УИХ-ын гишүүн асан, "Нарантуул" захын эзэн Ш.Сайхансамбуу "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Үнэн ба зөв" намыг үүсгэн байгуулж, санхүүжүүлсэн талаараа ам алджээ. Тэрбээр энэ талаар, “Би тэр нөхөрт намыг нь байгуулж өгөөд л явуулсан. Хэдэн төгрөгөөр санхүүжүүлсэн тухайд тооцоо гаргаж, тогтоогоогүй. Нам байгуулахад тодорхой хэмжээний зардал мөнгө орох нь тодорхой л доо. Тэр улстөрч болох хүүхэд биш байна лээ. Зүгээр ганцаараа тодрох гэж оролдсон тийм л хүн юм билээ. Бид хоёрт ямар нэгэн хамаарал байхгүй. Анх зурагтаар гараад байдаг хүүхэд ирж уулзаад санхүү мөнгөний дэмжлэг хүссэн. Сонгуульд ялагдчихаад сэтгэлээр уначих шиг боллоо. Улс төр хийнэ гэдэг асар их тэвчээр, сэтгэл зүйн бэлтгэл шүү дээ” хэмээн ярьжээ.
"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатарын тухайд намын санхүүжилттэй холбоотой асуудлаар талаар 2019 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Ш.Сайхансамбуу гуай манай намын удирдах зөвлөлд байдаг. Энэ намаа үүсгэн байгуулахад бид хамтарсан. Бид тэр хүнээс дэмжлэгээ авчихсан. Юу гэхээр “Намын өдөр тутмын үйл ажиллагаанд зардал гарна. Тэр болгоныг танаас аваад байж болохгүй. Тэгэхээр та надад Нарантуул дээр гутлын арван лангуу гаргаад өгчих. Тэнд би бизнесээ хийе. Тэгээд тэндээсээ өөрсдийнхөө биеийг даагаад явъя” гэж хэлсэн. Одоо миний арван лангуу Нарантуул дээр байгаа. Сонирхсон хүн очиж болно. Нарантуулын оффисын хашаа дагасан шинэ арван лангуу байгаа. Тэнд би гутал зардаг" гэдэг зүйлийг ярьж байжээ.
Сэтгэгдэл (2)