МАН “эзэн” суусан найман дүүргийн Тамгын газрын дарга нар төсвийн мөнгөөр Дубайд аялсан гэх мэдээлэл цахим орчинд багагүй шуугиан дэгдээгээд байна. Тодруулбал, дүүргийн дарга нар тушаал гаргаж Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод долоо хоногийн туршлага судлах аялал нэрийдлээр албан хаагчдаа зугаалуулах шийдвэр гаргасан байна. Үүнд, өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа огцорсон БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатарын гарын үсэг бүхий албан бичигт байгаа нэрс олныг гайхшруулж эхэллээ. Учир нь тус дүүргийн Тамгын газрын даргыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын ойрын хүн гэдэг бол тус бичигт нэр нь цохогдсон Ш.Мөнгөнтуяа гэгч нь мөн л Ж.Ганбаатартай хамаарал бүхий, бүр түүний туслахаар олон жил ажилласан хүн аж.
Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар ийн Ж.Ганбаатарын “дарга”-ынхаа хамаарал бүхий, ойрын хүмүүсийг нь аялалд явуулсан нь энэ.
Бид энэ асуудлаар Ш.Мөнгөнтуяатай холбогдож тодруулга мэдээлэл авахыг хүссэн ч тэрбээр уг асуудлаар ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй хэмээн эрс татгалзсан юм. Түүний хувьд Ж.Ганбаатарын туслахаас гадна, Баянгол дүүргийн 7 дугаар хорооноос ИТХ-д нэр дэвшиж байжээ.
Энэ мэтээс харахад С.Эрдэнэ вангийн эзэгнэлийг “Оргил”-ын Ж.Ганбаатар халж, гарынхаа хүмүүсээр Баянгол дүүргийг дүүргээд байна гэх мэдээлэл үнэний ортой санж.
Ямартаа ч уг асуудлаар бид эргэн мэдээлнэ.
Эх сурвалж: grandnews.mn