Азийн хөгжлийн банкны /АХБ/ хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар дамжин хэрэгжиж буй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төсөл” зэрэг хэд хэдэн томоохон төслийн санхүүжилт эрсдэлд орсон байж болзошгүй байна.
Учир нь ХХААХҮЯ-ны удирдлагуудын зүгээс Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүдийн мөнгөн хөрөнгийг төлбөрийн чадваргүй болсон Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршуулж байсан болох нь холбогдох баримтаар тодорхой боллоо.
Үүнийг ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайханы 2021 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн А/363 дугаартай тушаал баталж байгаа юм.
Уг тушаалд “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” нэгжийн Чингис хаан банкин дахь 5101000198 тоот төгрөгийн данс, Үндэсний хөрөнгө оруулалтын банкин дахь 2999005481 тоот төгрөгийн дансны 1 дүгээр гарын үсгийг Төслийн нэгжийн зохицуулагч, 2 дугаар гарын үсгийг Төслийн нэгжийн нягтлан бодогч нарт зурах эрх олгосугай.
Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл технологи, статистикийн хэлтсийн дарга Төслийн захирал “Ж.Батсайхан”-д даалгасугай.
Сайд З.Мэндсайхан” хэмээн албажуулжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы энэхүү тушаал нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын боловсруулах үйлдвэрүүдийн чадавхийг бэхжүүлэх зорилготой “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төслийн мөнгөн хөрөнгө дээрх хоёр банкинд байршиж байгаа болохыг батлаад өгч байна.
Эдгээр банкуудын тухайд төрийн мөнгийг өөр дээрээ байршуулж байсан ч төлбөрийн чадваргүй болсны улмаас эргүүлж төлөхөөсөө нэгэнт өнгөрөөд байгаа гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа.
Тухайлбал, Чингисхаан банкинд л гэхэд Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн 130 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэл байршиж байсан гэх бөгөөд эдгээр мөнгийг төр тус банкнаас сүүлийн гурван жилийн турш нэхэмжлээд юу ч олж долоогоогүй, оронд нь 2,1 тэрбум төгрөгийн барилга байшин авсан гэдэг мэдээллийг Монгол Улсын Ерөнхий аудитор өгч байв.
Харин Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын хувь эзэмшилтэй “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны тухайд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 45 тэрбум төгрөг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 53 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөгийн үлдэгдэл тус тус байршиж байсан гэдэг мэдээллийг Сангийн яамнаас өгсөн байдаг.
Тус банк нь мөн л Чингис хаан банкны нэгэн адил төлбөрийн чадваргүй болсны улмаас Монголбанкнаас 14 тэрбум төгрөг зээлж ЭМДС-ийн үлдэгдэл өрийг барагдуулж хойд хормойгоороо урдахаа нөхсөн болох нь тодорхой болсон юм.
Товчхондоо бол эндээс дээрх хоёр банкуудад төсөл хөтөлбөр, төрийн сангийн аливаа мөнгөн хөрөнгийг байршуулах нь эрсдэлтэй, хэрэв байршуулбал санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдохоор нөхцөл байдал үүсээд байгаа нь нууц биш.
Гэтэл эдгээр хоёр банкны санхүүгийн байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон тус яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төсөл” зэрэг төслүүдийн мөнгөн хөрөнгийг нэр дурдагдсан 2 банкинд байршуулчхаад, эцэст нь өнөөх байршуулсан мөнгөө эргүүлж авч чадахгүй банкны эд хөрөнгийг олон арван тэрбум төгрөгийнхөө оронд гэрээ хэлцэл хийж авна гэх мэт эрүүл ухаанд багтахгүй зүйл яриад явж байгаа ажээ.
Хэрэв энэхүү мэдээлэл батлагдвал З.Мэндсайхан, Т.Жамбалцэрэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж дампуурах нь нэгэнт тодорхой болчихсон банкуудад төрийн яамаар дамжин хэрэгжиж буй олон улсын төсөл хөтөлбөрийн мөнгөн хөрөнгийг санаатайгаар байршуулж, үрэн таран хийсэн гэдэг үндэслэлээр Эрүүгийн хэрэгт хариуцагчаар татан шалгах нь зүйтэй юм.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (6)