өдөр
шөнө
×

С.Баяр: Эхнэр Сувд бид хоёрын хамтарсан дансаар 2010-2015 онд 3,5 сая доллар орж, гарсан

Шүүх танхимд Ерөнхий сайд асан С.Баярын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Прокурорын яллах дүгнэлтийг сонслоо. Шүүх хурал дээр үг хэлэх, мэдүүлэг өгөх эрх, үүргийнхээ дагуу байр сууриа илэрхийлъе. Товч, тодорхой байх үүднээс мэдүүлгээ цаасан дээр буулгав. Үүнийгээ шүүх хуралдааны тэмдэглэлд оруулах хүсэлтэй байна. Нэг талаас, шүүхийн ажиллагааг бага ч гэлээ хөнгөвчилъе. Нөгөө талаас энд ярьсан зүйл маань бүрэн бүтнээрээ, хэлсэн тоо баримтаараа, сонгосон томъеоллоосой гэж хүсч байна.

С.Баяр намайг “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” болон “Мөнгө угаах” гэх хоёр гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор үзэж байгаа. Намайг буруутгаж байгаа эдгээр үйлдлийг ерөнхий 4 хэсэгт хуваан тайлбарлаж, аль болох товч тодорхой ярихыг хичээ

ЕРӨНХИЙ НЭГ. “Албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашигласан” гэх дүгнэлтийн талаа

Яллах дүгнэлтэд (3-р тал, 2 дахь догол мөр) С.Баяр намайг “… Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа… Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ (ОТ ХөОГ)байгуулах үед… албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашигласан”гэж тэмдэглэжээ.

Түүнчлэн НПГ-ын 2020.03.05-ны өдрийн Прокурорын тогтоолд (7-р тал, 7-р догол мөр), “ОТ ХөОГ-ний төслийг 2009.08.25-ны өдөр УИХ-д танилцуулсны дараа С.Баяр нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн Петровис Трейдинг (ПТ) компанийг ОТ ХХКтай… “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулах, энэ гэрээ 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд ПТ ХХК нь 418 тэрбум төргөгийн орлого олох боломжийг бий болгосон үйл баримт нотлогдсон гэж дүгнэв” гэжээ. Уг тогтоолд (7-р тал, 8-р догол мөр) “ОТ ХХК-тай 2009.09.01ний өдөр “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээний зүйл, үнийн дүнг их хэмжээгээр нэмэгдүүлж, шинэчлэн байгуулснаас нэгтгэн дүгнэхэд, С.Баярын Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд ОТ ХөОГ байгуулахад гүйцэтгэсэн үүрэг, олж авсан мэдээлэл… ОТ болон ПТ компаниудын хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, түүний үр дүнд ПТ компанид эдийн засгийн хувьд давуу байдал бий болгосон үйл баримт нотлогдсон” гэжээ. “Үйл баримт нотлогдсон” гэж бичсэнээс нь үзвэл С.Баяр намайг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хөдлөшгүй нотлож тогтоосон баримт хэргийн материалд бий гэж ойлгож болохоор. Эрх зүйн урт хэллэгээр биш, эгэл жирийн үгээр товч илэрхийлвэл, миний бие Ерөнхий сайдбайхдаа ОТ ХөОГ байгуулах үед олж авсан ямар нэгэн чухал “мэдээллийг” өөрийн найз Ч.Даваанямд өгч, түний компанид “эдийн засгийн давуу байдал” бий болгон, улмаар олон зуун тэрбум төгрөгийн “хууль бус орлого” олох боломжийг нь олгосон гэж үзжээ.

Ийнхүү Яллах дүгнэлт болон прокурорын тогтоолд намайг “1. Мэдээлэл олж өгөх, 2. Давуу байдал бий болгох, 3. Хууль бус орлого олох” гэх ар араасаа дараалсан, хоорондоо уялдаа холбоо бүхий 3 гэмт үйлyдэл хийсэн, улмаар эдгээр “үйл баримт нотлогдсон” гэж тэмдэглэсэн байгаа. “Нотлогдсон” гэх энэ 3 үйлдлийг тус тусад нь авч үзъе.

1. Аливаа мэдээлэл тодорхой тоо баримт агуулдаг. Хэрэв тийм бол, Ерөнхий сайд асан миний бие ОТ ХөОГ байгуулах үед албаны чиг үүргийнхээ дагуу чухам юуны тухай, ямар тоо, баримт агуулсан мэдээллийголж аваад, Ч.Давааням найздаа өгсөн гэж үзэж байгаа нь огт тодорхойгүй байна.

2. Эдийн засгийн давуу байдал мөнгөөр илэрхийлэгддэг. Хэрэв тийм бол, ПТ компанид эдийн засгийн чухам ямар “давуу байдал” бий болсон юм ? Түүний мөнгөн илэрхийлэл нь яг хэд юм? Яллах дүгнэлтэд тэмдэглэсэн “418 тэрбум төргөг” гэдэг нь ПТ ХХК-ийн 4 жилийн борлуулалтын орлогын хэмжээ юм. Энэ 418 тэрбум төгрөгийг бүхэлдээ хууль бус орлого гэж үзэж байна уу, эсвэл үүний нэг хэсэг нь үү? Энэ асуудал мөн л тодорхой бус үлджээ.

3. Гэрээг хүн байгуулдаг. Хэрэв тийм бол, ПТ компанийг ОТ компанитай 2009.09.01-ний өдөр ВРА 0027 дугаартай “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулахад Ерөнхий сайд асан С.Баяр миний бие чухам хэн гэдэг хүн, ямар албан тушаалтанд, яг ямар нөлөө, яаж үзүүлсэн гэж үзэж байгаа нь Яллах дүгнэлтэд огт тодорхойгүй, ор хоосон байна.

Миний бие ямар нэгэн ач холбогдолгүй тоо баримт нэхээд, эсвэл сониуч зан хөдлөөд лавлаж тодруулаад байгаа зүйлүүд биш юм. Энэ бол Ерөнхий сайд асан С.Баяр намайг үйлдсэн гэх эрүүгийн гэмт хэргийн гол суурь нь гэхээр асуудлууд юм. Эдгээр асуултын тодорхой хариу буюу намайг гэм буруутайг нотлон тогтоосон баримт хэргийн материалд байсан бол би энд олон юм ярилгүй, хуулинд заасан хариуцлагаа үг дуугүй хүлээхэд бэлэн байгаа гэдгээ шүүхийн өмнө мэдэгдэж байна.

Гэтэл хэргийн материал, Яллах дүгнэлт болон НПГ-ын прокурорын тогтоолд ийм нотлох баримт алга байна. Харин том жижиг алдаа, нотолгоогүй дүгнэлт цөөнгүй. Наад захын нэгэн жишээ. НПГ-ын прокурорын 101 тоот тогтоолд (7-р тал, 7-р догол мөр) “ОТ ХөОГ-ний төслийг 2009.8.25-ны өдөр УИХ-д танилцуулсны дараа С.Баяр нь…” гэж бичсэн байна.

Гэтэл бодит амьдрал дээр тийм юм огт болоогүй. 2009.08.25-ны өдөр эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулганд би ОТ ХөОГ танилцуулаагүй, тэр чуулганаар энэ гэрээг огт хэлэлцээгүй. Юу хэлэлцсэн гэхээр,Монгол Улсын зарим хуулинд, тухайлвал “ААН-ийн орлогын албан татварын тухай”, “Усны тухай”, “Авто замын тухай” хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцээд УИХ-ын ээлжит бус тэр чуулган хаагдсан байдаг. Хэргийн материалд энэ тухай албан ёсны мэдээлэл байна билээ.

Тиймээс намайг “ОТ ХөОГ-ний төслийг УИХ-д танилцуулсны дараа өөрийн найз Ч.Даваанямд” энэ гэрээтэй холбоотой ямар нэгэн чухал мэдээ дамжуулсан гэж үзсэн нь АТГ-ын мөрдөгчид болон прокуроруудын таамаг сэжиг төдий зүйл. Гэхдээ энэ бол тогтож яриад байх тийм том алдаа биш гэж бодож байна. Тиймээс цааш явъя.

Асуудлын гол нь ОТ ХөОГ-г хэзээ, хаана, яаж хэлэлцсэндээ байгаа юм биш. ОТ ХөОГ-нд аль нэгэн компанид давуу байдал бий болгох боломжтой ямар нэгэн “нууц, чухал” мэдээлэл байна уу, үгүй юу гэдэгт асуудлын гол оршиж байгаа юм. ОТ ХөОГ бол нээлттэй баримт. ОТ ХөОГ-ний төслийг боловсруулж байх үед ч нээлттэй байсан. 2009 оны 10-р сард үзэглэж, 2010 оны 4-р сараас хүчин төгөлдөр болсныхоо дараа ч өнөөг хүртэл нээлттэй байгаа эрх зүйн гэрээ. Энэ гэрээ болон түүний хавсралтанд улсын болон бизнесийн ямар нэгэн нууц байхгүй.

Түүнчлэн, ОТ ХөОГ-ний 16 бүлэг, 300 гаруй зүйл, заалтад аль нэгэн компанид бизнесийн давуу тал бий болгож, хууль бусаар орлого олох ямар нэгэн сэжүүр,тоо баримт, мэдээлэл огт агуулагдаагүй. ОТ ХөОГ-ний зүйл, заалт дотор ямар ч компани, түүний дотор шатахуун түлш нийлүүлдэг ПТ компанид “давуу байдал” бий болгох, хууль бус орлого олох ямар нэгэн “мэдээлэл” огтхон ч үгүй юм. Энэ бол дэндүү мэдээжийн гэмээр асуудал. ОТ ХөОГ-г гарчиглан гүйлгэж харсан хэнд ч гэлээ ойлгомжтой асуудал юм л даа, уг нь.

Тиймээс Яллах дүгнэлтэд тэмдэглэсэнчлэн, “С.Баяр нь ….ОТ ХөОГ-г хэлэлцэх үед албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор” ашигласан гэх дүгнэлт нь эрх зүйн талаасаа үндэс үгүй юм. Эрх зүйн талаас үндэсгүй байхаас гадна, энгийн амьдрал, бизнесийн талаасаа ч учир шалтгаан, утга холбогдол огт үгүй дүгнэлт юм гэж би хэлэх байна.

ЕРӨНХИЙ ХОЁР. “Албан тушаалаа урвуулан ашигласан, ПТ компанид эдийн засгийн давуу байдал бий болгож хууль бус орлого олсон” гэх дүгнэлтийн талаар

Яллах дүгнэлтэд намайг “албан тушаалаа урвуулан ашигласан, ПТ компанид эдийн засгийн давуу байдал бий болгож хууль бус орлого олсон, тэр хууль бус мөнгөө угаасан” гэж буруутгаж байгаа. Намайг үйлдсэн гэж үзэж байгаа гэмт үйлдлийг нотлохбаримтын гол үндэс нь Мишээл Од Аудит (МОА) гэх компанийн шинжээчид гаргасан дүгнэлт юм гэж би ойлгосон.

Тийм ч учраас МОА компанийн шинжээчид гаргасан энэ дүгнэлтийг би тогтож судласан. Өөрөө судлахаас гадна холбогдох мэргэжлийн хүмүүсээр нягтлуулсан. Түүнчлэн МОА компанийн шинжээчдийн ашигласан баримт дотор илт дутагдаж байгаа, тэдний нягтлаж тодруулаагүй орхисон зарим тоо баримтыг би өөр хоорондоо гэрээ байгуулсан ОТ болон ПТ компаниудад хандан албан есоор хүсэлт тавьж авсан. Эдгээр байгууллагаас хүлээн авсан баримтыг шүүх бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байгаа. МОА компанийн шинжээчид гаргасан дүгнэлтийн талаар энэ шүүх хурал дээр нухацтай ярьж, энэ дүгнэлтийн үндэстэй, үндэсгүйг тогтоох болов уу гэж би найдаж байна.

Би хувьдаа тэр дүгнэлтийг нь шулуухан хэлэхэд “тун хариуцлагагүй дүгнэлт” болсон гэж үзсэн. Аж ахуйн,бизнесийн гэрээ гэдэг бол хэрэндээ нарийн зүйл. Хэдийгээр би хуульч мэргэжилтэй ч, шатахуун түлш нийлүүлэх, худалдан авах гэрээний нарийн ширийнийг нь мэдэхгүй. Тийм учраас энэ талаар олон юм нуршихгүй. Гагцхүү миний анхаарал гойд татаж, гайхал төрүүлсэн, энэ дүгнэлтийг “хариуцлагагүй дүгнэлт” гэж үзэх болсон наад захын хэдхэн баримтыг дурдъя.

Баримт нэг. МОА-ын шинжээчид гаргасан дүгнэлтэнд дизелийн түлшийн Улаанбаатар дахь жижиглэнгийн үнийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгаа ОТ орд газрын сайт дээрх үнэтэй шууд харьцуулжээ. Чингэхдээ УБ-аас Чойр хүрэх (240км төмөр замаар), мөн Чойроос ОТ сайт хүртэлх (450 км автомашинаар) хийсэн тээврийн зардлыг тооцолгүй үнийн харьцуулалт хийсэн байх юм. Арай ч дээ гэмээр. Тэр олон мянган тонн түлшийг тэр олон зуун км-ийн цаана байгаа газар хүргэхэд үлэмж зардал гарч таарна. Гэтэл “Мишээл Од Аудит” компанийн шинжээчид гаргасан гэх дүгнэлтэд үүнийг огт тооцоогүй байх юм. “Өндөр мэргэжлийн шинжээчид” гэж АТГ сонгож авсан шинжээчид ийм мэдээжийн, ийм ноцтой алдаа гаргасанд харамсаж байна.

Баримт хоёр. МОА компанийн шинжээчид “ОТ ХХК нь 2007-2013 онд ПТ компаниас түлш, шатахууныг худалдан авахдаа… шатахуун ханган нийлүүлэгч бусад компаниудаас харьцангуй өндөр үнээр худалдан авалт хийж байсан байна” хэмээн дүгнэжээ (2020.3.5- ны өдрийн прокурорын тогтоол. 4-р тал. Эхний догол мөр). Аль нэг компанид түлш нийлүүлэх үнэ нь тээврийн зардлаас гадна тухайн үеийн түлшний импортын үнэ, валютын ханш зэрэг Монголоос үл хамаарах олон хүчин зүйлс нөлөөлдөг. 2013 оноос хурцадсан Орос-Украины харилцаа, Крымийн хойгийн асуудал, ОХУ-ын эсрэг АНУ, Европын Холбооноос авсан хориг арга хэмжээ зэргээс хамаарч ОХУаас манайд нийлүүлдэг түлш шатахууны үнэ 2014 оноос хойш огцом унасан байна. Жишээ нь, ПТ компани ОТ компанид 2009-2013 онд дизель түлш нийлүүлж байх үед импортын үнийн дундаж нь 942 ам.доллар байж. Гэтэл түүний дараагаар буюу 2014-2017 онд Шунхлай, М-Ойл гэх компаниуд ОТ-д дизель түлш нийлүүлж байх үед импортын үнийн дундаж нь 627 ам доллар буюу 300 гаруй ам доллар буурсан үнээр оруулж ирдэг байж. ОХУ-аас авч байгаа импортын үнийн огцом унасан ийм том зөрүүг “Мишээл Од Аудит” гэх компанийн шинжээчид гаргасан тооцондоо бас л тусгалгүй, “ПТ нь ОТ компанид өндөр үнээр шатахуун нийлүүлж байсан” гэх дэндүү гэнэн гэмээр дүгнэлт хийсэн байна.

Баримт гурав. ПТ компани нь бусад компаниудад өгдөг үнээсээ өндөр үнээр бүтээгдэхүүнээ ОТ компанид “шахаж улмаар хууль бус орлого” олж байв уу гэдгийг хэргийн материалд буй баримтаас би нягтлаж үзэв. Гэтэл бодит байдал нь эсрэгээрээ байх юм. (Хэргийн 451-р хавтас, 245-р тал). ОТ-н орд газар дээр туслан гүйцэтгэх ажил гэрээгээр гүйцэтгэж, хөрс хуулах, ил уурхай гаргаж зохион байгуулах, ачаа бараа тээвэрлэн хүргэх зэрэг ажил хийж байсан монголын Хэт, Моннис, Хасу Мегаватт, Мэжор дриллинг, Хаанза, Гео Мандал, CIS Mонголиа, Гаруда Транс зэрэг компаниудад 2009- 2013 онд ПТ компаниас нийлүүлж байсан түлшний үнээс ОТ ХХК-д нийлүүлж байсан үнэ нэг тонн тутамд 130 – 170 орчим мянган төгрөгөөр хямд байсан байх юм. Тухайн цагт, тухайн компаниуд шатахуун түлш худалдан авч байсан үнэ гэдэг бол хайгаад олдохгүй нууц мэдээлэл огт биш. ПТ компаниас өөрөөс нь лавлаж тодруулж болно. Эсвэл дээр дурдсан хэдэн компани болон Газрын тосны газар руу албан бичиг явуулаад л, эсвэл хэд утасдаж сураглаад л мэдэж болох энэ баримтыг МОА компанийн шинжээчид авагүй юу, авсан ч тоогоогүй юу, бүү мэд.

Баримт дөрөв. МОА компанийн шинжээчдийн гаргасан тооцоонд үндэслэсэн Яллах дүгнэлтэд (114-р тал, 3 дахь догол мөр, 8 дахь эгнээ) “Яллагдагч С.Баяр нь… ПТХХК-д 418 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг олгож…” гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл 2013 оноос хойш Шунхлай, М-Ойл зэрэг компаниуд үүнээс ч богинохугацаанд, үүнээс ч илүү борлуулалтын орлого олсныг шинжээчид маань анзаараагүй байх юм. Жишээ нь, ПТ компани 7 жилийн хугацаанд 418 тэрбум төгрөгийн шатахуун ОТ-д борлуулсан бол Шунхлай, М-Ойл хоёр 4 жилийн дотор 535 тэрбум төгрөгийн шатахуун ОТ-д борлуулсан байна. Гэхдээ борлуулалтын орлогын хэмжээг механик аргаар харьцуулах нь ач холбогдол багатай гэж үздэг аж. Учир нь түлшний импортын үнэ, валютын ханш зэргээс хамаараад ОТ-д шатахуун нийлүүлж ирсэн бүхкомпаниудын борлуулалтын орлого нь хэлбэлздэг аж.Ерөөс энэ компаниудын борлуулалтын орлогын 80 орчим хувь нь бүтээгдэхүүн худалдаж авах өртөг болон татварууддаа явдаг аж. Өртөгөө нөхөөд, бүх татвараа төлөөд ОТ ХХК-тай гэрээгээр тохирсон үнийн томъёоныдагуу 5 хувийн ашиг авах тогтсон жишгээр л ажилладаг юм байна. Энэ жишгийг ОТ компани 2006 оноос тогтоож, тэр нь одоо болтол мөрдөгддөг учраас энэ компанийн шатахуун түлшийг өндөр үнээр авсан, тэр компанийн шатахуун түлшийг бага үнээр авсан гэж хийсвэрээр дүгнэх үндэсгүй аж.

Баримт тав. Нийслэлийн прокурорын 2019.07.29-ний өдрийн тогтоолд “ПТ болон ОТ компаниуд 2009.09.01-ний өдөр зурсан гэрээг Ерөнхий сайд асан С.Баярбайгуулуулсан…” гэж тэмдэглэсэн байсан. 2020.3.5-ны өдрийн прокурорын шинэ тогтоол болон сая уншиж танилцуулсан Яллах дүгнэлтэд энэ өгүүлбэрийн томъелол арай өөрчлөгдсөн байгаа хэдий ч, дээрхтогтоолд (7-р тал, 8-р догол мөр) “ОТ ХХК-тай байгуулсан гэрээний зүйл, үнийн дүнг их хэмжээгээр нэмэгдүүлж, шинэчлэн байгуулснаас нэгтгэн дүгнэхэд… ОТ болон ПТ компаниудын хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, түүний үр дүнд ПТ компанид эдийн засгийн хувьд давуу байдал бий болгосон үйл баримт нотлогдсон” гэжээ. Аж ахуйн хоёр нэгжийн хооронд байгуулсан энэ гэрээ тухайн үед Ерөнхий сайд байсан надад уг нь ямар хамаа байх билээ. 2002 оноос хойш ОТ компанид түлж шатахуун нийлүлсээр ирсэн, жил жилдээ гэрээгээ сунгаад яваа хоёр компанийн дуундуур би орох ямар ч шаардлага, боломж байхгүй. Гэхдээ нэгэнт үүнийг надад хамаатуулах гээд, энэ хоёр компани гэрээ байгуулахад нь “нөлөөлсөн” гэж үзээд байгаа учраас 2009 оны энэ гэрээг 2008 оны гэрээтэй нь би зориуд харьцуулж үзлээ. (Петровис ХХК-с Өрөг Консалт ХХН-д 2020.4.3-нд ирүүлсэн 01/29 албан тоот, 3-р тал). Тэгтэл юу гарч ирсэн гээч? ПТ, ОТ хоёр компанийн хооронд байгуулсан 2009 оны гэрээ нь 2008 оны гэрээтэй харьцуулвал ПТ компанид “давуу байдал” олох байтугай харин ч төлбөр авах, орлого олох гэрээний нөхцөл нь дордсон байх юм. Жишээ нь, нэг тонн шатахуун бүрт бодогддог байсан даатгалын төлбөр 3272 төгрөг гэж 2008 оны гэрээнд заажээ. Гэтэл 2009 оны гэрээнд даатгалын тэр төлбөр нь огт оргүй болсон байна.

Өөр нэгэн жишээ. Чойроос ОТ сайтын агуулах хүртэл 450 км-ийн 1 тонн түлшний тээврийн зардал 2008 онд 121500 төгрөг байснаа 2009 онд 99000 төг болтол буурсан байх юм. Бас нэг жишээ. Нэг тонн шатахуун бүрт 2008 онд тооцож байсан “Тогтмол зардал” 100 мянган төгрөг байсан бол 2009 онд 79 мянган төгрөг болж буурсан байна. Ингэхээр, Ерөнхий сайд асан С.Баяр миний бие хоёр компанийн хооронд байгуулсан гэрээнд “нөлөөлсөн” гэж үзэж байгаа бол, энэ “нөлөөлөл” нь ПТ компанид “эдийн засгийн давуу байдал” олгосон биш, харин ч эсрэгээрээ тэр байдлыг нь дордуулан хохироож, олох орлогыг нь хороосон болж таарч байна. Үүнийг МОА гэх компанийн шинжээчид харьцуулан судлаж яагаад үзээгүй юм бол?Дараалсан хоёр оны гэрээг нь харьцуулан үзэлгүйгээр аль нэг компанид “эдийн засгийн давуу байдал олгосон” гэж МОА компанийн шинжээчид маань яаж зүрхэлж дүгнэж чадаж байнаа? Ингээд бодохоор, ганцхан жилийн ялгаатай хоёр гэрээг харьцуулж чадаагүй улс ПТ болон ОТ гэх хоёр компанийн хооронд 2007-2013 онд 7 жилийн турш хийсэн түлш шатахуун бизнесийн бодит байдал, болит үнэнийг тогтоож чадах уу гэх эргэлзээ өөрийн эрхгүй төрж байна. МОА компанийн шинжээчид гаргасан тооцоо, дүгнэлтэнд энэ мэтийн алдаа мадагтай, дутуу дулимаг зүйл цөөнгүй байна.

МОА компанийн шинжээчид гаргасан тооцоо, дүгнэлт нь миний буруутай, буруугүйгшийдвэрлэх учиртай Яллах дүгнэлтийн гол нотлох баримт болсон учраас би үүнийг сайн судалсан. Гэтэл тэдний хийсэн дүгнэлт нь ийм хариуцлагүй болсон байна. Хэлэх үг үнэхээр олдохгүй байна. Иймэрхүү л дүгнэлтийг үндэслэж нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайд байсан С.Баяр намайг “албан тушаалаа урвуулан ашигласан, аль нэг компанид давуу байдал үүсгэсэн, хууль бус орлого олсон, хууль бус тэр орлогоо угаасан” хэмээн өнөөдөр яллаж байна. МОА гэх компанийн шинжээчдийг санаатайгаар, атгаг зорилгоор ийм дүгнэлт гаргасан гэж би бодохгүй байна. Арай ч тэгээгүй байлгүй. Гэхдээ л тэдний гаргасан гэх “хариуцлагагүй” иймэрхүү дүгнэлт нь гэмгүй хүнийг гэмтэй болгон харагдуулж, хувь заяа, ирээдүйн амьдралыг нь бүрэн баллаж магадгүй юм байна гэдгийг би яс махандаа тултал ойлголоо. Хамгийн ноцтой нь юу гэхээр, шинжээчдийн тооцонд үндэслэн гаргасан Яллах дүгнэлтийн холбогдох хэсэгт, “С.Баяр нь … Петровис трейдинг ХХК-д 418 трбм төгрөгийн орлого олох боломжийг олгож, эдийн засгийн давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан” гэж заасан байдаг. ОТ, ПТ компанийн хооронд байгуулсан гэрээг Ерөнхий сайд байсан надтай нотлох ямар нэгэн баримтгүйгээр холбооод, бүр цаашлаад “Монгол улсад хүнд хор уршиг учруулсан” гэж өнөөдөр намайг яллан буруутгаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа Монгол улсдаа “хүнд хор уршиг” үнэхээр учруулсан бол тухайн үеийн өндөр албан тушаалын эрх мэдэлтэй дүйх хатуу хариуцлага хүлээхэд би өнөөдөр бэлэн байна. Гэтэл С.Баяр намайг Монгол улсдаа чухам ямар хор уршиг, яаж учруулсан гэж үзэж байгаа нь тодорхой бус. Миний учруулсан гэх тэр хор уршгийн хэлбэр нь юу юм, хэмжээ нь яг хэд гэдэг нь ч тодорхойгүй.

Яллах дүгнэлтийн хавсралтын ард нь байгаа “Эрүүгийн … 0085 хэргийн хохирлын болон гэмт хэрэг үйлдэж олсон орлогын тооцоо” гэх баримтанд С.Баяр гэх нэрийн эсрэг “хүнд хор уршиг” гэсэн хэрнээ “мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжгүй” гэж тэмдэглэсэн байдаг. Хэмжиж болдоггүй, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжгүй “хүнд хор уршиг” гэж юу байх юм гэх асуултанд хариу авч чадалгүй өнөөг хүрлээ. “ОТ ХХК-ийн алдагдал маш өндөр байна” гэж “Мишээл Од Аудит” компанийн шинжээчдийн дүгнэлтэнд бичсэн байсан. Хэрэв тийм бол хохирогч нь ОТ компани юм байна гэж шинжээчид маань үзэж байгаа юм болов уу? Эсвэл Ерөнхий сайд асан миний “нөлөөгөөр байгуулагдсан” гэх 2009 оны гэрээг 2008 оныхтой харьцуулвал хамаагүй дордуулсан нөхцөлөөр шатахуунаа нийлүүлэх болсон ПТ компани хохирогч этгээд болж таарч байна уу? Намайг зүйлчлэн яллаж буй 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2-т “уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол…” гэж нөхцөлдүүлэн заасан байна. Чухам хэн, яаж хохирсон болон учирсан хохирлын тодорхой хэлбэр, хэмжээ нь тогтоогдоогүй байхад тодорхой хэмжээний ялтай зүйл ангиар намайг буруутгаж байх юм.

ЕРӨНХИЙ ГУРАВ. “Хууль бус хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ руу явсан” гэх дүгнэлтийн талаар

1. АНУ руу явах болсон учир шалтгааныхаа талаар хэдэн үг хэлъе. 2009 оны 10-р сард би Ерөнхий сайдын ажлаас эрүүл мэндийн улмаас чөлөөлөгдсөн. Дараа ньБНСУ-д эрчимт эмчилгээнд хоёр сар гаруй болсон. Тэндээсээ удаан хугацааны эмчилгээ хийлгэхээр АНУ-ын Сиэтл хот руу эхнэр Э.Сувдын хамт явсан. Яагаад Сиэтл гэхээр би тэнд 1993-1996 онд ажиллаж, амьдарч байсан юм. Тэндхийн Ю-Даб гэх госпиталд урьд нь эмчилгээ хийлгэж байсан. Миний өвчний түүх, эмчилгээний карт, эмчилж байсан эмч нар маань тэнд байсан. Надад БНСУ-д тавьсан оношийг судлаж үзээд, Ю-Дабын эмч нар намайг хүлээн авч эмчлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Товчхон хэлэхэд, элэг солиулах мэс засал хийхгүйгээр терапи эмчилгээ хийх боломж байна гэж тэд үзсэн. Миний охид, миний эхний эхнэр Гэрэлтуяа нар Ю-Даб эмнэлгээр хөөцөлдөж байгаад үүнийг бүтээсэн байдаг.Тэднийхээ ачаар, найз нөхдийнхөө дэмжлэг, туслалцааны ачаар би зөв газар руу, цагаа зөв олж явсан юм билээ. Энэ бүхний ачаар би элгээ солиулаагүй, АНУ-д хийсэн эмчилгээ амжилттай болж би амь гарсан. Үүнийгээ би сайн мэддэг, хувь заяндаа талархаж явдаг.

Хувийн эрүүл мэндийнхээ тухай олны өмнө дэлгэж яриад байх нь онцгүй. Гэхдээ намайг “Монгол Улсад хүнд хор уршиг учруулан, түлш шатахуун шахаж олсон хууль бус орлогоо нуун далдлах зорилгоор АНУ явсан” гэж яллаж байгаа тул энэ тухай ярихаас өөр аргагүй байна. Би элэгний архаг эмгэгтэй хүн. Энэ нь сүүлдээ зүрхний үйл ажиллагаанд нөлөөлсөн. Ерөнхий сайдаар ажиллаж байх 2009 оны хавар миний бие гэнэт муудаж, би ойр ойрхон эмнэлэгт хэвтэх, БНСУ руу эмчилгээнд явах шаардлагатай болсон. Энэ талаар тухайн үед хэвлэлээр баахан бичиж байныг та бүхэн санаж байгаа байх. Гэтэл миний хувьд заавал хийх естой, Ерөнхий сайд Санжийн Баяр гэх нэртэй шууд холбоотой Атрын III аяныг өрнүүлэх, иргэдийн иж бүрэн бүртгэлийн нүсэражлаа эхлүүлэх, Оюу толгойн гэрээ байгуулах зэрэг дуусаагүй ажил олон байсан. Тийм учраас би ажлаа үргэлжлүүлэн хийсэн, хагас жил орчим гүрийсэн, өвчин эмгэгээ тэссэн. Монгол Улсын тухайн үеийн ҮАБЗ, УИХ, ЗГ-ын холбогдох гишүүд миний бодол санаа, миний биеийн байдлын талаар сайн мэдэж байсан. Монгол Улс бол парламентын Бүгд Найрамдах Улс юм.Ерөнхий сайд гэдэг бол төрд зүтгэж байгаа, улс төрд өөрийгөө сорьж яваа хувь хүний хүрч болох нэгэн дээд оргил. Энэ оргилоос татгалзана, эхэлсэн ажлаадуусгалгүй явах бол амаргүй. Гэвч Засгийн газрын ажлыг эмнэлгийн орон дээрээс, эсвэл гадаадаас удаан удирдах боломжгүйг би өөрийн биеэр мэдсэн, мэдэрсэн хүн.

ОТ гэрээг 2009.10.6-нд албан ёсоор үзэглэсний дараа би төр засгийн бусад удирдлагатай зөвлөлдөөд,Ерөнхий сайдын ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Ажлаасаа чөлөөлөгдөөд би БНСУ-д эрчимт эмчилгээнд хүргэгдсэн. Тэндээсээ Ю-Даб эмнэлгийн шийдвэр, зөвшөөрөл гарсны дараа АНУ-ын Сиэтл хот руу явсан.АНУ явах болсон бодит учир шалтгааны хувьд ийм юм.Тэрнээс Яллах дүгнэлтэд бичсэнчлэн, миний бие “олсон хууль бус орлогоо нуун далдлах гэж, мөнгө угаах гэж найз Ч.Даваанямтай бүлэглэн” АНУ яваагүй.

Үүнтэй холбогдуулан, миний хажууд сууж байгаа Чойндонгийн Давааням гэх хүн хэн юм бэ, энэ хүнтэй би ямар холбоотой талаар товч өгүүлъе. Би боддог юм.Хэрэв Давааням гэдэг хүн Ерөнхий сайд байсан С.Баяр гэх хүний дотны найз байгаагүй бол түүний насаараа эрхэлж ирсэн нефть импортын ажил, тэндээс олсон ашгаараа АНУд эхлүүлсэн үл хөдлөх хөрөнгийн бизнес олны анхаарал татаж, эцэстээ эрүүгийн хэргийн хэмжээнд хүрэх байсан уу? Үгүй. Улстөрч С.Баяр надтай тэр ойр дотно учраас л намайг дагасан улс төрийн “бохир шавар” Ч.Даваанямыг маань ч тойрсонгүй. Одоо тэрээр надтай хамт шүүгдэгчийн сандалд хамт сууж байна. Хий хоосон улстөржилтийн харгай унаган залуугаасаа үерхсэн хоёр найз дээр яаж тусдагийг бид одоо амсаж явна. Гэхдээ яах вэ… Улстөржилтийн тухай би үгийнхээ төгсгөлд хэдэн үг хэлнээ. Тийм учраас энэ сэдвийг түр орхие. Давааням бид хоёр бага залуугаасаа үерхсэн анд найзууд. Би Даваанямын, Давааням манай хүүхдүүдийгбагаас нь мэднэ. Миний эхний эхнэр Гэрэлтуяа ч гэсэн Даваанямтай, түүний гэр бүлтэй нь ойр дотно харилцаатай. 2000-2005 онд Гэрэлтуяа Петровис ХХК-д гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан.

Миний охин Нандинтай ямар учраас хамтран бизнес хийх болсон тухайгаа Давааням өөрөө ярих биз.Товчхон дурдахад, Нандин бол банкны хөрөнгө оруулалтын мэргэжилтэй. Тухайн үед АНУ-ын Нью Йорк хотод ажиллаж байсан. Даваанямын санаачилсан энэ бизнесийн менежментийг нь хариуцаад, ашгийн 15 хувийг авахаар тохирсон гэж надад хэлсэн. Давааням, Нандинтай хамтран хийж байсан энэ бизнест нь манай дунд охин Бадамханд ч оролцон тусалж байсан. Гадаад хэд хэдэн хэлтэй учраас Даваанямын гадаадын банкны данс, тооцоо төлбөрийн асуудалд орчуулагч, хэлмэрчээр тусалж байсан гэсэн.

Давааням, Нандин хоёр АНУ-д хийх бизнесээ миний хамаарал, оролцоогүй эхэлсэн. Тэр үед Нандин АНУ-ын иргэнтэй сууж, өөрөө ч тус улсын иргэн болсон байсан.2004 оны үед шиг санаж байна, намайг ОХУ-д элчин сайдаар сууж байхад Давааням, Нандин хоёр хамтраад бизнес эрхлэх тухай ярьж байсан. Гэхдээ энэ тухайгаатэр хоёр надтай гэхээсээ Нандингийн ээж Гэрэлтуяатай ярилцаж, зөвлөлдөж байсан юм билээ. Миний хувьд гэвэл, би тэр үед эхнэр Гэрэлтуяагаас салаад арваад жил болсон байсан. Гэхдээ миний охины мэдлэгчадварыг нь үнэлээд олон сая долларын бизнес АНУ-д хамтран хийх санал охинд минь тавьсан гэж дуулаад бибаярласан, охиноороо бахархсан. Давааням найздаа одоо ч талархаж явдаг. Аав хүний хувьд бахархах, талархах ийм сэтгэл төрөх нь ойлгомжтой. Давааням, Нандин хоёр АНУ-ын Нью Йорк, Сиэтл хотуудад нийтдээ 9 үл хөдлөх хөрөнгө авсан байна. Худалдаж авсан эдгээр 9 байрны эхний 5 нь засч тохижуулан түрээслэж байх тэр үед ОТ ХөОГ зурагдах бүү хэл, би Ерөнхий сайд болоогүй, ОХУ-аас буцаж ирээд намын сонгуульт ажил хийж байв. Намайг 2010 онд АНУ-д эмчилгээнд очих үед Давааням, Нандин нарын бизнес 5 дахь жилдээ үргэлжилж байсан. Яллах дүгнэлтгээс үзвэл, Давааням, Нандин нарын 2010 оноос өмнө авсан эхний 5 байрыг надтай холболгүй, харин 2010 оноос хойш авсан 4 байшинг надтай холбож, “мөнгө угаах гэмт хэрэг зохион байгуулсан” гэжээ. “Мөнгө угаах” гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулинд нэмж,2009 оны 12-р дугаар сарын 24- ний өдрөөс дагаж мөрдөх болсон. Тиймээс Прокурорын тогтооолд дурдсанчлан, эрх зүйн байдлыг маань дордуулахгүй байх үүднээс “…С.Баяр, Ч.Давааням нарын АНУ-д 2009 оны 12-р дугаар сарын 24-ний өдрөөс өмнө 5 удаагийн үйлдлээр худалдан авсан 5 ширхэг үл хөдлөх хөрөнгө нь дээрх хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө хийгдсэн худалдан авалт байхтул тэдгээр үл хөдлөх хөрөнгийг 2011 оноос хойш захиран зарцуулснаас олсон орлогыг гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзэх үндэслэлгүй байна”гэжээ. Прокурорын дээрх шийдвэрийг би хүндэтгэж хүлээн авсан. Гэвч Яллах дүгнэлтийн дээрх заалтыг эрх зүйн талаас нь ойлгож хүлээн авч болох боловч, амьдралын болон бизнесийн үйл ажиллагааны утга авцалдаа илэрхий алдагдаж байгааг би энд зориуд хэлэх естой. Амьдралын энгийн логикоор бол, холбогдолтой гэвэл Давааням, Нандин нарын АНУд худалдан авсан бүх байрыг бүгдийг нь надтай холбоод, холболдолгүй гаж үзвэл бүгдийг нь холбохгүй баймаар юм.

Тэрнээс надтай надгүй явж байсан бизнесийг С.Баяр гэх нэртэй заавал холбох гээд, тэгэх тусмаа энэ бизнесийн дунд үеэс нь холбох гээд байгааг ойлгоход бэрх юм. Яллах дүгнэлт болон Прокурорын 101 тоот тогтоолд тусгагдсан прокурорын байр суурь ч хоёрдмол, салаа утгатай байгаа нь үүний учрыг ухаж ойлгоход бүр хүндрэлтэй болгож байна.

Тухайлвал, 2020.03.05-ны өдрийн Прокурорын 101 тоот тогтоолд (9-р тал, 6 дахь догол мөр) “…С.Баяр, Ч.Давааням нарын АНУ-д 2009 оны 12-р дугаар сарын 24-ний өдрөөс өмнө 5 удаагийн үйлдлээр худалдан авсан 5 ширхэг үл хөдлөх хөрөнгө нь дээрх хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө хийгдсэн худалдан авалт байх тул…” гэж заасан байна. Үүнээс үзвэл, 1-рт, АНУ-д авсан эхний 5 байрыг С.Баяр, Ч.Давааням нар хамт худалдаж авсан гэж шууд нэр заажээ. 2-рт, “5 удаагийн үйлдлээр худалдан авсан 5 ширхэг үл хөдлөх хөрөнгө” гэж томъеолсноос нь үзвэл дээрх 5 байрыг ч гэлээ “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгөн орлогооор” авсан гэж ойлгогдохоор байна.

Өөрөөр хэлвэл, “мөнгө угаах үйлдэл” 2007 оноос эхэлсэн, гагцхүү яллагдагч С.Баярын эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс л 2010 оноос өмнөх энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгосон гэж ойлгогдож байна. Хэрэв тийм бол, миний бие Ерөнхий сайд болохоосоо өмнө чухам ямар “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” болж таарч байна вэ? Нөгөтэйгүүр, хэрэв “мөнгө угаах үйлдэл” АНУ-д бүр эхнээсээ, 2007 оноос эхэлсэн гэж үзэж байгаа бол, ОТ гэрээ байгуулагдахас өмнө миний бие чухам ямар аргаар “гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл… хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх сонирхлоор” гэмт хэрэгүйлддсэн болж таарах вэ? Товчхон хэлвэл, аваагүй албан тушаалын байдлаа би чухам яаж “урвуулан ашигласан” юм бэ? Мөн 2007 онд ор сураггүй байсан ОТ ХөОГ-ний ямар мэдээллийг “хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх сонирхлоор” би яаж ашигласан болж байна вэ?

Гэтэл цаашаа бүр сонин. 2020.03.05-ны өдрийн Прокурорын 101 тоот тогтоолд (9-р тал, 4-р догол мөр), “…С.Баяр, Ч.Давааням нарын үйлдэлд бизнес хийж, ашиг олох бус, ОТ компаниас “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээний дагуу олсон орлого, ашгийг үл хөдлөх хөрөнгө болгон хувиргах, уг хөрөнгийг ашиг үл харгалзан борлуулж, мөнгөн хөрөнгийн эх үүсвэр бий болгосныг хууль бусаар олсон орлого, түүний бодит шинж чанар, байршлыг нуун далдалсан гэмт хэргийн шинжийг агуулсан идэвхтэй үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна” хэмээн заажээ.

Прокурорын байр суурь үүн дээр илт зөрчилдөж байна.Тогтоолын энэ заалтаас үзвэл, “мөнгө угаах үйлдэл” нь ПТ, ОТ хоёр компани “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээг 2009.09.01-нд байгуулснаасхойш эхэлсэн гэж прокурор үзсэн нь тодорхой. Хэрэв тийм бол, шатахууны энэ гэрээ байгуулагдахаас өмнө Давааням, Нандин нарын АНУ-д авсан эхний 5 байрны хөрөнгийн эх үүсвэр нь “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого” биш болж байх шиг. Харин 2010 оноос хойш “С.Баяр миний бие Ч.Даваанямтай бүлэглэн” АНУ-д авсан 4 байрны хөрөнгийн эх үүсвэр ньПТ, ОТ хоёр компани 2009.09.01-нд байгуулсан “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” ВРА 0027 дугаартай гэрээ юм гэж прокурор үзсэн байна. Энэ гэрээ надад хамаагүй, түүнийг байгуулахад миний оролцоо байгаагүй талаар би түрүүн ярьсан. Гэхдээ Давааням бид хоёрыг холбон, “бүлэглэж хууль бус орлого олсон, мөнгө угаахаар АНУ явсан” хэмээнПрокурор үзсэн учраас би мөнгөний эх үүсвэр, хөрөнгө оруулалтын хэмжээ талаас нь зориуд судлаж тодрууллаа. Дээрх гэрээний дагуу ПТ компаниийн хувь нийлүүлэгч Ч.Даваанямын олсон орлого нь АНУ шинээр 4 үл хөдлөх хөрөнгө авах байтугай, 2010 оноос хойш түүний авсан байрны үнэтэй нь харьцуулвал (1,2 -3,8 сая доллар) нэг байрны дээврийн үнэнд ч хүрэхгүй байх жишээтэй. Үүнийг би хэдхэн үгээр дэлгэрүүлж тайлбарлая. Нэгд, ПТ компани нь 2007-2013 оны хоорондох 7 жилийн хугацаанд ОТ компанид нийт нийлүүлсэн түлшний борлуулалтын орлого нь 418 тэрбум төгрөг болсон гэж Яллах дүгнэлтэд бичсэн.

МОА компанийн шинжээчдийн дүгнэлтэд ПТ компанийн татварын өмнөх ашиг нь 5 хувь байсан гэж тэмдэглэсэн байдаг. Үүнээс үзвэл ПТ компани нь 2007- 2013 оны хоорондох 7 жилийн хугацаанд нийт 21 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажилласан болж байна. Үүнээс 25 хувийн татварыг хасаад 15,7 тэрбум буюу, нэг жилд дунджаар 2,2 тэрбум төгрөгийн татварын дараахь ашигтай ажилласан юм байна. Олсон ашгийнхаа хагасыг нь ПТ компани нь хөрөнгө оруулалтад зарцуулдаг гэсэн. Хоёрт, Ч.Давааням нь Петровис компанийн 33 хувийгэзэмшдэг. Тэрээр тус компанийн нэг жилд олох 1тэрбум гаруй төгрөгийн цэвэр ашгаас өөрт ногдох 300 орчим сая төгрөг авч байсан гэсэн. 2010-2013 онд долларын ханш 1200-1600 төгрөг байсныг дунджаар нь бодвол Давааням жилдээ 200 мянга орчим ам.доллартай тэнцэх ногдол ашиг авдаг байж. 200 мянган ам.доллар бол их мөнгө мөн. Гэхдээ Даваанямын АНУ-д эрхэлж байсан 10 гаруй ам. доллар оруулсан гэх үл хөдлөх хөрөнгийн бизнест бол энэ мөнгө хүрэлцэхгүй. Ч.Давааням хэдийгээр миний найз ч гэлээ, түүний болонтүүний хувь эзэмшдэг компанийн ашиг орлогыг нь олны өмнө дэлгэж яриад, энэ мөнгө их үү, бага уу гээд зогсож байх маань уг нь зохимжгүй. Гэвч Яллах дүгнэлтэд “С.Баяр нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж… давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ руу явж, Ч.Даваанямтай бүлэглэн … мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулсан” гэж тэмдэглэсэн байгаа учраас би Ч.Даваанямын орлогын тухай энд дурдахаас өөр аргагүй байна.

Яллах дүгнэлтэд заасанчлан, “С.Баяр нь… Ч.Даваанямтай бүлэглэн… АНУ-ын Сиэтл, Нью Йорк хотуудад 2010-2014 оны хооронд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11,6 сая ам.доллараар худалдан авч” гэсний хөрөнгийн эх үүсвэр нь тэгвэл юу юм бол оо? ПТ компанийн хувь эзэмшигч Ч.Даваанямд ногдох 200 мянга орчим ам.долларын ашгаар нь ийм олон байр байшин худалдаж авах боломжгүй. Харин Давааням, Нандин нарын хэлсэнчлэн, 2007-2010 онд авсан 5 үл хөдлөх хөрөнгөө борлуулахыг нь борлуулаад, түрээслэхийг нь түрээслээд, эндээс олсон орлогодээрээ энэ ашгаа нэмбэл энэ олон байр байшин худалдаж авах боломж гарч ирэх биз. “Надтай, надгүй явж ирсэн бизнес” гэж миний хэлээд байгаагийн учир нь энэ л дээ. Давааням, Нандин нарын хамтран эрхэлж ирсэн энэ бизнест миний оролцоо яг юу байсан гэж прокурор үзэж байгаа нь тодорхойгүй. “Нуун далдлах зорилгоор” АНУ руу авч явсан гэх “хууль бус хөрөнгө”-ийн хэмжээ, эх үүсвэр нь нотлогдоогүй. Хууль бус хөрөнгийн хэмжээ нь тодорхойгүй.

“Хууль бус” тэр хөрөнгөө би Давааням, Нандин нарын хамтран эрхэлж ирсэн энэ бизнест хэдийд, ямар аргаар оруулсан нь тогтоогдоогүй ийм л хэрэгт би өнөөдөр яллагдаж байна.

Дахин хэлъе. ПТ компани ОТ компанитай 2009.09.01-нд байгуулсан гэрээний нөхцөл нь 2008 оныхоос дээрдсэн биш, харин ч дордсон байхад ПТ ХХК-д “давуу байдал бий болгосон” хэмээн намайг хилс буруутгаж, улмаар “давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ руу явж Ч.Даваанямтай бүлэглэсэн” гэж үзэх үндэс огт үгүй юм. “Эдийн засгийн давуу байдал” бий болоогүй байхад “энэ байдлаас үүсэн хөрөнгийн эх үүсвэр” гэж байхгүй. Хууль бус мөнгөний эс үүсвэр үгүй бол “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдэх боломжгүй. Иймээс намайг буруутган яллаж буй энэ үндэслэл үгүй болж буйг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авна байх хэмээн найдаж байна.

ЕРӨНХИЙ ДӨРӨВ. “Мөнгө угаах гэмт хэрэг зохион байгуулсан” гэх дүгнэлтийн талаар Яллах дүгнэлтэд (ЯД-ийн 114-р тал, 4-р догол мөр)“С.Баяр нь… үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг өөрийн болон эхнэр Э.Сувдын дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд 3.569.148 ам.доллар хүлээн авч, мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулсан…” гэж тэмдэглэсэн байна. Миний болон эхнэр Сувдын тус тусын болон хамтарсан дансаар энэхугацаанд нийтдээ 3,5 сая гаруй долларын гүйлгээ хийгдсэн байгаа нь үнэн. Гэхдээ олон жилийн турш хийгдсэн энэ олон гүйлгээг “мөнгө угаах гэмт хэрэг” гэж чухам ямар үндэслэлээр үзсэн нь тодорхойгүй юм.

Мөрдөн байцаалтын үед надаас энэ талаар тодруулж асуугаагүй. Харин АТГ-аас албан ёсны хүсэлт тавьж, АНУ-ын Хууль зүйн яамны Эрүүгийн хэлтсээс ирүүлсэн олон хвтас материал нь надаас асуух ёстой асуултын тодорхой хариуг дотроо агуулжээ. Миний болон эхнэр Э.Сувдын дансаар 2011- 2017 он хүртэлх хугацаанд хийгдсэн 3.569.148 ам.долларын гүйлгээний утга, мөнгөний эх үүсвэр, хэзээ юунд зарцуулж, ямар төлбөрийг хэнд хийж байсан гэдэг нь он оноороо, сар өдрөөрөө тодорхой харагдаж байна.

Харамсалтай нь, мөрдөгч прокурорууд АНУ-ын Хууль зүйн яамны Эрүүгийн хэлтсээс ирүүлсэн эдгээр материалыг зохих ёсоор нягтлан судлаад, бодитүнэлэлт дүгнэлт хийгээгүй байна. Харамсалтай нь, АТГ-ын мөрдөгч, прокурор нар миний болон эхнэр Сувдын тус тусын болон хамтарсан дансаар орсон мөнгө дээр илүү анхаараад, тэр мөнгийг цаашаа ямар зориулалтаар, аль байгууллагын ямар данс руу шилжүүлэн, ямар төлбөр тооцоо хийж байсныг тогтоож баримтжуулах ажлыг орхигдуулсан байна. Хэрэв үзлэг шалгалтыг шаардлагын хэмжээнд хийсэн бол эдгээр гүйлгээний зориулалт, учир шалтгаан, мөнгө орж гарч байсан эх үүсвэрүүдийг АНУ-ын хууль хяналтын байгууллаг баримтжуулсан байгаа учраас “мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх үндэсгүй нь илүү тодорхой болох байсан юм. Би эхнэр Сувдын хамт 2010-2015 онд АНУ-ын Сиэтл хотод түр хугацаагаар оршин сууж, эмчилгээ хийлгэжбайсан. Бид жуулчны буюу 6 сарын визтэй зорчдог байсан учраас АНУ-д байнга оршин суух боломжгүй. 3-4 сар байж байгаад буцаж гарна.

Эмчилгээний шаардлагатай бол тэр жилдээ дахин орж шаардлагатай хугацаанд тэнд байна. Сиэтлд байх хугацаандаа Давааням, Нандин хоёрын худалдаж авсан, миний эмчлүүлдэг эмнэлэгтэй ойрхон нэг байранд нь бид суудаг байсан. Тэр байрныхаа ус, цахилгаан гэх мэтурсгал зардлыг нь төлөөд сууна. Хэрэв иймэрхүү байрыг бид өөрсдөө түрээслэсэн бол жилдээ 30-40 мянганам.доллар төлөх учраас бидэнд хэмнэлттэй байсан. Миний эхнэр Сувд бид хоёр Давааням, Нандин нарын бизнесээс нь цалин, ашиг орлого авч байгаагүй. Харин үнэгүй байранд суусныхаа хариуд нь Давааням, Нандин нарын түрээслэх, борлуулах зорилгоор худалдан авсан 3-4 байранд хийгдэх шаардлагатай засвар тохижилт болон түрээс, төлбөртэй холбоотой асуудлыг нь хариуцах үүрэг хүлээдэг байсан. Давааням, Нандин нар үл хөдлөх хөрөнгө авахдаа банкны барьцаанд тавигдсан, засвар тохижилтийн ажил нь дутуу хийгдсэн байр байшин авч засч янзлуулаад борлуулж, түрээслэдэг байсан. Засвар тохижилтонд шаардагдах зардлыг Давааням, Нандин нараас дансаар бидэнд шилжүүлж, бид тухай бүрт нь төлбөр тооцоо хийж явсан. Энд нэг зүйлийг тодруулах естой. АНУ-д худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийг засварлан тохижуулах, түрээслэх, борлуулах эрхийг зөвхөн тухайн байрны албан ёсны эзэмшигч нь эдэлдэг. Тийм ч учраас АНУ-ын Сиэтл хотод тухайн тухайн үед сууж байсан миний охидболон миний эхнэр өөрийн нэр дээр өмчлөгчийн гэрчилгээ албан есоор авдаг байсан. Тэр үндсэн дээр байр, байшингийн өргөтгөл, засвар тохижилт хийх, татварын мөнгө төлөх, түрээслэх байранд тавилга худалдан авах гэх мэтийн гэрээ хэлцэлийг холбогдох компаниудтай хийж, ажил гүйцэтгүүлдэг байсан.

Эхнэр Сувд бид хоёрын тус тусын болон хамтарсан дансаар 2010-2015 онд орж, гарсан 3,569 сая долларын3,087 сая доллар нь Давааням, Нандин нарын хамтарч хийж байсан үл хөдлөх хөрөнгийн бизнесийн төлбөр тооцоотой холбоотой. Тухайлвал, энэ мөнгөнөөс үл хөдлөх хөрөнгийн борлуулалт болон түрээсийн орлого2,594 сая доллар, байрны засвар тохижилттой холбоотой зардал 317 мянган доллар, үл хөдлөх хөрөнгийн татвар болон урсгал зардалтай холбоотой нь 176 мянган доллар орж, гарсан байна. Бусад гүйлгээ нь Давааням, Нандин нарын үл хөдлөх хөрөнгийн бизнестэй холбоогүй. Энэ бол бидний хувийн зардал байсан. Миний эмчилгээ, манай гэр бүлийн амьжиргааны зардал болон Давааням бид хэдийнхувийн хэрэглээтэй холбоотой.

Жишээ нь, Даваанямын Сиэтлд худалдаж аваад Монгол руу ачуулсан хоёр машины үнэ 180 мянган доллар миний болон эхнэр Сувдын хамтарсан данс руу ороод, машин зардаг компанийн данс руу шилжүүлж байсан. Нийлбэр дүнгээр 300 орчим мянган доллар нь Монголд байсан манай гэр бүлийн хуримтлал, бизнесийн орлого, эмчилгээний хандивт авсан мөнгийг миний ээж болон ах дүү нараасболон Давааням, Шагдардулам нар Монголоос бидэнд шилжүүлж байсан. Миний болон эхнэр Сувдын тус тусын болон хамтарсан дансаар хийгдсэн гүйлгээний утга, зориулалт, задаргааг нь харвал С.Баяр намайг болон Ч.Даваанямыг “мөнгө угаах” гэмт хэрэг хийсэн гэж үзэх үндэс огт үгүй юм.

Яагаад гэвэл, АНУ-д банкны данс, гүйлгээний тухайнарийн хууль журамтай. Ялангуяа 2001.09.11-ний халдлагаас хойш хяналт шалгалт нь бүр ч хатуу шалгууртай болсон юм билээ. 10 мянган доллараас илүү дүнтэй банкны гүйлгээ бүрийг мөнгөний эх үүсвэр, гүйлгээний зориулалт талаас нь нарийн шалгаж нягтладаг. Бакны данс эзэмшигчээс албан ёсны тайлбар заавал авна. Гаргасан тэр тайлбарыг АНУ дотроо болон холбогдох гадны банкнаас заавал нягталж хянадаг, шалгаж баталгаажуулдаг. Тэгж шалгаж хянаснаараа АНУ-ын иргэд, ялангуяа бид мэтийн АНУ-д түр оршин сууж буй гадныхан хууль бус арилжаа наймаа хийх, эргэлзээтэй эх үүсвэрээс мөнгө авах, мөнгө угаах зэрэг гэмт хэрэг хийхээс урьдчилан сэргийлдэг хууль, журамтай улс юм билээ.

Бид АНУ-д очоод эхэндээ өөрийнхөө хувийн хэрэглээний данс, Давааням, Нандин нарын бизнесийн тооцооны данс гэж тусдаа байлгаж байсан. Гэтэл аль нэг дансны гүйлгээг, ялангуяа бизнесийн тооцооны дансыг олон хоног зогсоосон нөхцөлд, цаг нь тулсан төлбөр тооцоо хийх үүднээс гүйлгээ нь хаагдаагүй бусаддансаа ашиглах явдал үе үе гардаг байсан тул хэд хэдэн данстай байх шаардлагатай болсон. Тийм учраас“хувь, хувьсгалын” мөнгөн гүйлгээнүүд эхнээсээ л холилдож байсан. Гэхдээ хийсэн төлбөр, мөнгө орж ирсэн эх үүсвэрүүд нь тухайн банк, үл хөдлөх хөрөнгийн дилер, хуулийн фирм, засвар тохижилтийн компани, гэрийн эдлэл, тавилгын дэлгүүр зэргээс албан ёсны эх, хуулгаараа ирдэг, үлддэг учраас дараа нь тооцоог гаргахад хүндрэл бэрхшээл гарах нь харьцангуй багабайсан. 5-10 жилийн өмнө Сиэтл сууж байхдаа бидний хийж байсан тэр олон дансны гүйлгээ, хийсэн төлбөр тооцоо, худалдан авалтын талаар одоо нэг бүрчлэн эргэн санахад амаргүй байлаа.

АНУ-ын Хууль зүйн яамны Эрүүгийн хэлтсээс дэлгэрэнгүй баримт ирүүлээгүй бол үүнийг хийхэд бүр ч хэцүү байх байсан биз. Гэхдээ АНУ-ын Хууль зүйн яамны Эрүүгийн хэлтсээс ирүүлсэн материалд дутуу орхигдсон зүйл бас байна. Жишээ нь, С.Баяр миний болон эхнэр Э.Сувдын банкны дансны зарим гүйлгээний баримт байхгүй, бидний байнга харилцаж байсан үл хөдлөх хөрөнгийн дилер, хуулийн фирм, засвар тохижилтийн компани зэрэгтэй хийж байсан төлбөр тооцоо, банкны гүйлгээний нилээд баримт дутуу ирүүлсэн харагдаж байна. Мөн Сиэтл хотод байрны түрээстэй холбоотой хийгдэж байсан гэрээнүүд, татвар, төлбөр тооцооны баримт болон банкны гүйлгээний зарим материал дутуу байна.

Хэдий тийм боловч, АНУ-ын Хууль зүйн яамны Эрүүгийн хэлтсээс ирүүлсэн материал нь эрх зүйн талаасаа чухал ач холбогдолтой юм. АНУ-ын хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн эдгээр албан баримт нь С.Баяр миний бие болон Ч.Даваням нь тус улсын нутаг дэвсгэр дээр “мөнгө угаах” болон өөр ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй гэдгийн эрх зүйн гол нотолгоо нь юм. Хэрэв бид АНУ-ын нутаг дэвсгэр дээр хууль бус ямар нэгэн үйлдэл хийсэн бол манай хууль хяналтын байгууллага АНУ-ын талд хандсан ч, хандаагүй ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ажиллагаа эхлүүлэх байсан биз.

АНУ-ын хууль нь тийм юм. Энэ хуулийнхаа дагуу АНУ-ын Хууль зүйн яамны Эрүүгийн хэлтэс гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзсэн өөрийн болон гадаадын иргэнийг, өөрийн болон гадаадын нутгаас ч хамаагүй олж ирээд, холбогдох байгууллагаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгээд, улмаар АНУ-ын аль нэгэн шүүхэд хүргүүлж асуудлыг нь эцэслэн шийддэг практиктай.

Үүгээр би өгөх мэдүүлгээ өндөрлөж байна. Би аль болох товч ярихыг хичээсэн боловч уг асуудал маань олон жил сунжирч үргэлжилсэн, олон хүн, олон үйл явдал хамарсан учраас тийм ч товч мэдүүлэг болж бас чадсангүйд хүлцэл өчъе. Ерөнхий сайд асан С.Баяр намайг анхандаа ОТ ХөОГ байгуулахдаа хөрөнгө оруулагч гадаадын талд давуу байдал үүсгэсэн, “зохион байгуулалттай гэмт бүлэг” байгуулан онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллаж байв. Прокурорын энэ тогтоол хүчингүй болсон.

Намайг одоо гадаадын хөрөнгө оруулагчид биш, дотоодын аж ахуйн нэгж болох ПТ компанид “давуу байдал олгосон” гэж буруутгаж байгаа. Тэр сэжиг таамаг, хардлага буруутгал нь эрх зүйн талаасаа ч, энгийн амьдралын талаасаа ч ор үндэс үгүй юм гэдгийг би тайлбарлан ойлгуулахыг сая хичээлээ. Надад одоо оноож буй ялын зүйл анги арай хөнгөрсөн хэдий ч, миний бие аанай л нөгөө ОТ төсөлтэй холбоотэй чигээрээ, хэн нэгэн этгээдэд “давуу байдал олгосон” гэх хэрэгт хардагдсан хэвээр л явна. Намайг заавал ОТ төсөлтэй холбох, чингэхдээ заавал “буруу гараар, бусармаг аргаар” холбоотой гэж нотлох гээд байгаа нь манай Монголын өнөөгийн бохир улс төртэй шууд холбоотой.

С.Баярын гэх энэ “хэрэг” эхнээсээ л улстөржилтөөр эхэлсэн. Бага залуугийн хоёр найзын амьдралд энэ”улстөржилт” яаж нөлөөлснийг би түрүүн цухасхан дурдсан. Одоо төр засгийн бодлого, улс төрийн сонгууль, өрсөлдөгч намуудын хооронд явдаг тэмцлээс улбаатайгаар энэ асуудал яаж улстөржсөн талаар хэдэн үг хэлъе. 2016 оны сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн нэгэн бүсгүй “С.Баярын АНУ-д худалдан авсан 7 хаус бол ОТ гэрээ байгуулахдаа түүний авсан хахуультай холбоотой” гэж мэдэгдэл хийж, хэвлэлийн бага хурал зохион байгуулснаас энэ хэрэг эхтэй. АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн олон нийтэд ил байдаг бүртгэлд миний охид, миний эхнэрийн нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг “нууц юм” илрүүлсэн мэт шуугиулж “сенсаац” дэгдээж байсныг та нөхөд санаж байгаа биз.

Би тухайн үед нь АТГ-т хандаж өөрийгөө шалгуулах хүсэлт гаргасан. Шалгуулсан. Нийслэлийн Прокурорын газраас надад сүүлд нь “эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл алга” гэх хариу өгсөн. 2017 оны хавар Ерөнхийлөгчийнсонгуулийн үеэр “С.Баяр нь ОТ ХөОГ-г байгуулахдаа зүгээр нэг хахууль авсан юм биш. Хэд хэдэн албан тушаалтан гэмт бүлэг болж зохион байгуулагдаад, магадгүй С.Баярын Засгийн газар тэр чигээрээ асар их хэмжээний авлига авсан байж болзошгүй” гэх хар пиар дэгдээсэн.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа надад болон манай Засгийн газрын зарим гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Түүнээс хойш намай бараг 3 жил мөрдөн шалгаж байна. Одоо УИХ-ын сонгуулийн дараахан шүүх хурал маань болж байна. ОТ төсөл Ерөнхий сайд асан С.Баяр надтай холбоотой нь үнэн. Бүр салшгүй холбоотой. Энэ том мега-төсөл Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал, гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдалд эерэг ямар нөлөө үзүүлсэн гээд ярьвал зөндөө юм ярьж болно.Гэхдээ тэгэх цаг надад алга. Ийм сэдвээр ярьдаг газар нь ч шүүхийн танхим биш юм.

Миний, бидний Засгийн газрын нэртэй салшгүй холбоотой ОТ төслийг өнөөдөр элдвээр шүүмжилж гоочилдог. Шүүмжлэх зүйл ч энэ төсөлд бий. ЯлангуяаМонгол улсад тээг саад болсоор ирсэн “хөрөнгө оруулагчийн хувьцааны 34 хувь” нь. “Ашигт малтмалын тухай хууль”, УИХ-ын 2009 оны 57-р тогтоолд заасан учраас манай Засгийн газар ОТ ХөОГ хийхдээ тэр 34 хувийг гэрээнд тусгахаас өөр арга байгаагүй. Энэ “34 хувь” байгаагүй, бид татвар АМНАТ-аа аваад сууж байсан бол бид хөрөнгө оруулагч талтайгаа өгөө авааны талаар байнгын маргаангүй, ямар нэгэн сэжиг ажиггүй сайхан аж төрөх байж. ОТ төсөлтэй холбоотой “С.Баярын гэх хэрэг” ч үүсэхгүй байсан нь дамжиггүй.Энэ гайтай “34 хувийг” цуцлаж, АМНАТ-ын хэмжээгээ нэмэгдүүлэх талаар одоогийн Засгийн газар ажиллаж байгаа гэсэн сайн мэдээ бий. Гэхдээ яаж ч муулдаг байлаа ОТ бол өнөөдрийн Монголын 300 орчим мянган ахмадын тэтгэвэр тэтгэмж, 180 мянган төсвийн байгууллагын ажилтны цалин харамж, хүүхдийн мөнгөөр өрхийнхөө төсөвт нэмэр болгодог орлого багатай олон мянган айлын амь зуулгын хамгийн том эх үүсвэр болсон нь бас үнэн. Ингэж бодоход миний сэтгэлд өег байдаг.

Ийм том төсөлд биечлэн хамаатай, ийм том төслийг Хамтарсан Засгийн газрын багаараа зүтгэн байж хөдөлгөсөн гэдгээрээ би бахархдаг. Бахархдаг үнэт зүйлдээ бузар хүргэхгүй байх, тэндээсээ хумслахгүй байх энгийн ухамсар надад бий. Монголын төрийн хар хүний зарчим, монгол эр хүний жудаг ч бас надад бий. Эцэст нь хэлэхэд, ОТ төслөөс улбаатай энэ хэргийг битгий улс төржүүлээсэй билээ, Тулга тусгаар Монгол Улсын хуулийн дагуу шударгаар шийдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top