирын хослол хүртэл өглөө. Тамирын хослол аваагүй байсан учир их баяртай байна. Юмны үнэ тэнгэрт хадсан энэ үед төсвийн цалинтай бидэнд дэмжлэгтэй арга хэмжээ болж байна гэж хэлмээр байна.
Ийм шийдвэр гарган ажилчдынхаа амьдралд хувь нэмэр оруулж буй хамт олондоо талархснаа илэрхийлье.
Ариутгагчийн сувилагч Т.Удвал: Ажлаад удаагүй ч хүүхдэд маань дүрэмт хувцас бэлэглэсэнд талархаж байна
Энд ажиллаад гурван сар болж байна. Манай хүү энэ жил есдүгээр ангид орно. Хүүхдийнхээ хичээлийн дүрэмт хувцсыг аваагүй байсан. Энэ үйл ажиллагаа нь маш их дэмжлэг болж байна. Хамт олондоо баярласан талархснаа илэрхийлье.
Ард иргэхийнхээ эрүүл мэндийг дэмжих, хамгаалах хариуцлагатай үйлсэд хүчин зүтгэж буй эмч, ажилчдынхаа амьдралыг дэмжсэн нэгэн үйл ажиллагааг Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв ийнхүү амжилттай зохион байгууллаа.
Бид эерэг мэдээллийг цаг алдалгүй мэдээлэх болно.