өдөр
шөнө
×

Д.Хосбаяр: Би эрх мэдэлтний өмнө бус иргэд Та бүхнийхээ өмнө  хариуцлага хүлээнэ

Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлнэ" гэсэн хүнлэг бөгөөд иргэнлэг нийгэм, эрх чөлөөнд дулдуйдсан шударга тогтолцоог бүтээх "МОНГОЛ МӨРӨӨДӨЛ" хаачсан бэ?

Хүмүүнлэг нийгмийг цогцлоох зорилгод нь хүнээ дээдлэх бодлого дутаж, итгэл гуйж төрд заларсан нөхдөд иргэнээ бодох сэтгэл дутжээ. Хувь хүний дарангуйллыг халж, хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байхыг хүссэндээ өнөө цагийн шинэ нийгмийг өмнөх үеийнхэн маань 30 жилийн өмнө хүлээн зөвшөөрсөн атал олны хүслийг олз болгож, оройгүй хүслээ гүйцээхийн тулд, сэтгэлийн хор нь дарагдаагүй залуус сэнтийд шунаж ухаан нь сохорсон.

Эцэст нь хөрөнгөтний дарангуйлал бий болж, хөрөнгөжихийн тулд эрх мэдэлд шунагчид тоогоо алдав. Аз жаргал бол мөнгө гэсэн "Америк мөрөөдөл"-ийг залууст итгүүлж, хүн чанар, дэг журмыг шингээсэн "Монгол мөрөөдөл" замхран одов.

Эрх мэдэлтэн баяжиж болдог буруу жишгийг ирээдүй хойчдоо тэд үлгэрлэн харуулж, эгэл залуусын үнэний төлөө тэмцэх эр зоригийг үнэхээр тэд мохоож байна.

"Тоглоомын талбай" хүүхдийн ертөнц байтал том дарга нар ашгийн төлөө худалдсан. Өөрсдийн ертөнцийг хайж явсан хүүхдүүд томчуудын орон зайд амиа алддаг боллоо. Арслан бар шиг нөхдүүдийн дэргэд өнгөрүүлэх хором бүр тэсвэрлэх аргагүй болохоор аргаа барсан зарим нь өндөр байшингаас үсэрч аймшигт зовлонгоо эцэс болгоход хүрч байна. Үрээ үлдээх итгэлт хүнгүй болохоор өөрөө аваад явахыг илүүд үзэж хамт халив.

Эрх мэдэлтэн нь аархаж онгирдог. Эгэл ард нь айж чичирдэг. Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй. Мэдлэгтэй хүнийг үнэлж чаддаггүй. Загвар муутай хэдэн барилга, засвар ихтэй хэдэн зам, амьдралд тусгүй элдэв бараа, аминд тусгүй элдэв хүнс нэмэгдсэнээс өөр өөдтэй зүйл энэ нийгэмд алга.

Эрх нь нэмэгдсэн ч баталгаажсангүй. Амьдрах газар, зорчих улсаа өөрөө сонгох эрх чөлөөг өгсөн гэж ам дүүрэн аархах хүмүүс олныг харлаа. Аяга хоолоо олох гэж хичээх ард түмэнд тэр эрх чинь байсан, байгаагүйн ялгаа огтхон ч алга. Адаглаад амьд явах эрхээ эдэлж чадахгүй байхад аялах зугаацах эрхээр бид яах юм бэ? Үг хэлэх эрхээ эдэлснийхээ төлөө дарамтлуулж байхад үлгэрийн ертөнцдөө амьдруулсаар л байх уу. ЭНЭ БИДНИЙ ХҮССЭН НИЙГЭМ МӨН ГЭЖ ҮҮ? Энэ бүхнийг залруулахын төлөө иргэдтэйгээ хамт 1461 хоног би зүтгэнэ. Эрх мэдэлтний өмнө бус иргэд та бүхнийхээ өмнө би хариуцлага хүлээнэ. Албан тушаалтны давралыг зогсоох нь ард түмний даалгавар гэж ухамсарлана.

УИХ-ын сонгуулийн 27-р тойрогт “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслээс нэр дэвшигч Доржпаламын Хосбаяр

Эх сурвалж: Нэр дэвшигч Д.Хосбаярын сонгууль эрхэлсэн байгууллага.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top