Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү "Гранд лайн" ХХК-ийн захирал Б.Чулуудай, ТОСК-ын захирал асан А.Гантулга, "Бэрэн групп" ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж дууслаа.
Анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлд дөрөв, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жилийн биеэр эдлэх хорих ял оноож, Б.Чулуудай нарын таван хүнд торгох ял оноожээ. Тухайлбал, Б.Чулуудайг 15 сая, Ю.Алтангэрэлийг 2.7 сая, Д.Жаргалсайханыг 9.7 сая, Т.Гэрэлт-Одыг 7 сая төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэжээ.
Харин "Бэрэн" группийн ерөнхий захирал Б.Мөнхтөрд оноосон ялыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хэргийн талаар эргэн сануулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж АТГ-аас үзсэн юм.