Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан нийтийн албан тушаал хашиж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлж түүнтэй өндөр дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж 1,175,372 фунт стерлинг буюу 4,347,312,050 төгрөгийн хахуулийг өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдийн Британийн Виржиний аралд үүсгэн байгуулсан буюу оффшор компанийн Бүгд Найрамдах Латви улс дахь банкны данснуудаар авсан асуудлыг шүүхээр шийдвэрлэжээ.
Энэхүү гэмт хэргийг үйлдэж олсон мөнгөн орлого буюу 4,347,312,050 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор мөн өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотын төвд байрлах 110 м.кв талбай бүхий 4 өрөө байр худалдан авч, мөнгө угаасан байсныг Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж ”Asset recovery” буюу хулгайлагдсан хөрөнгийг улсад эргүүлэн авчирсан байна.
Энэ гэмт хэргийг илрүүлэхэд мөрдөх байгууллагын мөрдөгчид Бүгд Найрамдах Латви Улc, Британийн Виржиний Арлууд улс руу “Mutual legal assistance” буюу эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлт илгээн хэрэгт ач холбогдолтой мэдээлэл гаргуулан авах, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах, нэгжлэг хийх, бодит хохирлыг тогтоохоор үнэлгээ хийлгэх зэрэг мэргэжлийн ур чадвар, цаг хугацаа шаардсан ажиллагаануудыг явуулж, хэргийн холбогдогчийн гэмт үйлдлийг хөдөлшгүй нотлох баримтуудаар нотолжээ.
Хэргийн холбогдогчоос мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа эхэлмэгц шууд мэдүүлэг аваагүй харин холбогдох мөрдөн шалгах ажиллагаанууд явуулсны дараагаар түүнээс нотлох баримтад тулгуурлан мэдүүлэг авахад тэрээр үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын явцад улсад учруулсан хохирол болох 1,175,372 фунт стерлинг буюу 4,347,312,050 төгрөгийн үнэ бүхий Лондон дахь үл хөдлөх хөрөнгөө эргүүлэн өгсөн байна.