Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын даргад өргөн барьсан.
Тэгвэл УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо уг асуудлаар өнөөдөр хуралдаж, УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэдэг дээр санал нэгджээ.
УИХ-ын халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, С.Бямбацогт нарын гишүүд багтдаг юм.
Энэ талаар тус хорооны дарга Н.Энхболд "УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцсэн дэд хорооны санал, дүгнэлтийн талаар товч мэдээлэл хүргэе. Монгол Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулсан. Энэ асуудлыг ажлын тав хоногийн дотор чуулганаар хэлэлцэх шаардлагатай. Ингээд дэд хороо хоёр удаа хуралдлаа. Энэ хугацаанд холбогдох байгууллагууд, УИХ-ын нэр бүхий гишүүдээс мэдүүлэг, тайлбар авсан. Одоогоор гишүүдийн АТГ-аас нэг л удаа дуудаж мэдүүлэг авсан байна. Гишүүдийн зүгээс мөрдөн байцаах ажиллагаанд ямар нэг саад учруулаагүй явж байна. Тиймээс нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийн түдгэлзүүлэх саналыг энэ удаад дэмжих боломжгүй гэж дэд хороо үзлээ. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Дэд хорооноос санал дүгнэлтээ Хууль зүй байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулна. Улмаар санал гаргаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна" гэдэг мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл (1)