өдөр
шөнө
×

Б.Бадамгарав: Надаар бүтэн цаг яриулчихаад зөвхөн сандарч тэвдсэн хэсгийг тасдаад тавьсанд үнэхээр гайхаж байна

Баянзүрх дүүргийн IV хорооны Засаг дарга Б.Бадамгаравын Улстөрч.мн цахим сайтад өгсөн ярилцлага олны анхаарлыг татаад байгаа. Энэ талаар тус хорооны дарга Б.Бадамгаравтай ярилцлаа.


-Та ажлаа хүлээлгээд өгчихсөн юм уу?

-Өчигдөр (дөрөвдүгээр сарын 20-ны өдөр) өгчихсөн. 

-Яагаад таныг ажлаас чөлөөлөв?

-Чөлөөлөөгүй. Шийд нь арай гараагүй байгаа. Би өөрөө ёс зүйгүй үйлдэл хийсэндээ гэмшиж, халагдах өргөдлөө өгсөн.

-Тухайн сайт ёс зүйтэй байсан юм уу?

-Би төрийн ажлыг анх удаа хийж үзлээ. Хороон даргын ажлыг хийгээд нэг жил л болж байна. Анх удаа ярилцлага авъя гээд ороод ирэхээр нь үнэхээр сандарсан. “Сандраад байна” гэж үнэнээ хэлээд камераа унтрааж байгаач, яриагаа жаахан цэгцлээд сандралаа дараадахъя гэж гуйсан. Нийгмийн халамжийн дарга, мэргэжилтэнтэйгээ хамтдаа цэгцтэй мэдээлэл өгье гэж хэлсэн. Зураглаач нь камераа унтраачихлаа л гэсэн. Би камераа унтраасан гэж бодоод л хамаагүй ярьсан. Хамаагүй ч юу байх вэ. Бид гурав нэг цаг гаруй ярьж суусан. Би болохгүй бол маргааш хүрээд ирээч. Баримт юмаа цэгцлээд цэгцтэй яриа өгье, гэтэл маргааш өөр ажилтай, одоо л авна гэхээр нь эгч нь бензин тосных нь мөнгийг өгье зардал чирэгдэл гарч байгаа юм чинь.

Тэгээд нэгмөсөн маргааш мэдээллээ авч болох уу гэхэд одоо л авна гээд бүтэн цаг ярьж суусан шүү дээ, уг нь. Тухайн сэтгүүлчтэй Анужин охины талаар бүгдээрээ сарын дараа 20 минутын нэвтрүүлэг бэлдье. Энэ нэвтрүүлэг дээрээ хийсэн ажлуудаа эхнээс нь цэгцтэй ярья гэж хэлсэн юм. Гэтэл 100 мянган төгрөг дээр фокуслаж, авлига авч, хулгай хийсэн хүн шиг бичиж нийтэлсэн нь үнэхээр аймшигтай санагдаж байна. Би чинээндээ тулсан баян цатгаландаа мөнгө өгье гээгүй. Адилхан ажил хийж ар гэрээ авч яваа хүмүүс. Зардал мөнгө гаргаж байгаа учраас түүнийг нь нөхөж өгье гэдэг утгаар л хэлсэн. Гэтэл авлига өгөх гэлээ ухааны юм бичиж нийгэмд ойлгуулсанд, тэрхүү нийтлэлийн доор нь бичсэн сэтгэгдлүүдэд үнэхээр цочирдсон. 

-Яагаад тэр хэсгийг тасалж аваад нийгмийн сүлжээгээр цацаж байгаа юм бол оо?

-Би тэр үед үнэхээр камер нь унтарсан гэж бодсон. Түүнчлэн авах ёстой мэдээллийг нь дахиад би бүтэн цаг ярьж суусан шүү дээ. Гэвч зөвхөн сандарч, тэвдсэн хэсгийг тасдаад тавьсанд үнэхээр гайхаж байна. Би уг нь хэрэг хийгээгүй, хүн алсангүй, ажлаа л хийгээд сууж байсан.

-Тэр бичлэгнээс болж та ажлаа өгөв үү?

-Тийм ээ. Анужин гэж бүтэн өнчин охин манай хороонд байдаг. Ээж, аав хоёр нь ковидын улмаас 14 хоногийн зайтай нас барчихсан. Хоёр дүүтэй, өөрөө гурван сартай нэг хүүхэдтэй.

-Ах дүү, хамаатан садан нь байдаг юм болов уу?

-Эмээ, ээжийнхээ дүү нартай нэг хашаанд амьдардаг. Тэр хэд нь чадахаараа тус болдог. Би ч гэсэн хороон дарга хүнийхээ хувьд байнга холбоотой байж, Цагаан сар, шинэ жил гээд баяр болгоноор бэлэг бэлдэж, дээлийг нь өөрийн хувийн мөнгөөрөө авч өгдөг байсан. Манай хороонд байдаг аж ахуйн нэгж, тусламжийн байгууллагуудаас тусламж хүсч, хэрэгцээтэй бүхий л зүйлд нь чадах чинээгээрээ тусалдаг. Заримдаа түлээ нүүрсгүй байна гэхэд нь өөрөө гүйж очоод авч өгнө, хүүхдэд нь живх, сүү гээд өөрөөсөө ч илүүчлээд энэ хэдийгээ сайн хүн болгочих юмсан гээд өвөлжин маш их хичээж ажилласан. 

-Хороо хэдэн төгрөгний төсөвтэй байдаг юм бэ. Тэр мөнгөнөөсөө илүү зардал гарвал эмзэг бүлгийн айлууддаа тусалж болдог уу?

-Хороонд төсөв гэж байдаггүй. Бид цалингаасаа, дүүргээсээ авдаг. 

-Анужин хэдэн настай вэ?

-19 настай. 

-Та түрүүн тухайн охиныг хүүхэдтэй гэсэн, нөхөр нь хамт байдаг юм болов уу?

-Байдаг. Ажил хийдэг залуу бий. Сайн залуу. Тэгээд л тус болох гэж их хичээдэг юм. 

-Танай хороо хэдэн хүн амтай вэ?

-23 мянган хүн амтай. Анужинтай адилхан асуудалтай хэдэн мянган хүн манай хороонд амьдардаг. Тэр бүгдэд би яг л Анужинд ханддаг шигээ аль болох тус болох гэж хичээдэг. Манай хорооны хүмүүс бүгд мэднэ ээ, намайг яаж ажлаа хийж байсныг. 

-19 настай гэхээр ид сурч боловсрох нас байна шүү дээ?

-Тийм шүү. Тэгээд би Анужинд миний дүү залуу байна. Одоохондоо дахиж битгий төрөөрэй. Чи сурч боловсорч, боловсролтой болж байж дүү нараа өсгөнө. Хүүхдээ хүмүүжүүлнэ шүү дээ гээд өөрөө эмнэлэг дагуулж явж спираль тавиулж өгсөн. Тэгээд хуучин Зохиомж дээд сургууль буюу Соёл боловсролын дээд сургуулийн захиралтай уулзаад хорооныхоо гурван иргэнийг сургахаар болсны нэг нь Анужин. Том эгчийг нь сургуульд оруулаад бага дүүг нь цэцэрлэгт оруулж, олон хүүхдийн дунд хувцас хунар нь гологдох вий гээд тусламжийн байгууллагуудаас хувцас гуйж авч өгсөн. Зарим үед би өөрөө ч авч өгнө. Ингэж л ажиллаж харж хандаж байсан.

-Тэдний амьдарч буй газар нь өөрийнх нэр дээр байдаг уу?

-Тэр газар нь Анужингийн ээжийнх нь дүүгийн нэр дээр байдаг. Би Анужингийн нэр дээр газар олгуулахаар кадастрын зургийг нь гаргуулаад бичиг баримтыг нь хөөцөлдөж байсан. 

-Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ?

-Би 2-4 насны хоёр хүүхэдтэй. Өрх толгойлсон эмэгтэй. 74 настай ээжтэйгээ амьдардаг. Тэр бичлэгээс болж би ээж, хоёр хүүхдийнхээ царайг харахаас ч ичиж байна. Олон жил харилцаагүй ангийнхан, найз нөхөд маань 20 жилийн дараа тэр бичлэгийг явуулаад “Энэ чи мөн үү” гэж асууж байна. Тэрхүү бичлэгийн доор нь бичсэн сэтгэгдлүүд зүгээр л намайг “хутгалж” байна. Би буруу зүйл хийгээгүй шүү дээ. Яагаад намайг ийм байдалд оруулж байгаа юм бэ. Үнэхээр аймшигтай санагдаж, гэрээсээ гарахаас ч айж байна. 

-Одоо та ямар ажил хийх вэ?

-Надад тийм зүйл бодогдохгүй байна. Хүмүүс тэр бичлэгийг дахиж битгий шэйр хийгээсэй. Мартаасай. Намайг дахиж юу гэж хараах бол гэдгээс үнэхээр айж байна. Би буруу хэрэг хийсэн бол хамаа алга, хэргээ хүлээгээд явна. Гэтэл битгий камерт бичээрэй би бэлдэж байгаад цэгцтэй ярья гэсний төлөө яагаад намайг ийм байдалд хүргэж байгааг үнэхээр гайхаад ч барахгүй байна. 

-Та тэгээд ажил хийхгүйгээр хоёр хүүхэд, ээжийгээ яаж авч явах юм бэ?

-Одоо түүнийг бодож байх тэнхэл үнэхээр алга, би үнэхээр сэтгэл санааны хүнд дарамтад байна. 

-Та тухайн сайтын эсрэг гомдол гаргах уу?

-Үгүй ээ. Нэгэнт болоод өнгөрсөн. Би тэдэнд гомдлоо гээд яах юм бэ. Сэтгүүлч, зураглаач хоёрт би гомдохгүй ээ. Бас л над шиг амьдралаа авч явах гэж ядаж байгаа хоёр хүн ажилгүй болно шүү дээ. Үүгээр дуусаг. Харин хэвлэл мэдээлэл, сайтууд, сэтгүүлчид мэргэжлийн ёс зүйгээ баримталж ажиллаасай гэж л хүсч байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top