Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх архидалтын эсрэг айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, төр засаг, ард түмнээрээ нэгдэн тэмцэхийг уриалсан нь саяхан. Тэрбээр улс үндэстнийхээ аюулгүй байдал, монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх цаг болсныг ч зарласан.
Төрийн тэргүүний энэ санаачилгыг зарим нь “архитай тэмцээд ялсан орон байдаггүй, хий хоосон уриа лоозон” гэх зэргээр бичиж байгаа ч дэмжих тал нь илүү жин дарж байх шиг.
Архидалт үнэхээр монгол хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хэмжээнд очсон эсэхийг лавшруулах үүднээс статистик тоо баримт сөхлөө.
Дэлхий дахинд 107 сая орчим хүн архины хамаарал бүхий эмгэгтэй байгаагийн 70 хувь буюу 75 сая нь эрэгтэй, 32 сая нь эмэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд 1 жилд 2.8- 3 сая, өөрөөр хэлбэл, нэг минутад зургаан хүн нас бардаг гэнэ.
Тэгвэл Монгол Улсад байдал ямар байна вэ? Дэлхийн хүн амын эрүүл мэндийн ачаалалыг (GBD) тооцдог Эрүүл мэндийн хэмжилт, үнэлгээний хүрээлэнгийн (IHME) тооцооллоор хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван эрсдэлт хүчин зүйлд цусны даралт ихсэх, зохисгүй хооллолт, тамхи, архины хэрэглээ, илүүдэл жин- таргалалт орсон байна.
Бид өнгөрсөн хоёр жилд аюулт Ковид-19 цар тахлаар 2,100 иргэнээ алдсан. Тэгвэл архидалтын шууд болон шууд бус шалтгааны улмаас ганцхан жилд 4,500 орчим хүн нас баржээ. Өөрөөр хэлбэл өдөрт 12 хүн амиа алдаж байна гэсэн үг. Дахин нэг тоо байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2020 оны мэдээллээс үзвэл жилд 145,497 осол гэмтэл бүртгэгдсэний 15,762 буюу 11 орчим хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой байж.
Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй хавдар, элэгний эмгэгийг авч үзэхэд архины нөлөөт элэгний цирроз, архаг эмгэг 29.3, архины шалтгаант элэгний хавдар 34.2 хувийг эзэлж байна. Энэ нь дэлхийн дунджаас 28 дахин их буюу монгол хүний цаг бусын нас баралт, хөдөлмөрийн чадвар алдах гол шалтгаан гэсэн үг.
Жилд 80-86 мянган хүн эрүүлжүүлэхэд “зочилж” байгаагийн 92.5 хувь эрэгтэй. Насаар нь авч үзвэл талаас илүү нь 25-39 насныхан байна.
Монголчууд бид цөөхүүлхнээ. Зөвхөн архидалттай холбоотойгоор жилдээ 4,500 орчим хүнээ цаг бусаар алдсаар байх уу гэдгийг бодох л ёстой. Дээр дурдсан хэдхэн тоо л архидалтын эсрэг дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг тэмцэх цаг болсныг харуулж байна.
Мэдээж иргэдээ ажилтай орлоготой байлгах, архи, согтууруулах ундааны зөв хэрэглээтэй болгох, аажмаар аль болох багасгах, соён гэгээрүүлэх, халамжийг хүртэх ёстой хүмүүст нь хүргэх гээд төр засгийн хийх ажил ар араасаа ундарч таарна.
Үүнээс өмнө Төрийн тэргүүний хэлсэнчлэн хань ижлээ, хайртай хүмүүсээ, үр хүүхдээ, гэр бүлээ, эх, эцгээ, эх орноо гэсэн чинхүү сэтгэл танд байдаг бол хатуу бор сархдаас татгалзъя.