өдөр
шөнө
×

Ц.Баатарбилэгийн "НВЦ" ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлээсээ Хас банкнаас авсан 1,8 тэрбум төгрөгийн зээлээ төлжээ

Ц.Баатарбилэгийн удирддаг "НВЦ" ХХК 2017 оны наймдугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын нутагт шувууны аж ахуйн үйлдвэрлэлийн цогц төсөл хэрэгжүүлэх нэрийн дор Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл авсан байдаг. Өдгөө тус компанийн Хөгжлийн банканд төлөх нийт үлдэгдэл 74 тэрбум төгрөгт хүрч, муу зээлийн ангилалд ороод байгаа ажээ.

Тэгвэл Ц.Баатабилэг нь дээрх зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй, урьд нь авсан зээл, түүний хүүгийн төлбөрт шамшигдуулсан гэх мэдээлэл цацагдлаа. Тодруулбал, Ц.Баатарбилэг нь гадаадын болон дотоодын арилжааны банкуудаас их хэмжээний зээл авсныгаа Хөгжлийн банкнаас авсан мөнгөөрөө төлсөн байна.

Энэ талаар сэтгүүлч Б.Отгон “Өндөг, махны чиглэлийн “НВЦ” компани Хөгжлийн банкнаас 2017 онд 21.000.000 $-ийн зээл авсан ч зээлээ төлөөгүй, хугацаа хэтэрч, чанаргүй зээлийн ангилалд оржээ. Одоогоор Хөгжлийн банкинд үүссэн өр нь 74 орчим тэрбум төгрөг болоод байна. Үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтад зарцуулна гэж авсан Хөгжлийн банкны зээлээр Германы KFW банкны 5.7 сая еврогийн зээл, Bio Belguim development банкны 5,4 сая долларын зээлийг хаасан гэх асуудал яригдаж байна. Энэ дотор дотоодын арилжааны банкнуудаас авсан зээл ч бий” гэдэг мэдээллийг ил болгожээ.

Тэгвэл эх сурвалжийн зүгээс “Ц.Баатарбилэгийн НВЦ ХХК нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан “Хас банк”-аас зээл авч, зээлийн төлөлтөө хийлгүй удаан хугацаанд явсны улмаас зээлийн чанар нь муудаж хүнд байдалд ороод байсан. Энэ байдлын улмаас НВЦ компани Хөгжлийн банкнаас авсан зээлээсээ Хас банкны чанаргүй зээл болох 1,8 тэрбум орчим төгрөгийг төлж, хувийн арилжааны банкийг хохиролгүй болгосон. Уг асуудал өдгөө АТГ дээр шалгагдаж байгаа” гэдэг мэдээллийг өглөө.

Мөн өөр нэг ноцтой зүйл байгаа нь Хөгжлийн банк НВЦ ХХК-д 21 сая ам.долларын зээл олгох асуудалд тухайн үеийн Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагууд болох Б.Чойжилжалбуу, Ч.Мөнхбаяр, Г.Дөлгөөн нарын албан тушаалтнууд нөлөөлсөн байж болзошгүй гэдэг мэдээлэл юм.

Хуулийн байгууллага Б.Чойжилжалбуу, Ч.Мөнхбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хориод байгаа бол Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг яллагдагчаар татан шалгаж байгаа ажээ.

Үргэлжлэл бий...

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.141.93)
    Чадахгүй байж яах гэж зээл авдаг юм бэ Даахгүй нохой булуу хураана гэж үнэн юм шүү
    2022 оны 04 сарын 04 | Хариулах
Top