“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуунд Эрүүгийн цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тодруулбал, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулж "Багануур" ХК-ийн захирал Э.Номинчулууны албан өрөөнд нэгжлэн хийн санхүүгийн бичиг баримтуудыг хурааж авчээ. Улмаар 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн цагдаагийн газар Э.Номинчулуунаас мэдүүлэг тайлбар аван шалгалтын ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн байна.
Түүнээс энэ талаар тодруулахад, "Мөрдөн байцаалт явагдаж байгаа учраас би хариулт өгөх боломжгүй” гэлээ.
Хуулийн байгууллага Э.Номинчулууныг “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” нэртэй компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн. Улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр буруутган шалгаж байгаа юм байна.
“Тавинлан” ХХК-ийн тухайд 2019 онд “Багануур” ХК-иас зарласан “Ус шүүрүүлэх станцыг нүүлгэж шинээр барих” тендерт 5.9 тэрбум төгрөгийн үнийн санал өгөн шалгарсан байдаг тухай мэдээлэл www.tender.gov.mn цахим хуудсанд бичигджээ.
Тус компани нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Алтаргана” нэртэй хотхоныг барьж ашиглалтад оруулсан байдаг аж. Улмаар компанийн удирдлагууд “”Багануур” ХК-иас зарласан дээрх тендерт ялалт байгуулсныхаа дараа хотхоныхоо байрнаас Э.Номинчулуунд зах зээлийн үнэлгээ нь 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд өгсөн байж болзошгүй байгаа аж.
Э.Номинчулууны тухайд тухайн орон сууцыг нэр дээрээ шилжүүлэлгүйгээр саяхныг хүртэл амьдарч байсан гэдэг мэдээлэл байгаа юм. Чухам энэ үйлдэлд нь Э.Номинчулуунд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бололтой.
“Тавинлан” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Х.Цогнойжамц, хувьцаа эзэмшигчээр нь түүний эхнэр Ц.Оюунчимэг нар бүртгэгдсэн байдаг юм байна.
Сэтгэгдэл (3)